Жуулчны улирал шувтарсан ч ололт хийгээд алдаагаа одоо ярих хэрэгтэй
Дэлхийн эдийн засгийн томоохон мөнгө эргэлдэж байдаг салбар бол яах аргагүй аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалаараа “амьдарч” байгаа улс орон, ард түмэн олон. Шавхагдашгүй баялаг, улс орны нэгж бүрт эн тэнцүү хүрч тараагддаг онцлогтой гээд аялал жуулчлалын давуу тал их.
Жуулчин орж ирэх визийн хураамжаас эхлээд улс орны төсөвт, үүргийн наймаачнаас худалдан авалт авлаа гэхэд энгийн иргэнд тусгал нь очиж байдгаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүчирхэг эдийн засагтай орнууд хүртэл аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, мөнгө олоход ихээхэн анхаарал тавих болов. Олон жилийн туршид Франц аялал жуулчлалын салбараас олдог мөнгөн дүнгээрээ тэргүүлдэг байлаа. Алдарт Эйфелийн цамхаг, Луврын музей, Мульен Руж, Францын загварын шоу гээд дэлхийн хүмүүсийг татах зүйлс олон. Тэгвэл АНУ энэ салбарт анхаарал ихээхэн тавих болсноор жилд 220 тэрбум ам.доллар олж жагсаалтыг тэргүүлэх болжээ. Вашингтон ДС, Нью-Йорк, Сан Франциско, цаашлаад Альяскийн онгон зэлүүд байгалиа үзүүлнэ гээд жаахан хүч тавихад л энэ тоо тэгтэл өсчихөж байна. Найм, есөн жилийн өмнө жилд 134 тэрбумыг олдог байсан Франц 66.8 тэрбум ам.доллараар удаалж, ард нь Франц, Испани, Англи бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд Европод аялж жуулчлах дэлхийн хүмүүсийн сонирхол террорист халдлагууд болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Америк болон Азийн орнууд руу шилжжээ. Манай урд хөрш хятадууд энэ салбарт багагүй анхаарах болсноор аялал жуулчлалаас хамгийн их мөнгө олдог дэлхийн топ таван орны нэг болоод байна. Цагаан хэрэм, Нууц хот, Аватарын зураг авсан үзэсгэлэнт газрыг үзэх гэсэн дэлхийн хүмүүс жилд 56.9 тэрбум ам.долларыг Хятадад үлдээж байна. Гэхдээ хамгийн гол нь үзэх, үзүүлэх газартайдаа гэхээсээ жуулчдад хамгийн ээлтэй, таатай байдал нь тэнд очиж, тэнд саатаж мөнгөө үрэх шалтгаан болдог гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Дэлхий дахинд үүргэвчтэй аялал жуулчлал өргөжиж, насны эцэст тэтгэврийн мөнгөөрөө өндөр үнэтэй жуулчны компанид төлбөр төлж явахаасаа нас залуу байхдаа үүргэвчээ үүрээд аялах хүмүүсийн сонирхол их болсон. Тэгвэл тэр жуулчдыг хүлээн авахад бид бэлэн байна уу.
Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсчээ. Зөвхөн Буянт-Ухаа боомтоор гэхэд 2014 онд 89442 жуулчин орж ирсэн бол бол 2016 онд 100109 болон нэмэгдэж харин энэ жилийн эхний долоон сарын байдлаар 127585 жуулчин орж ирсэн гэсэн үзүүлэлт байна. Өнөө жилийн хувьд аялал жуулчлалын улирал ерөнхийдөө дуусч байна. Гэлээ гээд хийсэн ажлаа дүгнэж, хийх ажлаа ярих цаг хугацаа магадгүй өнөөдөр байж болох юм. Монголыг сонирхох гадныхан үргэлж байдаг. Энэ салбарынхан ч алхам алхмаар хөгжиж, бас ч нэг үеэ бодвол таатай үйлчилгээг үзүүлэх болжээ. Гэхдээ төрийн бодлогоор, дэмнэж санаачилаад хийх ажлууд маш их байна.
Монголчууд гадны улс орнуудад олноороо аялж жуулчилдаг. Онгоцноос газардмагцаа хамгийн түрүүнд газрын зураг олж аваад боломж бололцоогоороо тухайн газартайгаа танилцахаар гардаг. Европод очсон манайхан нэг машин түрээсэлж аваад, хотоос хот улсаас улсын хооронд аялаад ирлээ гэх нь бий. Хаа хүрэх нь, хэдэн км яваад аль хотод очих нь замын тэмдэг тэмдэглэгээгээр тодорхой. Яг манайд ирж байгаа жуулчдын хувьд өөрсдийнхөө оронд тавихаар үнэхээр өрөвдөм санагддаг. Албан ёсны компаниар мэргэжлийн хөтөч дагалдахгүй бол Монголын тал хээрээс хаанаас нь юуг ч олж үзмээр юм бүү мэд. Ядахад хөдөөгийн тэр олон замын учрыг өөрсдөө ч олдоггүй гэж байгаа. Хөдөө байтугай Улаанбаатар хотод ч хаана юу байгаа нь тодорхойгүй зүйлс их байдаг байсан.
Гэхдээ өнөө жилийн хувьд ахиц дэвшил багагүй гарчээ. Хэл аманд ороод асуудал дагуулаад байсан Шөнийн гэрэлт гудамж төсөл монгол ахуй онцлогтой хотын амьдралыг гадныханд харуулахад ихээхэн дэм болсон гэдэг нь жуулчдаас авсан судалгаанаас тодорхой болсон гэж байгаа.
Гадныхны хувьд хотод оройдоо бүх зүйл нь хаагдаад орж гарах газаргүй болчихдог гэсэн гомдол санал гаргадаг байсан жуулчид саатах газартай болсон нь сайн хэрэг. Манай залуус ч ихээхэн сэтгэл хангалуун байсан нь анзаарагдаж байсан.
“Нийслэлийн аялал жуулчлалын газраас хэд хэдэн гарт баригдахаар ажлууд хийсэн нь бидэнд ихээхэн нэмэр болж байгаа. Одоо дахиад тодорхой болгох ажлууд ч байна” гэж аялал жуулчлалын салбарт ажилладаг хэд хэдэн хүн онцолж байсан. Ямартай ч нийслэлд газардсан жуулчин гартаа барих Улаанбаатар хотын газрын зурагтай болжээ. Нугалбал 18см*9см хэмжээтэй, дэлгэхээрээ А3 цаасны хэмжээтэй болдог яг л гадны жишигт нийцсэн газрын зураг аж. Хотын аялал жуулчлалын гол газрууд, Энхтайвны өргөн чөлөө хавийн газруудын зураг, бас Тэрэлжийн бүс нутгийн мэдээллийг бүрэн багтаасан байна. Бас аялал жуулчлалын бүхий л мэдээллийг багтаасан хөтөч номыг гаргасан байна. Соёл урлагийн үзвэр нь юу байх юм, ЭСЯ-д, түргэн тусламж, цагдаа гээд шаардлагатай утасны дугаар, түүхэн дурсгалт газруудын мэдээлэл, автобусны тасалбар хэрхэн авах зөвлөмж, жуулчдад зориулсан хөтөлбөрийг багтаасан хөтөч ном жуулчдад хэчнээн чухал билээ. Уг нь аялал жуулчлалаа хөгжүүлэх тухай ярьдаг улс оронд байх ёстой зүйл ч манайд олон жил хаягдаж ирсэн энгийн зүйлс эхнээсээ бий болж байгаа нь сайн хэрэг.
Мөн хотын гудамжинд хаашаа явбал хаана хүрэхийг сануулсан тэмдэг тэмдэглэгээнүүд монгол, англи хэлээр бичээд босгочихсныг зарим хүн анзаараагүй байж болох юм. Явах газраа сайн мэддэг хүмүүсийн хувьд анзаарагдах зүйл биш л дээ. Гэхдээ манай хотод анх удаа ирж буй жуулчдад тун чухал.Гадны оронд очоод бидний хамгийн түрүүнд хайдаг самбар бол тэр л байдаг болохоор ийм замчтай болсонд олзуурхаад байгаа юм. Уг нь энэ бүхнийг хийчихэд тийм ч төсөв, хөрөнгө ордог, шийдэхэд хэцүү зүйл биш л дээ. Гэхдээ яагаад ч юм аялал жуулчлалыг хөгжүүлж мөнгө олно гэж 20 гаруй жил тунхаглаад ирсэн мөртлөө манайхан хийчихдэггүй л байсан зүйл. Ер нь аливааг хийхэд их хөрөнгө гэхээсээ сэтгэл, хандлагын ялгаа л гараад ирэхэд ихээхэн өөр болдог. Бид гадны оронд аялж байхдаа иргэдээсээ өөр төлбөр, гадных гээд биднээс өөр төлбөр авбал ямар их эгдүүцэх бол. Гэтэл ичмээр ч манайхан гадныханд тэгж л ханддаг. Байгалийн цогцолбор газар руу нэвтрэхэд авдаг хураамж нь өөр. Жуулчдын фургоныг анаж ирээд зогсоож хүн тус бүрээс 3000 төгрөгийн хураамж авдаг. Ганданд хүссэн хүн нь орж гараад явдаг ч гадныхан мөнгө төлөх ёстой. Жанрайсэг рүү ороход зураг авбал 7000 төгрөг нэхдэг. Тэгсэн атлаа хажууд нь монголчууд ямар ч хураамжгүй зураг дараад байхаар нөгөө хэд нь гайхсандаа асуудаг гэж байгаа. Хөөрхий хөтөч хэлэх тайлбараа олохгүй. Музейд гэхэд дотоодын иргэн, гадаадын жуулчдын үзэх төлбөр тэнгэр газар шиг зөрүүтэй. Аялал жуулчлалын салбараа үнэхээр л хөгжүүлэх гэж байгаа бол бид энд тэнд очихдоо яадаг билээ, бидэнд яаж хандвал хэрхэх бол гээд бодчихмоор юм билээ.
Аялагчид аль ч орноос буцахдаа татварын буцаалтаа авдаг. Их бага авах нь хамаагүй, нисэх онгоцны буудал дээр дугаарлаж зогсч байгаад татварын буцаалтаа авдаг нь жуулчлах үйл явцын нэг хэсэг нь болж байдаг. Нөгөө талаасаа татварын буцаалттай улсад худалдан авалт ихэсч үлдэх валютын хэмжээ бүр ч илүү байдаг гэж үздэг. Харин манайх бусдаас ихээхэн өөр болохоороо өгдөггүй.Өөрсдөө бол сүүлийн жилүүдэд НӨАТ-ын татварын буцаалтаа авчихдаг болсон. Харин гадныхандаа ялгамжтай хандсан хэвээр. Гэхдээ хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ байдлыг өөрчлөхөөр саналаа хүргүүлсэн нь УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа юм билээ. Энэ бол аялал жуулчлалаа хөгжүүлж, эндээсээ мөнгө босгох гэж байгаа ямар ч улсад нэн түрүүнд шийдэх ёстой асуудал.
Юутай ч энгийн мэт боловч хамгийн эхэнд шийдэх ёстой олон асуудлууд хэзээ ч хөндөгддөггүй байсан бол одоо бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Үүнд талархмаар байна. Бас шийдмээр асуудлууд зөндөө байгааг сануулмаар байна. Саяхан нэг жуулчин Чингис хаан нисэх онгоцны буудлаас хот руу таксигаар хүргүүлэхдээ 100 мянган төгрөг төлсөн тухай пост сошиал орчинд их тархсан. Ер нь такси үйлчилгээ аялал жуулчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Аюулгүй байдал, албан ёсны байх, хүссэн үнээ зохиож хэлдэггүй итгэлцэл гээд чухал зүйлс их. Гэтэл манайд захын жолооч хүссэн үнээ нэхдэг. Энэ нь эргээд Улаанбаатарыг, Монголыг тун ч ойлгомжгүй газруудын тоонд оруулж байдгийг сануулах нь илүүц биз ээ. Бас үзвэр үйлчилгээний газрууд тэр дундаа музей, зарим үйлчилгээний газрууд амралтын өдрөөр зэрэгцээд амарчихдаг тогтолцоог халмаар байна. Жуулчны улирал буцаж байгаа мэт боловч чухам одоо бид юуг хийж амжуулав, юуг хийх шаардлагатай байгаагаа ярилцаж төлөвлөх нь чухал болов уу. Цаана чинь дэлхий тэр чигээрээ хавтгай болж, тэр энэ гэлтгүй хүмүүс аялж жуулчилж байна. Аялал жуулчлалын салбараас мөнгө босгоно гэж бодож байгаа бол энэ эрчээ алдахгүй, шат дараалсан хийх ажлууд их байна шүү.
Э.ЭНЭРЭЛ