“Намрын ногоон өдрүүд”-ээр нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
“Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож 1.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ хэмээн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Түүнчлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”, “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг, “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах” бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.
Мөн энэ жилээс эхлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “ГРАН ПРИ” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Шимт газар” ХХК-ийн “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “ГРАН ПРИ” шагналын эзэн болжээ.