2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс таван тэрбум төгрөг төсөвлөжээ
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлд зарцуулах эрүүл мэндийн зардал 2025 он хүртэл жилд 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээллээ.
Мөн агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтот түвшинд хүртэл агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол хүүхдийн эрүүл мэндийн шууд зардал 2017-2025 онд 24.5 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гаргаад байна. Эдгээр судалгааг Оксфордын бодлогын удирдлага байгууллагатай хамтран хийжээ. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг, нийслэлээс 3.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс 3.6 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх хөнгөлөлтийн хөтөлбөрт хэдийн зарцуулсан талаар Эрчим хүчний яам мэдээлсэн юм.
2010 онд батлагдсан Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 22 тэрбум төгрөгийн төлбөрийг улсад төлдөг. Энэхүү төлбөрийн 20 орчим хувийг агаарын бохирдол бууруулахад зарцуулж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Мянганы сорилын сан, Дэлхийн банк, Цэвэр агаар сан, улсын төсөв зэрэг дөрвөн эх үүсвэрээс 132.5 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ.