Ц.Энхжин 130 орны гоо бүсгүйг гоцлон, “Жалам хар“-ыг бүжиглэнэ
Дэлхийн үзэсгэлэнтэй, авьяаслаг гоо бүсгүйг тодруулдаг "Дэлхийн мисс 2017" тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлж Ц.Энхжин оролцож байгаа юм. Түүний Улаанбаатар дахь зохион байгуулагч багаас өнөөдөр мэдээллэл хийлээ.
“Дэлхийн мисс” тэмцээнд оролцогч Ц.Энхжингийн багийн менежер С.Цэнгүүн
"Авьяаслаг миссийн номинаци эхэлчихсэн байгаа. Энэ төрөлдөө онцгой бүжгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар гуайгаар дэглүүлж бэлдсэн. Бүжиг маань хүн байгальтай хүйн холбоотой учраас байгалиа хайрлая гэдэг агуулга, гүн утга санааг агуулсан.
Мисс авьяасын шалгаруулалтын дүнд, Ц.Энхжин маань 130 орны гоо бүсгүйг гоцлон, тэдэнд бүжгээ зааж, Жалам хар бүжгээ бүжиглэх хүндтэй үүрэг хүлээж байна.
Ц.Энхжингийн "Дэлхийн мисс" тэмцээнд илгээсэн танилцуулга видео олны таашаалд ихээхэн нийцэж, олны анхаарлыг татаад байна. Энэхүү видеонд хувь хүн Энхжинг гэхээс илүү, Монголын үзэсгэлэнт байгаль болон Монгол ахуйг харуулъя гэсэн зорилготой хийгдсэн.
Уг видеог "Hero entertainment''-ын мэргэжлийн баг хамгийн сүүлийн үеийн камер, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж хийсэн. Мөн танилцуулга бичлэгийг Дэлхийн миссийн байгууллагын тэргүүн, хатагтай өндрөөр үнэлсэн. Түүнчлэн дэлхий дахинд олон мянган хүмүүс үзэж, гайхалтай бичлэгийн талаар сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа" гэлээ.