Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн хүнсний өдрөөр шилжилт хөдөлгөөнийг онцолж байна

2017 оны 10 сарын 16

Өнөөдөр Дэлхийн хүнсний өдрийг 150 гаруй улс орон 37 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оны аравдугаар сарын 16-нд байгуулагджээ. Тиймээс 1979 оноос хойш энэ өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэх болсон юм байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн, хүнсний аюулгүй байдал нь алдагдсан, шим тэжээлтэй хоол хүнсээр гачигдсан хүмүүс рүү дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад энэ өдрийн гол зорилго чиглэдэг ажээ.

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.   

Энэхүү үйл ажиллагаанд Монголын хүнсчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Учрал, НҮБ-ын суурин зохицуулагч Биате Транкман, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Куэрэши нарын албаны хүмүүс оролцож үг хэлсэн юм.

Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, манай орны хувьд хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихээхэн эрчимжиж байгаа нь хот суурин газрын иргэдийн амьдралын нөхцөл орчин, хүнсний хангамжид сөргөөр  нөлөөлж байгааг онцолж байв.

Монгол Улсын хэмжээнд 311 мянган малчин өрх, 1500 гаруй газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, 200 орчим боловсруулах үйлдвэр, 5000 гаруй хоолны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байдаг юм байна. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, эрүүл хоол, хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаархи төрийн бодлого хангалтгүй байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлсэн үгэндээ дурдаж байв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн санаачилсан “Шинэ хөдөө”  төслийнхөө талаар танилцуулсан. Тэрээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хүчирхэг дундаж давхаргыг бий болгох зорилготой уг төслөө Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Монгол Улсын хувьд хөдөө орон нутгийн иргэд, малчид байгалийн гамшигт үзэгдэл ган, зудад нэрвэгдсэнээс, ажлын байрны хомсдол, ядуурлаас болж төв суурин газар руу шилжиж байгаа бөгөөд жилд 30 мянга гаруй хүн нийслэлд шилжин ирдэг байна. Энэхүү шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй нөөцийн хомсдол тулгамдсан асуудлын нэг болжээ. Тиймээс орон нутгийг  хөгжүүлснээр хүнсний аюулгүй байдал сайжирч, бэрхшээлийг даван туулах чадвар бий болж, нийгмийн хамгааллын хүртээмж нэмэгдэн, байгалийн нөөцийн зарцуулалтаас үүсэлтэй зөрчилдөөн багасна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үзэж байгаа ажээ.

“Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” сэдэвт уулзалт, зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас цөөн асуултад хариулт авлаа.

Дэлхийн хүнсний өдрөөр шилжилт хөдөлгөөнийг онцолж байна

Д.Тэрбишдагва: Импортын болон уламжлалт хүнсний хэрэглээний зохистой харьцаа алдагдсан

-Хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хангамжийг нь нэмэгдүүлэхэд шилжилт хөдөлгөөнд суурилсан боломжуудыг дэмжих хэрэгтэй гэж байна. Бодлогын төвшинд ямар шийдвэр гаргах шаардлагатай байна вэ?

-Хүн амын нягтрал төв суурин газрыг чиглэж, хэт төвлөрснөөс хүн тав тухай, эрүүл аж төрөх нөхцөл боломж ихээхэн хүндрэлтэй, хүнсний аюулгүй байдал анхаарал хандуулах асуудлын нэг болсон. Энэ зөвхөн манай улсын төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байна. Тиймээс яавал хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг багасгах вэ гэвэл хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилтийг төрийн бодлогоор дэмжих чухал. Хөдөөгийн хөгжил зөвхөн газар тариалан, мал аж ахуй эрхлэх боломж бус залууст чиглэсэн бизнесийн боломж, ажлын байр бий болгох, дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн явах, туршлага судлах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

-Тухайлбал?

-“Ажилсаг монгол” хөтөлбөрийг би байнга ярьж байгаа. Яавал өндөр мэргэжлийн боловсон хүчин, жижиг дунд үйлдвэрийн эзэд, мастеруудыг бий болгох вэ гэдэгт анхаарч энэ чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажлаа эхлүүлээд явж байгаа. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн 20 гаруйхан хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, тусгай мэргэжлийн сургуульд сурч байна. Би дээд боловсролыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ нарийн мэргэжлийн боловсон хүчин хөдөөд дутагдаж байгаагаас хөдөө ажлын байр хомс байна.

-Шилжилт хөдөлгөөнөөс үүдэн гардаг олон арван бэрхшээл, хүндрэлийн нэг нь хүнсний аюулгүй байдал, хоол, хүнсний хангамж гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тодорхойлжээ. Энэ бол манай улсын хувьд ч гэсэн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа?

-Аливаа улсын төрийн бодлогын цөм хүн ардын баталгаат амьдрал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байдаг. Хүнсний аюулгүй байдал улс гүрний үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс хүнсний аюулгүй байдлын асуудал Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нэг хэсэг болж батлагдсан. Хүнс үйлдвэрлэгч 2000 гаруй аж ахуйн нэгж чадлын хэрээр зүтгэдэг. Төр засгаас тэднийг дэмжих нь туйлын хангалтгүй байгаа.

Монгол Улсын хувьд импортын хүнсний хэрэглээ, уламжлалт хүнсний хэрэглээний зохистой харьцаа алдагдаж, хүрээлэн буй орчны бохирдол маш ноцтой хэмжээнд хүрсэн. Аюултай хүнс хэрэглэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Технологийн зориулалтаар хэрэглэж буй төрөл бүрийн хүнсний нэмэлт, биологийн идэвхит бодис, генийн инженерчлэлийн аргаар бий болгож буй хүнс манай улсад их хэмжээгээр нийлүүлэгдэж байна. эдгээрийн дийлэнх нь импортын бүтээгдэхүүн байгаа. Үүнийг бид хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйл гэж зүй ёсоор үзэж байгаа.

Импортын бүтээгдэхүүний их урсгал, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний удаан аажим өсөлт, уламжлалт хүнс хэрэглээний алдагдал, орчны бохирдол монголчууд биднийг аюултай хоол хүнс хэрэглэхэд хүргэж байгаад сэтгэл эмзэглэж байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48187
0 эможи
keyboard_arrow_up