Олон Улсын телевизийн төлөөллүүд өнөөдөр чуулна
Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ болж байна. Үүний нэг нь өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд болох “Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум юм. 09:00 цагаас "Корпорейт" зочид буудалд эхлэх тус олон улсын хуралд гадна, дотны 200 гаруй төлөөлөгч уригдсан байна.
Тодруулбал, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд, дэлхий дахинд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлийн жишгийг бий болгосон Английн BBC, Германы DW, Японы NHK болон БНХАУ, ОХУ, Украйн, Туркийн радио телевиз, түүнчлэн Ази, Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны төлөөлөл уригдан оролцоно.
Форумд DW, BBC, MNB илтгэл тавина. Хагас өдрийн турш үргэлжлэх олон улсын хурлаар телевизийн салбарын цаашдын хөгжил, тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг хэлэлцэх юм.