Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-ээс эхэлнэ

2017 оны 10 сарын 18
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөх гэж байгаатай холбогдуулан УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайхантай ярилцлаа.

- Нийслэлийн хэмжээнд энэ жил гэр хорооллын хэчнээн айл өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах вэ?

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн 6 дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах манай компанийн 130580 (10 дугаар сарын 1-ний дүн) айл өрх хэрэглэгч байна. Эдгээрээс 128509 нь 100 хувь,  2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.

-  Хөнгөлөлт тооцох хувийн 50, 100 гэсэн ялгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- УБЦТС ТӨХК нь гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлнэ. Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байна. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцно.

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00 - 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй.  

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөнө.

- Цахилгааны шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлтөд хэрэглээний цахилгааны төлбөрийн өртэй айл өрхүүд хамрагдах уу?

- "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тэгэхээр цахилгаан хэрэглэгчдэдээ хандаж 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө амжиж хуримтлагдсан өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй. Мөн баталгаажсан тарифт электрон тоолуур, стандартын шаардлага хангасан, үйлдвэрийн гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгож, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангаарай гэж хэлмээр байна.

-  Мэргэжлийн байгууллагын хувьд цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-  Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Тэгэхээр оруулгын утас халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй. Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороохгүй байх, олон залгаас хийгдсэн утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлэх, дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгах, ашиглаагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Цахилгааны оруулгын утас зэс бол 2*4 мм2, хөнгөн цагаан бол 2*6мм2 голчтой байвал тохиромжтой байдаг. Түүнчлэн хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь өрхөд санхүүгийн хэмнэлт бий болгохоос гадна мөн аюулгүй байдлыг хангахад нөлөөлнө.

- Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр цахилгаан хэрэглээ нэмэгдэнэ. Манай эрчим хүчний эх үүсвэр үүнийг дааж чадах уу?

- Өнгөрсөн өвөл гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг хөнгөлөх энэ ажил мөн хэрэгжсэн. Нийслэлийн хэмжээнд нийт ачаалал огцом өсөөгүй. Цөөн тооны газарт тоноглолын хүчин чадлыг томсгох, утас солих зэрэг ажил хийгдээд, дор бүр нь шийдээд явсан. Энэ жил ч ялгаагүй ачааллын өсөлтийг хянаж, техникийн арга хэмжээг шуурхай авч ажиллах болно.

Ер нь бол айл өрхийн цахилгаан хэрэглээг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25 ампераар хязгаарлагддаг. Тиймээс айл өрхүүд өндөр чадал шаардагддаг халаагуур, түргэн тогоо гэх мэтийг ашиглах үедээ бусад онц шаардлагатай биш цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгаж, зэрэг залгахгүй байх тал дээр анхаараарай гэж зөвлөе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48242
0 эможи
keyboard_arrow_up