Гурван талт хэлэлцээрийг хугацаагүйгээр завсарлуулна
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Энэ талаар өнөөдөр МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар "Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас бид хэлэлцээрийг хугацаагүйгээр завсарлуулах саналыг тавилаа.
2017 оны улсын төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албанд ажиллагсдын цалин дээр урамшуулал, нөхөн олговор болгож өгөх талаар яригдаж байгаа. Энэ саналыг Засгийн газрын зүгээс тавьсан.
МҮЭХ үүн дээр санал нэгдээгүй, бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авах хатуу байр суурийг хэлэлцээрийн үе шатанд тавьсан. 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг мөн бид хэлэлцээрийн эхний өдөр Засгийн газарт тавьсан.
Энэ асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар оруулж хэлэлцэхийг хүссэн. Харамсалтай нь, энэ асуудал тухайн ажилтны сахилга хариуцлага, ажилтны үр дүн гээд хэд хэдэн шалгууруудыг давж байж олгох урамшуулал байдлаар яригдсан учраас МҮЭХ саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Мөн 2018 оны төслийн хүрээнд ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой санал Засгийн газраас оруулж ирээгүй учраас өчигдөр хэлэлцээрийг албан ёсоор завсарлуулсан.
Тиймээс МҮЭ-ийн холбооноос энэ сарын 31-ний Мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон.
Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал дахин гаргаагүй тохиолдолд Үйлдвэрчний эвлэлүүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүслээ" гэв.
Мөн тэрбээр Засгийн газар цалин хөлсийг нэмэх санал гаргасан тохиолдолд гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг дурдлаа.