Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт баялаг бол АЖИЛЛАГСАД

2017 оны 10 сарын 26

Д.Дэлгэрбаяр:Эрдэнэт үйлдвэр нийгмийн хөгжлийн хөтөлбөртөө уурхайчдынхаа саналыг тусган хэрэгжүүлж байна

Arslan.mn
Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэр нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, орон нутгийн хөгжил болоод ажиллагсдынхаа нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхэд хариуцлагатай хандсаар ирсэн. Тус үйлдвэрт нийгмийн хамгааллын цогц бодлого хэрэгждэг. Тодотгож хэлбэл, хүний төлөөх бүхий л асуудлыг Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааныхаа нэг үндсэн хэсэг хэмээн үздэг юм. Нийгмийн чиглэлээр, тэр тусмаа ажиллагсдадаа хандсан томоохон зорилт, авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр сэтгүүлчийн асуултад хариулт өглөө.
 -Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багаас  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинэлэг арга барил нэвтрүүлэн ажиллаж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, энэ онд нийгмийн болоод үйлдвэрлэлийн цехийн ажилтнуудтайгаа  тус тусад нь зөвхөн нийгмийн асуудлаар ярилцсан. Зөвлөлдөх уулзалтуудын үр дүн юу байв?
- Эрдэнэт үйлдвэр ХХК бол нийгмийн хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлсээр ирсэн компани. Тиймээс бид  нийгмийн хөгжлийн чиглэлээр, ялангуяа ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бүхлээр нь  шийдвэрлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Уул уурхайн бусад компаниудад жишиг болохуйц  бодлого, үйл ажиллагаатай гэж хэлж болно. Өнөөдөр  бид нийгмийн чиглэлээр хийж хэрэгжүүлж ирсэн бодлого хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэхийн зэрэгцээ зарим  ажлуудыг  илүү боловсронгуй оновчтой хэлбэрээр шинэ шатанд гаргах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уламжлал шинэчлэлийг хослуулах зарчим баримтлан ажиллаж байна.  Өнгөрсөн зургаадугаар сард бид “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчдын нийгмийн асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад манай уурхайчид өөрсдөө биечлэн оролцож, үйлдвэрийн удирдлагуудтайгаа илэн далангуй санал бодлоо солилцсон нь тус Зөвлөлдөх уулзалтын гол ач холбогдол, нөгөө талаас том олз нь болсон гэдгийг тэмдэглүүштэй. Энэ үеэр бид амжилт ололт, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг ярилцахын зэрэгцээ уурхайчдынхаа үгийг сонсож, цаашид хэрхэн ажиллах зорилтоо тодорхойлсон. Одоо бид тус уулзалтын үеэр ажиллагсдын зүгээс гарсан санал бодлыг нэгтгэн, ажлын  төлөвлөгөөндөө  тусган хэрэгжүүлж байна. Энэ ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн биелэлттэй байна.  Мөн бид ерөнхий захирлын хамт нийгмийн болон үйлдвэрлэлийн цехүүдийн ажилтнуудтайгаа уулзалт хийсэн.  Нийгмийн цехүүд цаашид хэрхэн ажиллах вэ, үйлдвэрлэлийнхэнд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна, тэдгээрийг хэрхэн шийдэх вэ гэсэн асуултад эдгээр цуврал уулзалтууд хариулт хайж, гарц боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон. Энэ үеэр манай ажилтнууд олон чухал  асуудлыг хөндөж,  үнэ цэнэтэй санал санаачилгыг дэвшүүлсэн. Тэр бүхнийг нэгтгэн, ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
 -Сурч хөгжих боломж, эрүүл байх баталгаа,  амьдралын таатай нөхцлийг хангах нь нийгмийн асуудлын цөм нь болдог. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамгийн хүчтэй бодлого хэрэгжүүлдэг компани бол Эрдэнэт үйлдвэр. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр,  ажилтан бүрээ  эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт нэг  ч төгрөгийн зардалгүйгээр хамруулж байна. Энэ ажлын  явц, чанар ямар хэмжээнд  байна вэ?
 Arslan.mn-Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар өндөр түвшинд хийгдэж байгааг юуны өмнө онцлоё. Хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрийнхээ ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг бид Медипас эмнэлэгтэй хамтран үзүүлж байна. Олон улсын оношилгоо эмчилгээний стандарт, орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж бүхий Медипас эмнэлгийн  нарийн мэргэжлийн эмч нар бүх төрлийн өвчний оношилгоо, илрүүлэлт үзлэгийг хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэтэй баялаг бол ажиллагсад. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүхэн эрүүл байж, тэр чинээгээр ажлын бүтээмж нэмэгдэх учиртай. Тиймээс ажиллагсдынхаа эрүүл мэндэд анхаарал тавих нь манай компанийн нийгмийн бодлогын том асуудал юм. Энэ утгаараа үйлдвэрийн зүгээс урьдчилан сэргийлэх үзлэгийн зардлыг 100 хувь хариуцан, жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулж байна. Энэ удаа нэг ажилтанд 245-435 мянган төгрөгийн өртөгтэй урьдчилан сэргийлэх багц оношилгоо үзлэгийг хийж байна. Энэ жилийн  урьдчилан сэргийлэх үзлэгт одоо ажиллаж байгаа болон Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд, мөн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс нэмэгдээд нийт 8000 гаруй ажилтан хамрагдах ёстой. Одоогийн байдлаар 54,2 хувь нь үзлэгт хамрагдсан дүнтэй байна. Он дуустал урьдчилан сэргийлэх үзлэг үргэлжилнэ. Дашрамд хэлэхэд, эрүүл мэндийн асуудлыг шийдэх нь зөвхөн урьдчилан сэргийлэх  үзлэгээр хязгаарлагдахгүй. Эрүүл байхын үндэс нь олон талын хүчин зүйлээс шалтгаалдаг тул ажилчдаа чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнт хэв маягийг хэвшүүлэх чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Тухайлбал, Эрүүл мэндийн замын ашиглалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчих боломжийг нээх зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.
    Arslan.mn
 
-Үйлдвэрийн удирдлагууд, уурхайчидтай уулзах үеэр орон сууц хүссэн ажилтнууд цөөнгүй байсан. Тэгвэл орон сууцны чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?
- Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах чиглэлээр өмнө нь ямар бодлого баримталж ирсэн, тэр дагуу бид энэ асуудлаа шийдээд явна. Өнөөдрийн байдлаар, манай компанид шинээр баригдаад бэлэн болчихсон байр байхгүй. Харин Оросын мэргэжилтнүүд буцаж байгаатай холбоотойгоор тэдний гэрээгээр эзэмшиж байсан тодорхой тооны орон сууцнууд чөлөөлөгдсөн байгаа. Фондны байр гэж нэрлэдэг эдгээр байрыг бид олон жил үйлдвэртээ ажилласан, зайлшгүй олгох шаардлагатай ажилчдаа судалж үзсэний үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан өгөх ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид өмнөх удирдлагуудын үед эхлүүлж байсан орон сууцны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” орон сууцны хорооллууд баригдахаар төлөвлөгдөж байсан. Эдгээрээс хамгийн түрүүнд барих бололцоотойг нь эхлүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Arslan.mn
-Нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний талаар ямар ажлууд хийгдэж байна вэ? Хүйтний улирал ойртож байгаа энэ үед ажилчдад нүүрс түлш хөнгөлөлттэй үнээр олгох ажил эхэлдэг. Энэ жилийн хувьд ямар хэлбэрээр олгох бол?
-Эрдэнэт үйлдвэр нийгмийн халамжийн чиглэлээр 20 гаруй  төрлийн тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлдэг. Өнөөдөр энэ бүх хөнгөлөлт тусламж журмын дагуу олгогдож байгаа. Түлээ нүүрсний хувьд цаг үеийн асуудал тул тодруулах нь зүйтэй болов уу. Өмнө нь бид гэр хороололд амьдардаг ажилтан, ахмад настан, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон өрх бүрт  хөнгөлөлттэй үнээр түүхий нүүрс  олгодог байсан. Энэ нь хотын агаарын бохирдолд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн асуудал дагуулж, аймгийн удирдлагын зүгээс бидэнд удаа дараа санал анхааруулга ирсэн. Тиймээс бид түүхий нүүрс хэлбэрээр олгох нь хэр оновчтой эсэхийг эргэн харж, энэ жилээс утаагүй эко түлшний үнэ ханштай уялдуулан хөнгөлөлтийг олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 30 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол үүнийг гурав дахин нэмэгдүүлж 90 мянган төгрөгийн хөнгөлөлтийг нийт 2677 ажилтанд  олгохоор шийдвэрлээд байна.     
 
 -Орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр,  Орхон аймагтай нийгэм, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. 2017 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрхэн хэрэгжиж  байна вэ?
-Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын олонхи нь хөрсөн дээр бууж, бодитой биелэлээ олсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 100 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэлэг болгон өгсөн. Энэ нь нэг талаас,  тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх санхүүгийн дэмжлэг, нөгөө талаас Эрдэнэтийн иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад оруулж буй том хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Arslan.mn
 
Энэ оноос  эхлэн Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүхэн Баян-Өндөр сумын баг  бүртэй “шеф”-ийн харилцаатай ажиллаж байгаа. Ингэснээр иргэдтэй хамгийн ойр байдаг багийн хөгжлийг дэмжих ажил нэг алхмаар урагшилсан. Үүнд зориулан Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулахад хөрөнгө оруулж, орон сууцны барилгуудын фасадыг будаж дуусгах гэх мэтчилэн олон ажлыг нэрлэж болно. Орхон аймагт Шинжлэх ухаан технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн паркийн эхний үйлдвэрүүд нээгдэж эхэлсэн. Эдгээрийн нэг нь  импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн электродын үйлдвэр. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авах, байнгын ажлын байртай байх нөхцөл боломжийг  бүрдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр санаачилгатай ажиллана. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс аймаг орон нутгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал ахуйд үзүүлж байгаа том дэмжлэг төдийгүй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн тод илрэл юм.

     -Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48633
0 эможи
keyboard_arrow_up