НӨАТ-ын баримтыг баталгаажуулж, иргэнээс зөвшөөрөл авснаар 500 сая төгрөгийн азтанг зарлана
НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан байна.
НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байв. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй батламж гардан авч байсан.
Өчигдөр явагдсан тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрөв, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 1184, 20 мянган төгрөгийн 117458, нийт 13056 азтан тодорлоо. Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодорсон.
Албаныхан 500 сая төгрөгийн азтанд одоогоор нийтэд зарлах боломжгүй. Эхний ээлжинд баримтыг баталгаажуулж, дараа нь иргэнээс зөвшөөрөл авч зарлах эсэхийг шийдэх юм байна. Хэрэглэгчид азтан болсон эсэхээ ebarimt.mn цахим сайт болон ebarimt аппликешн ашиглан шалгах боломжтой. Мөн баримт нь есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтынх байх шаардлагатай. Энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой аж.