Граммын эдийн засгийн ХААНЧЛАЛ
Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд Монголд шил шилээ даран үүдээ нээж байна. Үүнтэй зэрэгцээд мега төслүүдийн талаар Төрийн ордноо хэлэлцэх боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ граммаар худалдан авах эмзэг бүлгийн амьжиргаа улам доройтох болов.
Эдийн засгийн ерөнхий төлөв энэ он гарсаар сэргэж эхэлсэн боловч иргэдийн амьдрал сайнгүй хэвээр байна. Ялангуяа бага орлоготой болон ажилгүй иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх тусам улам доройтсоор. Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсөж, инфляци тогтворжсон ч захын дүүргийн гэр хороололд оршин суух айл өрхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн хэвээр байна. Том зургаараа эдийн засаг уналтаас аажмаар гарч, өөдрөг төлөв сонсогдож буй. Харамсалтай нь, нийгмийн эмзэг хэсэгт ядуурал улам гүнзгийрч, дундаж давхарга хумигдсаар.
“Оюутолгой” төслийн хоёр дахь шат урагшилж, бүтээн байгуулалт үргэлжилж буй. Тавантолгой тэргүүтэй ордуудаас олборлох экспортын нүүрсний орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн ч иргэдийн худалдан авах чадвар дорвитой дээшилсэнгүй. Алт тушаалт нэмэгдэж, түүхий эдийн ханш өссөн ч бага орло готой иргэдийн амьжиргаа сайжирсангүй. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг нийт 32 хороотой.
Бага орлоготой иргэдийн дунд ядуурал улам гүнзгийрч байна
Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 300 мянга давсан оршин суугчтай тус дүүрэгт граммын эдийн засаг ноёлж, ядуурал улам гүнзгийрч байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дэлгүүр болон ТҮЦ-ээр үйлчлүүлэх иргэдийн тоо үлэмж багасчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн IV, V хороонд ажилгүйдэл хамгийн өндөр байх жишээтэй.
Үүнээс үүдэн хулгай, гэмт хэрэг, архидалт зэрэг нийгмийн бараан үзэгдэл газар авах болжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй иргэдийн хувьд хүнсний захаас хонь болон ямааны шулсан яс авч түүндээ будаа орхиж өл залгуулж байна. Ийм амьдрал нэг бус. Зөвхөн сонгинохайрханаар зогсохгүй Чингэлтэй, Баянзүрх зэрэг дүүргийн захын хороонд дээрх хүндхэн амьдрал амь бөхтэй байсаар.
Хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд буюу хүн амын механик өсөлт хамгийн өндөр Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн хүн амын 30 хувь нь аж төрдөг. Улаанбаатарын гурван хүн тутмын нэг нь амьдарч байгаа тус дүүргийн хүн амын 73 хувь нь гэр хороололд амьдарч байна. Хэдий ийм боловч амьдралаа үүрч яваа зарим иргэдийн хувьд мах, хүнсний ногоо, гурил, будаагаа граммаар авах нь түгээмэл гэдгийг Сонгинохайрхан дүүргийн V хороонд ТҮЦ ажиллуулах Ш.Нямсүрэн ярилаа. Тэрбээр жилийн өмнө найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байжээ. Энэ үед бэлэн мөнгөөр бус буюу зээлээр талх, будаа, ургамлын тос авах иргэд байнга тааралддаг байсныг найман нэрийн барааны дэлгүүрээ мухлаг болгосон Ш.Нямсүрэн хэлсэн юм.
“Цалин, тэтгэврээ буухаар дэлгүүрээс илүү бөөний төв, захаас тухайн сарынхаа хоол, хүнсээ иргэд бэлтгэдэг болсон.
Эдийн засаг хэдий өссөн боловч иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдээгүй болохоор худалдан авах чадварт ахиц гарахгүй байна” гэв. Газар нутгийн хэмжээгээрээ Хонконгийн газар нутагтай ойролцоо Сонгинохайрхан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”д зургадугаарт эрэмбэлэгдсэн. Нийслэлээс жил бүр татаас авдаг цорын ганц дүүрэгт хүмүүсийн амьдрал төсөөлж байснаас тун доогуур байна. Ядуурлын түвшин улсын хэмжээнд өндөр хэвээр байгаа. Малын гэдэс худалдан авч бор хоногоо өнгөрүүлэх иргэд нийслэлд олон. Сонгинохайрхан дүүргийн XX хороонд тун хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэд цөөнгүй байна. Өөрсдийн нэр усаа хэлэхээс цааргалах тэдний хувьд тохирсон ажил олдохгүй өдий хүрчээ.
Тэрчлэн боловсрол, мэдлэг тааруугаас гадна дийлэнх байгууллага нас заах тул тэр болгон ажлын байранд тэнцэж чаддаггүй байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны наймдугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд, улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 34.7 мянга болсныг дурджээ. Тоон үзүүлэлтээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурч байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсөж, инфляци тогтворжсон ч айл өрхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн хэвээр байна.
Гэвч ядуурлын түвшин өндөр дүнтэй байх аж. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIII хороонд буюу Хайлаастад най ман нэрийн барааны дэлгүүр ажил луулж буй С.Цэндмаа “иргэдийн худалдан авалт тааруу хэвээрээ. Халамж багассан нь үүнд давхар нөлөөлж байх шиг байна. Юань болон ам.долларын ханшийн зөрүүнээс болж будаа, сахарын үнэ өссөн. Хүнсний ногооны үнэ ч энэ намар олигтой буурсангүй” гэв. Тэрбээр өдөрт 15 ширхэг “Атар” талх дэлгүүртээ авдаг боловч үүний зөвхөн 10 л зарагддаг байна. Харин ургамлын тосоо иргэд голдуу 100 граммаар авах нь хэвээр. Орос есийн тос 100 грамм нь 400-500 төгрөгийн үнэтэй байна. Сахар, будааны тухайд ч ялгаагүй хэдэн зуун грам маар нь ойр ойрхон иргэд худалдан авна.
Манай улс гадаад өрийнхөө зөвхөн хүүнд жилд ойролцоогоор нэг их наяд төгрөг зарцуулж буй. Энэ нь хамгийн багадаа тэтгэврийг 200 гаруй мянга, төрийн албан хаагчдын цалинг 350 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх мөнгө. Хүйтний ам наашиллаа. Үүнтэй зэрэгцээд түлээ, нүүрсээ бэлтгэх шаардлага гэр хорооллын иргэдэд тулаад ирлээ. Энэ нь ажилгүй болон орлого багатай иргэдийн хувьд хамгийн том дарамт болдог. Уутаар нь нүүрсээ зөөх, зарим өдөр дугуй авч түлэх нь холгүй гэж ярина. Хоосон хоноод ч болов дулаан амьдрах нь чухал. Тиймээс хамгийн тарчиг хийгээд хатуу цагтай нийгмийн эмзэг давхаргынхан золгож байна. Төрөөс ядуу айл бүрт сар тутам хүнсний тусламж өгч байсан. Үүнээс хожим өрхийн судалгааны үр дүнд цөөнгүй өрх хасагджээ.
Мега төслүүдийн талаар төрийн ордноо хэлэлцэх боловч иргэд нь хоосон хононо
Эдийн засгийн өндөр өсөлт, их наядаар хэмжигдэх төсвийн орлого, дэлхийн цараатай мега төслүүдийн талаар Төрийн ордноо хэлэлцэх боловч иргэд нь хоосон хонож байна. Том тоо, өндөр өсөлт, их мөнгө иргэдийн амьдралд наалдахгүй байгаа нь энэ. Талхаа хувааж авахгүй ч өдөр тутам авах ёстой шим тэжээлээ хоол, хүнснээсээ иргэд авч чадахгүй байна. Үүнээсээ болж өвчлөх, өвдөх нь олширч. Зах зээлийн тогтолцоотой одоогийн нийгэмд төр бүхнийг иргэддээ бэлдэх ёсгүй.
Хэдий ийм боловч нийгмийн эмзэг хэсгээ орхиж боломгүй. Төрийн эрхийг барьж буй МАН 2016 оны сонгуульд граммын эдийн засгаас туйлдаа хүртэл ядууралд автсан иргэдээ гаргана гэж амлаж байлаа. Ялалт байгуулах “хөзөр” нь ядуурал байсан юм. гэвч төрийн эрхэнд гараад түмний амьдрал өнгөрсөн хугацаанд цэгцэрсэнгүй. Бидний хэлж заншсан есийн тос одоо ч граммын бүтээгдэхүүн хэвээр байна. Ширхэглэх, хуваах, таллах, граммлах нь ердийн үзэгдэл мэт.
Ингэж зарвал илүү хурдан зарагдана гэж С.Цэндмаа хэлсэн юм. Улсын хэмжээнд ядуурлын түвшин 21 хувьтай байна. Энэ нь 2002 онтой харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт. Нийслэлийн дүүрэг бүрт ядуу өрхийн тоо ялгаатай. Шинээр бүрдэх Засгийн газар ядуурлын эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Эдийн засаг сэргэж байгааг ДНБ-ий үзүүлэлт тодотгох боловч гэр хорооллын бараан амьдрал, иргэдийн өнөө маргаашаа чадан ядан болгох гэж хэмнэх ядруу төрх үүнийг үгүйсгэх аж.
Б.Баяртогтох