Аврагчид уулчдыг эрэн хайх ажиллагаагаа эхлүүллээ
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч өнөөдөр гэгээ хаяармагц эрэн хайх ажиллагаагаа эхлүүлжээ.
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна.
Шадар сайдын өрөөнд 09:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад албаны хүмүүс эрлийн талаар мэдээлэл хийнэ.