БӨӨНЦАГААН нуурын БӨӨН эмгэнэл
Монголын говьд өнгө, эгшиг нэмж, амьтай, амьдралтай байлгадаг, цаашилбал Төв Азийн экосистемийг хамгаалахад томоохон үүрэг гүйцэтгэдэг Бөөнцагаан, Адгийн цагаан, Таацын цагаан, Орог, Улаан нуурыг өвөг дээдэс минь “Говийн таван мөнгөн хундага” хэмээн дээдлэн нэрлэж иржээ. Эдгээр нуурыг зөвхөн Монголдоо төдийгүй Төв Азийн экосистемд онцгой ач холбогдолтой гэдгийг баталгаажуулж, 1998 онд Рамсарын конвенцод бүртгэсэн юм.
Төв Азиар дайран өнгөрч, энд нутаглаж буй ус, намгархаг газрын шувуудын өсөж үржих, нутагших орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээсэн гэсэн үг. Харамсалтай нь, “Говийн таван мөнгөн хундага”-аас Адгийн цагаан, Улаан нуур хоёр бүрмөсөн “амь тавьж”, Орог, Таацын цагаан хоёр “сэхээн амьдруулах тасаг”-т “хиймэл амьсгаа”-тай байгаа. Үлдсэн ганц нь болох Бөөнцагаан нуурт ч нөгөө дөрвийнхөө араас явах аюул нүүрлээд буйг газар дээрээс нь сурвалжлахаар Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Гурванбулаг суманд ажиллаад ирлээ.
Тэртээ алсаас сүүн өнгө цацруулан угтдаг болохоор Бөөнцагаан хэмээн нэрийдсэн уг нуур Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Энэ нууранд 164 зүйлийн шувуу зусаж, нүүдэллэн өнгөрдөг гэсэн тоог биологич эрдэмтэд, шувуу судлаачид гаргаад байна. Борцгор хотон, хошуу галуу, гангар хун, хуруут хун зэрэг устах аюулд ойрхон, “Улаан ном”-д орсон жигүүртнүүдийг тосож авдаг цөөхөн нуурын нэг нь Бөөнцагаан. Монгол орны баруун талаар дайран өнгөрдөг нүүдлийн шувуудын буудаллах гол цэг болж, тэдний өсөж үржих, нутагших тав тухтай орчин нь юм.
“Монгол орны загасны Улаан данс”-нд ховордож буй эмзэг гэсэн ангилалд бүртгэгдсэн алтайн давжаа сугас, говийн эрээлж, сахалт эрээлж зэрэг уугуул гурван зүйл уг нуурт бий. Бөөнцагаан нуур үгүй болбол Монголын болон Төв Азийн экосистемд нөхөж баршгүй гарз тохиох билээ.
БӨӨНЦАГААНД НҮҮРЭЛСЭН АЮУЛ 1
Хангайн нурууны өмнөд хажуугаас эх аван 300-гаад км урсдаг Байдраг гол Бөөнцагаан нуурын ганц цутгал нь. Байдраг гол үгүй бол Бөөнцагаан үгүй гэсэн үг. Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэглэснээр алдар суу нь “Алтан товч”-д, авсаархан хөрөг нь газрын зурагт байдаг Байдраг гол болон түүнд цутгадаг голууд уул уурхайнхны золиос болоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй. Бид Байдраг голын хоёр үндсэн цутгалын нэг Өлзийт голыг дагасан алтны уурхайнуудаар явж, нөхцөл байдлыг нүдээр үзлээ.
Бидний зорьсон эхний газар бол Галуут сумын Үнэгт гуравдугаар багийн Их дугуй. Галуут сумын нэрийн хуудас болсон үзэсгэлэнт Галуутын хавцалын хажууханд, дуу алдмаар өндөр биш хэрнээ цаанаа л сүрлэг, үзэмж төгс хадат уулсын дундуур, баргийн унаа явахааргүй бартаат зам туулсаар зорьсон газартаа ирэхэд бага үд болж байв. Хангайн нурууны өврөөс эх авсан Өхэг, Тээл, Жаргалант, Харгана, Сүмбэрийн гол нийлж, Үнэгт багийн нутагт Өлзийт нэртэй болдог аж.
Уул ус, ургамал ногоо тэгширч, байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газар бол аргаль, угалз, янгир, ирвэс, шилүүс зэрэг дэлхийд ховордож, “Улаан ном”-д орсон ан амьтны өлгий. Барагдашгүй баялагтайгаасаа болоод алтны эрэлчдэд газар нутгаа сийчүүлээд дуусаж буй Баянхонгор аймгийн хэмжээнд эдгээр амьтан дайжилгүй үлдсэн сүүлчийн хоргодох газар ч байж мэднэ. Өнгөрсөн хавар уулнаас бууж, Давсан талаар зугаалан орон даяар шуугиулсан хээлтэй гинсний төрөлх нутаг Бэрх хайрхан хажууд ханхайж, Арцат Бумбат, Дэл, Товцог хэмээх шүтлэгт хайрхан тойрон дүнхийнэ.
Энэ сүрлэг сайхан нутагт “Тулга жаргалант” компани уул уурхайн олборлолт эхлүүлэхээр долдугаар сарын 16-наас хойш нутгийн иргэдтэй үзэлцэж байна. Уг газарт газрын баялаг олборлох 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг 2006 онд Л.Чинбат захиралтай “Гацуурт” компани авсан нь 2009 онд батлагдсан Урт нэртэй хуулиар хүчингүй болсон ч уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь шуналтнуудыг Их дугуй руу дахин хөтөлжээ. Энэ удаа “Гацуурт”-ын Л.Чинбат зүс буруулж, “Тулга жаргалант” компанийн Мөнхболд хэмээх техникжсэн нинжаг оруулсан байна.
Тус компани Дөвөнт, Өвөрчулуут, Далдын эх, Байдраг, Бөмбөгөр зэрэг хэд хэдэн газарт алт олборлосон, алттай гэсэн газар бүрт усан буугаа зоож, байгаль орчин сүйтгэж явдаг, нөхөн сэргээлтийг мэргэжлийн түвшинд хийлгүй орхидог учраас нутгийнхан захирлыг нь техникжсэн нинжа гэдэг болж. 2012-2016 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан Дамдинсүрэнгийн Жаргалсайханы төрсөн дүү Дамдинсүрэнгийн Баяраа энэ газарт Мөнхболдтой хамтран ажиллаж буй, Мөнхболд нь аймгийн өнөөгийн Засаг даргын найз. Тэд ардаа том хамгаалалттай учраас бичиг баримтгүй, хууль бусаар алт олборлох гэж байна гэж нутгийн иргэд хардаж буй.
“Тулга жаргалант”-ынхан Л.Чинбатаас тусгай зөвшөөрлийг нь худалдаж авсан, бичиг баримт бүрэн гэж буй ч биднийг очиход үзүүлэх хуудас цаас ч байсангүй. Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт насаараа ажилласан, одоо уг уурхайг хамгаалж буй Базарваань (өөрөө нэрээ хэлэхийг хүсээгүй бөгөөд нутгийнхан ингэж танилцуулсан) “Долдугаар сараас хойш энэ хүмүүс ийм бичиг дутуу, тийм зөвшөөрөл байхгүй гэсээр биднийг ажиллуулалгүй өдий хүрлээ.
Манай дарга нар “Бичиг баримт бүрдэж байгаа, ажиллахаар болсон” гэсэн. Бичиг баримтынх нь юу нь дутуу, юу нь бүрдсэнийг бид мэдэхгүй. Одоохондоо үзүүлэх бичиг баримт алга” гэснээс үзвэл ямар ч байсан бичиг баримтаа бүрдүүлээгүй байж олборлолт хийхээр дайрч буй нь батлагдана. Ашигт малтмал олборлох бичиг баримтгүй уг компанийнхан эндээс хэдэн кг алт олборлох, уулын ажлын төлөвлөгөө нь ямар вэ гэдгийг нутгийн иргэд бүү хэл удирдлага нь өнөөг хүртэл мэдээгүй, “Л.Чинбатын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 625 га, кадастрын зургийг харахад голын хөндийг тэр чигт нь ухахаар юм билээ” гэсэн бүдүүн баарагдуу хариулттай сууна.
Голын ай саваас 50 метр хүрэхтэй, үгүйтэй газарт нуур үүсгэж, цагт 100 шоо метр шороо угаах хүчин чадалтай гурван усан буу зоосон энэ уурхай ажиллаад эхэлбэл Өлзийт гол бохирдож, сүйдэх нь цаг хугацааны л асуудал. Энэ нь Байдраг гол, түүгээр тэжээгддэг Бөөнцагаан нуурт нөлөөлнө гэдгийг ойлгоход нэг их ухаан шаардахгүй.
НУТГИЙН ИРГЭД ЗЭВСЭГ БАРИН, ТЭМЦЭХЭД ОЙРХОН БАЙНА
Сум орны удирдлага, хэвлэлийнхэн ирсэн сургаар нутгийн иргэд тал талаас цуглав. Морьтой, мотоциклтой, явган, хүүхдээ дагуулсан тэдний арга тасарсан харц мөнгөний төлөө тэмцэгчдийнхээс өөр харагдсан. Орон нутгийн төр, захиргааны болон хууль хяналтын байгууллагад итгэл алдарсан тэдэнд хэвлэл мэдээлэл гэдэг үг авралын элч шиг санагдсаных уу, үгийг нь тоож сонсох хүн таарсан дээр сэтгэлээ онгойтол “ховлох” шиг болсон. Хэн нэгэн удирдан зохион байгуулаагүй, нутаг усныхаа төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн, ард нь улс төрийн болон өөр ямар нэг ашиг сонирхол үгүй болохоор хөрөнгө хүч, зохион байгуулалт дутмаг, сэтгэлээс өөр өмнөө барих зүйлгүй хэдэн хүн тэнд байна.
Л.БАТСАЙХАН: Асуудлыг олны анхаарлаас холдуулах гэж захирамж гаргасан
(Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч)
-Өнгөрсөн хугацаанд сум, аймгийн удирдлага, Ерөнхийлөгч, УИХ-ын Өргөдлийн болон Хууль зүйн байнгын хороо, БОАЖЯ, Ашигт малтмал, газрын тосны газраас тусламж хүсэж, хандсан ч нааштай хариу аваагүй. Биднийг уулзахад аймгийн Засаг дарга Г.Батжаргал уурхайг зогсоох захирамж гаргасан. Энэ дагуу нь аймгаас цагдаа нар ирээд эндэхийн хоосон гурван гэрийг л ачсан. Гэтэл тэр машин нь Давсан талыг гатлаад Байдраг руу явчихсан гэж малчид хэлж байгаа. Байдрагт эдний өөр нэг уурхай байдаг юм гэнэ билээ. Тийшээ нүүлгэх гэж байсан гэрийг нь л ачиж явуулсан хэрэг. Засаг дарга бидний эсэргүүцлийг зөөлрүүлж, асуудлыг намжаан, олны анхаарлаас холдуулах гэж тэр захирамжийг гаргаснаас биш уурхайг зогсоох хүсэлгүй юм байна.
Иргэдийн тэмцлийг улстөржүүлэх хүсэлтэй хүмүүс бас байна. Бид энэ сайхан байгалиа онгон дагшнаар нь авч үлдэхийн төлөө л явж буйгаас өөр зорилгогүй. Ухаж төнхөөд газар нутаг сүйтгэчихээгүй, байгаль дэлхийн ус, гагнаас үгүй болчихоогүй, уул уурхайн компанийнхан ч ажил амьдрал, зардал мөнгөөрөө хохирчихоогүй, гайны бага, гарзны нимгэн дээр нь зогсоомоор байна. Төрийн бодлого, шийдвэр ард иргэд, аж ахуйн нэгжийнхээ дунд яс хаяж хооронд нь зодолдуулаад хараад суугаад баймгүй. Бодлого шийдвэрээ эргэн харж, засахыг нь засаж, өөрчлөхийг нь өөрчлөөч.
М.БАЙГАЛЬ: Салаавч гаргаад ам руу чихдэг
(Үнэгт III багийн малчин)
-Энэ алтны уурхайхан биднийг хоёр сар гаруй зовоолоо. Хажуугаар нь явахаар “Бид энэ газрыг худалдаад авчихсан, та нар холуур тойр” гэнэ. Нутгийн иргэд эсэргүүцээд байгаа болохоор дандаа шөнө дөлөөр, хулгайгаар ухна. Уржигдар шөнө ухахад нь ойрхон айлуудын дөрвөн эмэгтэй ирж болиулах гэж баахан орилоод, хүн гэж тоохгүй болохоор нь экскаваторын шанаганд нь орж хэвтэж байж зогсоосон. Гэтэл биднийг тракторын шил хагалсан гэж гүжирдээд, цагдаад өгч, төлүүлнэ гэж сүрдүүлсэн. Бид юу гэж тэр шилийг хагалах вэ.
Угаасаа хагархай байсан юм уу, өөрсдөө л хагалсан байх. Биднийг үг л хэлэхээр “Доромжиллоо, Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ” гэдэг. Тэгсэн хэрнээ өөрсдөө биднийг чирч гулдарна, харааж доромжилно. П..., г..., л... гээд хэл халтирмаар үгсийг бидэн рүү зогсоо зайгүй чулуудна. Салаавч гаргаад ам руу чихдэг. Гэрийн хаяагаар машинтай гарах тоолондоо дунд хуруугаа гаргаж харуулдаг. Эрчүүдийг маань “Ганцаараа явж таарвал ална аа” гэж заналхийлдэг. Газар нутгаа ухуулахгүй гэсний төлөө заналхийлж буй нь тэр.
Нутгийн иргэд, уурхайнхны хооронд дайсагнасан харилцаа тогтоод, улам хурцдаж байна. Бид байнгын доромжлол, айдас хүйдэс дунд өдөр хоногийг өнгөрүүлж сууна. Хүүхдүүд хүртэл машин дуугарахаар бондгосхийн цочиж, “Уурхайнхан ирлээ” гээд босон харайдаг болсон. Манай энд уг нь мотоциклын ч мөр гараагүй онгон дагшин газар. Энэ уурхайг дагаад машин тэрэг, улс амьтны хөл тасрахгүй байгаа.
Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Учраа олж чадахгүй бол зэвсэг бариад үзэлцье
(Үнэгт III багийн малчин)
-Өглөө эрт босоод харахад уурхайн отог буусан бэлээр аргаль, угалз, янгир бэлчиж явдаг байсан. 20-60 толгойтой сүрэг манай нутагт олон бий. Зургаан цоохор ирвэс нутагшсан. Хавар нэг нь төллөсөн. Ийм сайхан нутгаа ухуулахад үнэндээ харамсалтай байна. “Та нарт нөхөн төлбөр өгнө, дуугүй байж бай” гэдэг. Энэ хавийн айлуудад 500 мянган төгрөг өгнө гэсэн сурагтай. Бид юу гэж тийм юм хийх вэ. Үеийн үед амьдрах нутаг минь шүү дээ. Тусгай зөвшөөрөлд нь энэ голын хөндийг тэр чигт нь дуусгахаар заасан юм гэсэн.
Нэг л ухуулчихвал энэ гол ширгэж, бүх зүйл дуусна. Үнэнийг хэлэхэд бидний бухимдал дээд цэгтээ тулж, орон нутгийн удирдлага, төр, захиргааны байгууллагад итгэл алдраад байна. Сүүлдээ зэвсэг барьж тэмцэхэд ч бэлэн боллоо. Манай нутгийн, миний үеийн залуусаас “Үг хэлээр, хуулиар учраа олж чадахгүй бол зэвсэг бариад үзэлцье” гэсэн хүн ч бий. Бидний үгийг тоодог хүн энэ уурхайд ч, орон нутгийн төр, захиргааны байгууллагад ч байхгүй болохоор ингэж бодоход хүрлээ. Харин өнөөдөр та нар ирж, үгийг минь төр, засагт хүргэхээр болсонд баярлалаа.
АЛТТАЙ ГАЗРААС АШИГ ХАЙГЧИД
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан уул уурхайгаас ашиг хонжоо хайгч шат, шатны албан тушаалтнуудаас гадна энэ салбарыг даган амьжиргаагаа залгуулагч бүхэл бүтэн арми байдаг нь сүржин нэртэй, даржин зорилготой төрийн бус байгууллагууд. Үүнд бүгдийг хамруулж болохгүй, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж буй нь цөөнгүйг мэднэ. Энэ удаа дуугүй өнгөрч боломгүй зүйлтэй таарснаа хуваалцахаар шийдлээ. Бид Их дугуйд төрийн бус хэд хэдэн байгууллагын төлөөлөлтэй таарав.
Улаанбаатараас яваа гэх мотоцикл унасан нэг нөхөр “Ирэх жил гол дагасан уурхайнуудыг хаалгах төсөл бичнэ” гээд, өөр нэг нь нутгийн иргэдийн өмнө ярьснаа уурхайнхантай уулзахдаа эсрэгээр нь хэлээд явж л байсан. Тэдний нэг, цахим орчинд өөрийгөө Халуун цуст хэмээн нэрлэдэг залуу “Гадаадад байгаа монголчууд бүгд та нарыг дэмжиж байгаа. Та нар ганцаараа биш шүү. Та нар хууль гээд нэг сонин юм ярих юм. Усгүй болох гэж байж хуулиар юугаа хийх юм бэ. Ямар юмных нь хууль яриад байгаа юм. Хуулийг идээд цадах уу, хуулиар малаа маллах уу” хэмээн нутгийн иргэдийг илт турхирав.
АЛТНЫ ЭРЭЛЧИД ХУТГА ДАЛАЙЖ, ЗАНАЛХИЙЛЭВ
Хүсэж байсан үгийг нь хэлэх хүн ирсэнд урамшиж, зориг оров уу гэлтэй нутгийнхан “Гэрийг нь буулгая. Удирдлагуудтай нь уулзаж, шаардлага тавья” хэмээн шаагилдаж, уурхайнхны отгийг чиглэв. Хоёр гэрийн хаалга татсан ч эзэнгүй, гурав дахь нь хүнтэй байж таарсан тул тэнд бөөгнөрч байтал гэрийн хаалгаар цөлийн шар гэж нэрлэдэг шар илгэн гутал нисэн гарч ирж, араас нь п..., л... гэх мэтийн хараал сонсогдож эхлэв. Юу болоод байгааг харахаар очиход пийшэн дээрээ гишгээд гутлаа үдэж зогссон залуу яах ийхийн зуургүй гүйн гарч ирээд телевизийн зураглаачийг маань хэдэнтээ өшиглөж, цохиод авав.
Өөрсдийг нь зорьж, бодит байдлыг сурвалжлахаар яваа хэвлэлийнхэн халдлагад өртөхийг харсан нутгийн иргэд балмад залууг бүчиж, зарим нэг нь гар далайж, ойрхон байсан нь ганц нэг цохиж амжсан байх. Ийн бужигнаж байтал “Гэрийн цаана хутга барьсан хүн байна” хэмээн шуугилдаад явчихав. Гутал шидэн, зураглаач руу дайрч, үймээн эхлүүлсэн залуу нутгийнхныг бужигнаж байх хооронд гэрийн цаана оччихсон хутга бариад цамнаж байх нь тэр. Тухайн үйл явдлын зураг авах санаатай аппаратаа чиглүүлтэл өнөөх эр газраас том чулуу шүүрээд “Яагаад зураг аваад байгаа п... вэ.
Боль гэж байна” хэмээн хамаг муухай хараалаа урсгаад дайрч ирэхэд нь хөл хөдлөхөө больж, цус царцчих шиг болсон. Төө хэрийн урт балиус барьсан, атгасан гараасаа том чулуу далайсан, биеэрээ дүүрэн шивээстэй булиа эр юу юугүй ойртон ирснийг одоо бодоход ч хамаг бие зарсхийнэ. Бурхны авралаар далайсан чулуугаараа цохиогүй ч намайг нэлээд хол үсэрч унатал минь түлхэж орхисны дурсгал болж зүүн хөлийн шагай хөндүүрлэсэн хэвээр. Тэр балмад эрд эмэгтэй хүнийг хэлж болох хамгийн бүдүүлэг үгээр харааж, түлхүүлэн унаснаасаа хойш “Би ажлаа хийж яваа сэтгүүлч хүн” гэж өөрийгөө зоригжуулсан ч айдас, түгшүүр надаас салаагүй.
Сум, багийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүдэн дээр ингэж авирлаж байгаа хүмүүс нутгийн цөөхөн иргэнтэй яаж харилцдаг бол. Ийм хүмүүсийн өмнөөс нутгийн арваад иргэн хэрхэн тэмцэж, газар нутгаа ухуулахгүй өнөөдрийг хүртэл яаж торгоосон бол. Гол зайрмагтан хонож байгаа хангай нутгийн хүйтэн шөнө дөрвөн эмэгтэй экскаваторын шанаган дотор ямар их дагжаа бол гэсэн хөндүүр бодлууд одоо ч сэтгэл эмзэглүүлсээр...
Нутгийн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, бас цөхөрчээ. Үгийг нь сонсох, өөрсдийг нь хүн гэж үзэх төр, засаг үгүй гэдэгт бүрнээ итгэж. Биднийг дараагийн сум руу явах болоход “Саяын үймээнээс болоод сумын хэсгийн төлөөлөгч аймгаас цагдаа дуудсан. Тэднийг иртэл хүлээж байгаад юу болсныг хэлээд өгөөч. Та нарыг байвал арай дээр байж магадгүй. Биднийг бол шууд ачаад явчихна” хэмээн гуйв. 14.30 цагийн үед үймээн гарч, үүнээс хойш нэг их удаагүй цагдаа дуудсан. 18.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь замдаа гарахаас аргагүй болсноо дуулгахад ч царайчлан гуйж зогссон нутгийн иргэдийн өрөвдөм дүр төрх одоо ч нүдэнд харагдсаар.