Амрагч хүүхдээ “Ид гахай минь” гэж доромжилсон тогооч ажлаасаа халагджээ
Саяхан цахим ертөнцөөр хүүхдийн амралтад ажилладаг гэх нэгэн тогооч амрагч хүүхдээ үгээр доромжилж буй бичлэг цацагдаж олныг бухимдуулах болов. Сийрүүлбэл, уг бичлэгт тус амралтын газрын тогооч бусдаасаа махлаг хүүхдэд хоолоо өгөхдөө шидэлж, бас болоогүй түүнийг “ид гахай минь’ хэмээн доромжилж буй нь бичлэгт үлджээ. Амрагч хүүхдүүдийн нууцаар хийсэн бичлэгийг тэдний эцэг эх нийтэд цацсан бөгөөд ёс зүйгүй тогоочид хариуцлага хүлээлгэхийг амралтын газраас шаардсан утга бүхий тайлбар оруулжээ. Харин эцэг эхчүүд болон олон нийтийн шүүмжлэлд ундуйцсан уу, амралтын газрынхаа нэр хүндэд санаа зовсон уу яасан гэмээр тус амралтын газрын захирал олон жил ажилласан туршлагатай боловч ёс зүйгүй авирласан тогоочоо үг ч хэлүүлэлгүй халсан гэнэ. Хачирхалтай нь ажлаасаа ч халагдсан, хүүхэд ч доромжилсон байж өнөө тогооч нь уучлалт ч гуйгаагүй өөрийгөө зөвтгөсөөр байгаа гэнэ. Цахим ертөнцөө гэж хүний амьдралыг аврах бас унагаах хүчтэй зүйл юм аа.