Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

72 цагийн “эмчилгээ”

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

“Аз хур” номын дэлгүүр төв салбартаа өнгөрсөн баасан гарагийн 09:00 цагаас өнөөдрийн 09:00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд 72 хүртэл хувийн уламжлалт хямдралаа зарласан билээ. Баасан гарагийн өглөөнөөс эхлэн тус дэлгүүрийн гадаа 1990-ээд оны үеийн картын барааны үеийг санагдуулам урт дараалал үүсэж, 72 цагийн туршид зогсолтгүй уншигчдын хөлд дарагджээ.

Зохион байгуулагчдын зүгээс өндөр настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй яваа үйлчлүүлэгчийг дараалал харгалзахгүй оруулсан бөгөөд хямдрал зарласан өдрүүддээ 9-20 хүртэл тогтсон цагуудад хоёр чиглэлийн автобусаар үнэгүй үйлчилсэн.

Мөн “Сүү” компанийн "Халуун илчээ түгээцгээе" аяныхан гадаа хүйтэнд дугаарлаж буй хүмүүст халуун аарцаар дайлжээ. Үүнээс гадна бага насны хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс сэргийлж, утасны дугаартай бугуйвч зүүлгэсэн гээд магтууштай зүйл олон хийжээ. 

Нэг бодлын “Аз хур”-ынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийт номоо 10, 30, 50, 72 хувь гэсэн дөрвөн ангилалтай хямдруулж, иргэдийн оюуны цангааг тайлсан. Нөгөө талаас нь харвал бизнестээ 72 цагийн “эмчилгээ”-г амжилттай хийж чадлаа. Учир нь соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана жил гаруйн өмнө өөрийн Фэйсбүүк хуудаснаа ном жийп машинаас цөөн тоогоор зарагдаж буй талаар бичсэн. Тэрбээр ““Таван Богд Моторс” 2013 оны хавраас хойш 1452 “Land Cruiser-200” заржээ.

1452 гэсэн тоог гуравт хуваахад жилд 484 аварга жийп зарагдсан гэсэн үг. “2016 оны LC-200 автомашин 2015 оны аравдугаар сарын 26-нд анх ирснээс хойш нийт 228 ширхэг борлуулагдсан” хэмээн тус компани албан ёсны хуудсаараа мэдээлснийг үзэхүл, сард 50 орчим “Ланд Крузер”, өдөрт ерөнхийдөө хоёр том жийп зарагддаг юм байна. Нэг л компани шүү дээ.

Цаана нь “Хэт моторс”, “Мөнххада” гээд мөн л Ланд Крузер борлуулдаг өөр хоёр ч компани бий. Тэгээд тооцвол хувь иргэдийн наймаанаас гадна Монгол Улсад өдөрт 5-6 шинэ “Ланд-200” борлогдож байна гэсэн үг. Жилд 365х6=2190. Хамгийн сонирхолтой нь, 2016 оны эхээр гаргасан “Toyota USA Newsroom”-ын мэдээгээр бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай АНУ-д 2015 оны турш 2687 ширхэг л “Ланд-200” зарагдсан байх юм.

Гэвч би Монголыг АНУ-тай биш, харин “Ланд-200”-г номтой харьцуулах гэсэн юм. Инээдтэй харьцуулалт боловч, “Ланд” шиг зарагддаг ном Монголд байхгүй гэвэл та итгэх үү. Гурван жилийн турш өдөр бүр 5-6 ширхэг зарагддаг ном гэж үнэхээр байхгүй шүү. Өнгөрөгч өвлөөс хэд хэдэн номын дэлгүүр дампуурсан, тэд машин зарсан бол хөл дээрээ зогсчих байжээ, хөөрхий. Хөөрхий гэхээс өөр хэлэх үг алга. Ном жийпнээс муу зарагддагт Монголын хямрал оршиж байна” гэсэн.

Мөн зохиолч сэтгүүлч Б.Ойдов өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Номын дэлгүүрүүд дампуурах нь их боллоо. Жишээ нь “Гурван гал”, “Метромалл”, “Минж плаза”, “Ундрам плаза” дахь номын дэлгүүр, “Монгол ном”, “Урлах эрдэм”, III хорооллын “Эрдэм” номын дэлгүүр гээд арав гаруй дэлгүүр хаалгаа барьж, олон арван хүний номын тооцоог хийлгүйгээр бултаж алга болоод байна. Дампуурсан номын дэлгүүрүүдийн байранд ямар газар үйл ажиллагаа явуулж байна вэ гэвэл ихэвчлэн гуанз, дэлгүүр, эмийн сангууд...” гэжээ.

Сүүлийн жилүүдэд ном уншиж буй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болсон ч энэ үнэндээ сошиал хөөс байж магадгүй юм. Мөн ном уншигчдын тоо өслөө ч шууд номын дэлгүүрийн орлого нэмэгдэхгүй. Учир нь ном уншиж буй хүмүүс номын сангаас болон гар дамжуулж уншиж болно. Мөн номын дэлгүүрүүд тухайн долоо хоногт хамгийн их зарагдсан бестселлер номынхоо жагсаалтыг тогтмол гаргадаг ч яг хэдэн тоо ширхэг зарагдсан, хэчнээн төгрөгийн орлого олсноо тодорхой мэдээлдэггүй.

Монголын эдийн засаг хүндэрч, орлого муудаж номын жижиг дэлгүүрүүд зах зээлээс хумигдаж, хаалгаа барьж байгаа энэ хүнд үед том дэлгүүрүүд ч хүндхэн цохилттой учирч байгаа болов уу. Харин “Аз хур” хямралын салхийг зөв сөрж бизнестээ 72 цагийн “дусал” залгаж чадлаа.

АНУ-д жил бүр арваннэгдүгээр сарын 23-наас 29-ний хооронд “Хар баасан гараг” нэртэй зад хямдрал болдог. Эдгээр өдрүүдэд улс орон даяар бүх дэлгүүр бараандаа зад хямдрал зарладаг бөгөөд алдагдал хүлээх нь битгий хэл өм цөм ашиг олдог.

Өнгөрсөн онд л гэхэд “Хар баасан” гарагаар хямдрал зарласан томоохон дэлгүүрүүд хоёр тэрбум ам.долларын ашиг олсон нь 2015 онтой харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт болсон билээ. Ийн аль аль талдаа ашигтай 72 цаг өнгөрлөө. Гэхдээ “оюуны хүнс”-ээ сайтар базаасан уншигчид бусад номын дэлгүүрээс хэсэгтээ л худалдан авалт хийхгүй л болов уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47640
0 эможи
keyboard_arrow_up