Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогджээ
Монголын Хуульчдын холбооны гуравдугаар Их хурал энэ сарын 28-ны өдөр болж даргаа сонгожээ. Хуралд 468 төлөөлөгч оролцож, гуравдах ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулсан байна.
Санал хураалтын дүнгээр:
- Нэр дэвшигч П.Амаржаргал 190,
- Ж.Хунан 176,
- П.Эрдэнэбат 56,
- Г.Нацагдорж 25,
- Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй аж.
Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулжээ.
Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлснээс Б.Баярсайхан нэрээ татжээ.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн товч намтар
Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд хотод 1979 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй.
Боловсрол:
- 1999-2005 онд Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургууль.
- 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан 3 дугаар дунд сургуулийг төгссөн.
Ажлын туршлага:
- 2001-2003 онд Унгар улс дахь Монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн
- 2002 онд Шүүх эрх мэдэл шинэтгэлийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах
- 2003-2005 онд Унгар улс дахь Монголчуудын холбооны гүйцэтгэх захирлын туслах
- 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн
- 2016 онд Монголын хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Монголын Хуульчдын Холбоо