Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол, Хятадын экспо“-г 2019 онд Монголд зохион байгуулна

2017 оны 10 сарын 02

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017 есдүгээр сарын 26-аас аравдугаар сарын 02-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ төв Хөх хотод “БНХАУ-Монгол-ОХУ”-ын эдийн засгийн коридорыг байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье гэсэн сэдвийн дор зохион байгуулагдсан юм. Энэ хүрээнд хоёр талт уулзалт, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, мега-төслүүдийн танилцуулга, үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спортын арга хэмжээ болж өндөрлөв.

ӨМӨЗО нь БНХАУ-ыг умардад нээх цонх гэж үздэг юм байна. Тус орон нь Бээжин, Тяньжин, Хэбэй, Бөхай тэнгисийн эргэн тойрны бүс нутагтай ойр байрлалтай бөгөөд Төв Ази, Орос болон Монголын эдийн засгийн коридортой холбогдож, дөрвөн зүг, найман зовхист нэвтрэх босоо тэнхлэгийн зам харилцааны сүлжээтэй гэдгээрээ газар зүйн байршлын хувьд давуу талтай ажээ. Иймээс энэ орон “БНХАУ-Монгол-ОХУ” эдийн засгийн коридорыг байгуулах, гурван улсын хамтын ажиллагааны гүүр, яриа хэлэлцээний индэр болохыг зорьж байгаа юм.

Энэ ч үүднээс хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа 'Монгол-Хятадын ЭКСПО-2017' арга хэмжээнд ОХУ зочин улсаар оролцлоо. Тус улсын Красноярск мужийн төлөөлөгчид нэгдсэн хуралдааны үеэр хэтийн зорилтоо танилцуулсан билээ. Красноярск муж нь манай улсад улаан буудай экспортлодог гэдгээрээ алдартай. Тэд энэ жилээс эхлэн БНХАУ-д улаан буудайгаа экспортлож эхэлсэн ажээ. Мөн аж үйлдвэр, сансар судлал хөгжсөн муж юм байна. Цаашид тус муж олон улсын ложистикийн төв болох томоохон амбицтай байгаагаа илэрхийлсэн юм. 

'Монгол-Хятадын ЭКСПО-2017' арга хэмжээнд нийт 30 гаруй улсын төлөөлөгч, аж ахуй нэгжүүд оролцсон нь хоёр улсын харилцаанаас гадна бүс нутгийн хамтын ажиллагааны индэр болсон хэрэг байв. Үүний зэрэгцээ, БНХАУ-Монгол-ОХУ-ын худалдааны төв нээлтээ хийсэн ажээ. 

Энэ удаагийн арга хэмжээнд манай улсын 390 гаруй аж ахуй нэгж, 1600 гаруй бизнес эрхлэгчид оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны эхний гурван өдрийн байдлаар бизнес эрхлэгчид 1.6 сая юанийн орлого олов. Гэхдээ бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас илүүтэй хамтран ажиллах түншээ олох нь чухал гэдгийг аж ахуй нэгжүүд онцолсон юм. Үүний нэг тод жишээ бол ТЭСО компани БНХАУ-ын Юхэйнхан компанитай нэг тэрбум төгрөгийн буюу гурван тонн чацарганы үрийн тос нийлүүлэх гэрээг байгуулсан явдал байв.  Нөгөөтэйгүүр, энэ арга хэмжээнд танилцуулагдах ёстой байсан манай улсын хүнсний бүтээгдэхүүн Эрээн хотын хилээр нэвтрүүлээгүй асуудал үүссэн. Энэ асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн ӨМӨЗО-д ирсэн даруйтай хоёр талт уулзалт хийж, асуудлыг шийдвэрлэж, хилээр нэвтрүүлсэн ч бүтээгдэхүүн муудсан байсан учир ихэнхийг нь устгалд оруулжээ. Улмаар мах, сүүний 30 гаруй аж ахуй нэгж 78 мянган ам.долларын хохирол учирсан гэв. 



ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАР
 

 

 

 

БНХАУ бол манай улсын 13 жилийн түүхэн дэхь худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш улс. 2017 оны наймдугаар сарын байдлаар хоёр талын гадаад худалдаа 4.4 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт гадаад худалдааны эргэлтийн 64.4 хувийг эзлэв. Мөн БНХАУ-ын зүгээс 1990-2015 оны хооронд 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 27.2 хувийг эзэлж, 112 улсаас хоёрт бичигдэж байна. 

Манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 13 мянга 699 аж ахуй нэгж байгаагаас 6640 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж бүрдүүлж байгаа ажээ.  2015 онд зохион байгуулагдсан 'Монгол-Хятадын анхдугаар ЭКСПО-2015' арга хэмжээний үеэр 44 хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурагдснаас 15 нь Монгол-Хятадын хооронд хийгдсэн гэрээ, санамж бичиг байв. 

Харин энэ удаагийн ЭКСПО-2017-ны үеэр Барилга, Уул уурхай, Зам тээвэр зэрэг бүх салбарыг хамарсан нийт 28 мега төслийг танилцуулсан юм. Энэ үеэр Хятад-Монголын санхүүгийн хамтын ажиллагааны холбоо хооронд, эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүд,  'Оорцог толгой' барилга, эрчим хүч, металлургийн өндөр идэвхижил бүхий шохойн чулуу боловсруулах үйлдвэрийн төсөл болон Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар ӨМӨЗО-ны хөгжил, шинэчлэлийн хороотой хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурав. 

Монгол-Хятадын ЭКСПО-2017 арга хэмжээний хүрээнд БНХАУ-Монгол-ОХУ-ын дээд хэмжээний нэгдсэн чуулган болсон. Тус чуулганы үеэр талууд Монгол-Хятадын худалдаа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбумд хүрэх боломжтой гэдгийг онцолсон билээ. 



УУЛ УУРХАЙН САЛБАР 

 

 

 

 

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, экспортын нийт бүтээгдэхүүний 18 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын 86 хувийг уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспорт эзэлж буй бөгөөд үүний 97.5 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдений баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.

2016 онд нийт олборлосон чулуун нүүрсний 98.5 хувь, молибдений баяжмалын 97.2 хувь, хайлуур жоншны 30.8 хувь, төмрийн хүдрийн 96 хувь, зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна. Нийт экспортын 79 хувь, импортын 31 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 

Нүүрсний экспортын хэмжээгээр Монгол Улс Австрали, Канад, АНУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байгааг хурлын үеэр Хятадын талаас мэдэгдсэн юм. 

Манай нүүрсний экспортын 99 хувь нь Хятад улс руу гардаг. Харин Австрали улсын нийт нүүрсний экспортын 60 хувийг урд хөрш импортлож буй аж. Өнгөрсөн онд Хятад улсын импорт 23 хувиар нэмэгдсэн. Ийнхүү нэмэгдэх шалтгаан нь дотоодын уурхайнуудын ажиллах хоногийг 365-276 болгож бууруулсантай холбоотойг хятадын мэргэжилтнүүд ярив.

Түүнчлэн БНХАУ манай улсаас өнгөрөгч онд 24 сая тонн нүүрс худалдан авсан гэв. Харин он гарсаар 15 сая тонн нүүрс авсан дүн мэдээ байна. Улмаар өнгөрсөн жилийн үзүүлэлтээс нүүрсний импорт буурахгүй гэдгийг Хятадын талаас мэдээлсэн юм. Уул уурхайн салбарын хувьд цаашид бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, салбарын судалгааг оновчтой болгох нь чухал гэдгийг хоёр орны төлөөлөгчид онцолж байв. Харин тээвэрлэлтийн асуудалд  нүүрсний тээвэрлэлтийн гол цэг болох Ганц модны боомтын үйл ажиллагааг хэвийн авч явах ёстойг бидэнд сануулав. Монгол Улсын нүүрсний чанар хагас зөөлөн, бага хэмжээний үнслэгийн агууламжтай байдаг учраас сайн бүтээгдэхүүнд тооцогддог, энэ хэрээрээ боловсруулалт хийхэд хялбар байдгийг Хятадын нүүрсний салбарынхан тодотголоо.
 



ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 
 

 

 

 

Монгол-Хятадын ЭКСПО-2017 арга хэмжээний хүрээнд хоёр талын хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа томоохон байр суурийг эзлэв. БНХАУ-ын эдийн засаг өсөхийн хэрээр, иргэдийхэн амьжиргааны түвшин дээшилж, улмаар эрүүл мэнддээ анхаарч, эрүүл хүнс хэрэглэхийг илүүд үзэх болсон тухай орон орны бизнес эрхлэгчид онцолж байв. Энэ ч үүднээс тэд ихэвчлэн хүнсний бараа бүтээгдэхүүнийг энэ удаагийн үзэсгэлэнд танилцууллаа. 

Энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн Өвөрмонголын өөртөө засах орны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Чжонг Хөтэй уулзаж экспоны талаар санал солилцлоо. 

ӨМӨЗО нь БНХАУ-ын таван том мал аж ахуйн бүсийн нэг, үр тарианы 13 бүсийн нэг юм. Жилдээ 12.5 сая тонн үр тариа, 500 сая тонн сүү, 100 сая тонн махыг зах зээлд нийлүүлж байна. Мөн мах, сүү, ноос ноолуур, төмсний арвин ургацаараа БНХАУ-д тэргүүлж байна. Цаашид сүү, мах, эрдэнэ шиш, улаан буудай, улаан лооль зэргийг нарийн боловсруулах болон орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, стандартын эко, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хөгжүүлэхийг зорилтоо болгожээ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байгалийн цэвэр гэдгээрээ давуу талтай. Иймээс манай улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлох сонирхол бий гэдгийг Өвөрмонголын тал дуулгасан билээ. 

Харин манай улсын малын тоо толгой өсч, 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 61.5 сая толгой болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар өссөн. Цаашид махны нөөцийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд экспортод 5.6 сая толгой мал буюу нийт 128.5 мянган тонн мах гаргах боломж бүрдэж байна. Иймээс БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах чадавхитай болох, малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай' байгаа талаар Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн онцолсон юм. 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан Монгол-Хятадын ЭКСПО-2017 хүрээнд “Тал нутгийн болзоо” олон улсын нүүдэлчдийн хөгжмийн анхдугаар фестиваль, БНХАУ-Монгол –ОХУ-ын дугуйн спортын тэмцээн, “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуучлалын хөтөлбөрийг танилцуулга, морины аж ахуйн үзэсгэлэн, анагаах ухааны үзэсгэлэн  гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн зэрэг бүхий л салбарыг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдлаж өндөрлөлөө. Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг тус арга хэмжээг 2019 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47615
0 эможи
keyboard_arrow_up