Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцэрлэгийн хүүхдүүд зэвтэй тогооноос хооллож байна

2017 оны 11 сарын 06

Тендерийг яах гэж зохион байгуулдаг вэ... Товчоор хэлвэл, хамгийн сайн гэж үнэлэгдсэн, чанар стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авахын тулд зохион байгуулдаг. Гэтэл цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд энэ шаардлагыг яагаад мартав.

Үүнээс болж цэцэрлэгийн хүүхдүүд зэвтэй тогооноос хооллож байна гэх мэдээллийн мөрөөр бид “Баримт” нэвтрүүлгийн шинэ дугаараа бэлтгэлээ.

БАРИМТ:1 “Сарны титэм үзэсгэлэн”, “Мянган өндөр цахир” компаниуд техникийн шаардлага хангаагүй гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Энэ нь тогоо зэврэх, эвдрэх шалтгаан болсон гэж цэцэрлэгийн ажилчид хэллээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ...дугаар цэцэрлэг өнгөрсөн оны 8-р сарын дундуур "Сарны титэм үзэсгэлэн" компаниас 2-р хоолны тогоо хүлээж авсан байна. Тогоо хүлээж авсан зарлагын баримтад үнэ 720 мянган төгрөг, багтаамж 40 литр, наалддаггүй ширмэн тогоотой гэж бичжээ. Гэтэл ирсэн тогоо нь 2-р хоол хийх зориулалтын ширэмгүй учраас зөвхөн хуушуур хайрахад л ашигладаг. Өөр хоол хийхээр наалддаг. Байнга арчиж зүлгэхгүй бол зэвэрдэг гэж тус цэцэрлэгийн тогооч хэллээ.

Тогооч: Энэ тогоо нь шарах зориулалттай болохоор хоол хийгээд л тослоод байхгүй бол зэвэрчихдэг. Уг нь шинэ гэж авсан. Хоёрдугаар хоол хийхэд зориулагдсан тогоо биш. Зөвхөн юм шарах, тосонд хийж хайрах л зориулалттай юм байна лээ.

Яг ийм 2-р хоолны тогоо хүлээж авсан дараагийн цэцэрлэг нь 500 орчим хүүхэдтэй. Гэтэл 2-р хоолны тогоо нь нимгэн төмөртэй, түлэгдэхдээ хурдан болохоор хоол жигнэх боломжгүй. Тиймээс хоолоо зөвхөн тосонд хутгаж, хуурч болгохоос өөр арга байдаггүй гэлээ. Тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн яриаг одоо хүргэе.

Нягтлан бодогч: Зүгээр ингээд харахад л тэр чигээрээ зэв харагдана. Зөвхөн угаахдаа л ус хийж байгаа. Тэгээд угаасны дараа харахаар ирмэгийг нь дагаад зэв үлдчихдэг.

- Хүлээж авахдаа мэдээгүй юу?

- Мэдэхгүй байна аа. Нэгдүгээрт, би энэ жил шинээр орсон. Хоёрдугаарт, ажиллаж л байвал хүлээгээд авчихдаг. Шинэ юмыг чинь зэвэрнэ гэж мэдэхгүй. Тэгээд дараа нь зэврэхээр буцаана гэх биш.

- Зүгээр байхад зэвэрч байгаа юм чинь хүүхдүүд зэвтэй хоол идэж байна гэсэн үг үү?

- Нарийн ярих юм бол бараг л тийм болж таарч байна. Бид нар аль болох л сайн цэвэрлэхийг хичээдэг. Хүүхдүүд ямар нэг байдлаар хоолноос болж өвдвөл бид нар л хариуцлага хүлээнэ шүү дээ.

Энэ цэцэрлэг олон хүүхэдтэй учраас 2-р хоолны тогоо байнга хэрэгтэй болдог. Иймээс өнгөрсөн онд БСШУЯ-нд хүсэлт гаргаж, шинэ тогоо авсан байна. Гэтэл ирсэн шинэ тогоо нь хуучин 2-р хоолны тогоотойгоо яг ижил байсан учраас хэрэглэхгүй хадгалж байна.

Шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2015, 2016 оны тендерийн баримт бичигт 2-р хоолны тогооны техникийн тодорхойлолтыг хэрхэн заасныг одоо хүргэе.  Тодорхойлолтод  2-р хоолны тогоо нь 40 литрийн багтаамжтай, наалддаггүй ширэмтэй байна гэж бичжээ.

Тэгвэл “Сарны титэм үзэсгэлэн", “Мянган өндөр цахиур” компанийн нийлүүлсэн тогоо энэ шаардлагад нийцэж байна уу... Бид 30 гаруй жил цэцэрлэг, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байгаа Мандахтай хамт, тендерээр нийлүүлсэн 2-р хоолны тогоог үзлээ. Засварчин Мандах ингэж ярьсан юм.

- Засварчин: Тогооч нарын яриагаар энэ тогоонд хоол хийхээр маш их түлдэг гэсэн. Эвдэрсэн тохиолдолд засвар авахгүй. Бараг нэг удаагийн хэрэглээ маягийн юм байна лээ.

БСШУЯ-ны гаргасан техникийн тодорхойлолтод багтаамж нь 40 литр, наалддаггүй ширмэн тогоотой гэж бичсэн байна. Энэ тодорхойлолтод нийцэж байна уу?

- Ширмэн тогоо гээд биччихсэн боловч төмөр шүү дээ. Зэв гарчихсан байхыг нь би зөндөө харж байсан. Цаанаасаа ган төмөр гэж ирдэг ч гэсэн ингээд зэвэрчихдэг. Яг ямар материалаар хийдгийг нь би мэдэхгүй.

- Ийм тогоотой цэцэрлэг олон байна уу?

- За ер нь Боловсролын яамны тендерээр цэцэрлэг, сургуулийн гал тогоонд ирсэн бүх тогоонууд ийм. Бүгд чанарын шаардлага хангахгүй байгаа. Нэг, хоёрдугаар хоолны тогоо, цахилгаан пийшин бүгд ялгаагүй нэг эвдэрсэн тохиолдолд засвар авна гэж байхгүй. Тэгэхэд Оросын дээр үеийн тогоо бол сэлбэг нь элбэг, одоог хүртэл ажиллаж л байна шүү дээ.

Сүүлийн 2 жилийн хугацаанд улсын цэцэрлэгүүдэд нийлүүлсэн 2-р хоолны бүх тогоонууд ийм байна.  Бүгд чанар стандартын шаардлага хангаагүй гэдгийг засварчин  Мандах  ийн батлан хэллээ. 

Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд зарласан сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт "Мянган өндөр цахир" компани шалгарсан байдаг. Харин дараа жилийн  тендерт “Сарны титэм үзэсгэлэн” компани шалгарчээ.  Албан бус эх сурвалжийн мэдээллээр 2015 онд 70 цэцэрлэг, 2016 онд 80 гаруй цэцэрлэг гал тогооны тоног төхөөрөмж авсан гэсэн мэдээлэл байна.

"Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нийт 8 цэцэрлэгээр ороход 2-р хоолны тогоо 6 ширхэг байлаа. Хоёр цэцэрлэг нь тогоогоо зэвэрдэг ч гэсэн арчиж цэвэрлээд хоол хийдэг гэсэн бол үлдсэн дөрвөн цэцэрлэг нь 2-р хоолны тогоогоо огт ашиглахгүй байна. Зургаан тогооны гурвыг нь "Сарны титэм үзэсгэлэн", нэгийг нь "Мянган өндөр цахир" компани нийлүүлсэн байх юм. Үлдсэн гурван тогоог хэн, хэзээ нийлүүлсэн талаар цэцэрлэгийн ажилчид мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Үүнээс гадна цахилгаан пийшин, нэгдүгээр хоолны тогоо нь эвдэрсэн цэцэрлэг ч цөөнгүй байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ...дугаар цэцэрлэг. 2016 оны 12-р сарын 6-нд "Сарны титэм үзэсгэлэн" компанийн агуулахаас  1-р хоолны тогоо авсан байна. Гэвч энэ тогоо нь огт ажиллаагүй байна. 

БАРИМТ:2. Нэг сая 600 мянган төгрөгний үнэтэй тогоо усны савны зориулалтаар ашиглагдаж байна.

Хүлээлгэж өгсөн зарлагын баримт бичигт нь 100 литрийн багтаамжтай, 1 сая 600 мянган төгрөгийн үнэтэй гэж бичсэн байна. Мөн хүлээж авсан цэцэрлэгийн нягтлан бодогч "Сарны титэм үзэсгэлэн" компанийн тамга, холбогдох албан тушаалтны гарын үсэг байхаас гадна шалгасан нягтлан бодогч гэсэн хэсэгт БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газар Ганцэцэг гэсэн байна. Гэтэл 1 сая 600 мянган төгрөгийн үнэтэй  тогоо  өнөөдөр усны савны оронд хэрэглэгдэх болжээ.

Тогооч: Анх ирэхдээ л цахилгаанд холбохоор буцлах температуртаа хүрэхгүй буцаж унтраад огт ажиллаагүй. 100 литрийн тогоо гэж ирсэн мөртлөө 80 литр ордог. Уг нь бүх төрлийн 1-р хоол хийхээс гадна ус буцалгах ёстой. Гэтэл ус буцалгаж болохгүй, нэгдүгээр хоол хийх боломжгүй ийм тогоо. Одоо бол усны савны зориулалтаар л хэрэглэж байна. 

Шинэ ирсэн тогоо нь ажиллахгүй байсан учраас эцэг, эхийн хандив болон төрийн сангийн тусламжаар 160 литрийн багтаамжтай шинэ тогоо авсан гэж цэцэрлэгийн удирдлагууд хэлж байна. Гэвч тэд холбогдох яам, агентлаг болон тогоо нийлүүлсэн компанид гомдол гаргаагүй, энэ байдлаа хэлээгүй гэлээ.

Учир нь энэ тухай дээш нь хэлэхээр “Үнэгүй өгч байгаа юмыг авбал ав. Ашиглаж чадахгүй бол ард чинь ажиллах өөр хүн байгаа шүү” гэсэн тайлбар хэлдэг гэж цэцэрлэгийн ажилчид  ярьж байлаа.  Яг ийм хариу сонссон хүмүүсийн нэг бол Хан-Уул дүүргийн ...дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч. Тус цэцэрлэг 2014 оны 6-р сард “Мянган өндөр цахир” компаниас 2 сая 29 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан пийшин авсан байна. СХ дүүргийн Толгойтын айлын хашаанаас авсан пийшин нь сар гаруй болоод шатчихсан гэлээ. Дараа нь дахиад шинэ пийшин захиалж авсан. Одоо тэр пийшингийнх нь 3-н ширэм нь шатчихсан, хоол хийхэд хүндрэлтэй байна гэсэн юм.

Нягтлан бодогч: Өмнө нь бол нярав компанийн агуулахаас очиж гал тогооны тоног төхөөрөмж авдаг байсан. Арай ч үүн шиг айлын хашаанаас авч байгаагүй. Бүр Толгойт руу явж авсан. Одоо тэгээд яахав дээ айлын хашаа ч бай, юу ч бай чанартай л юм өгч байвал сайн байна. Аваад л сар гаруй болоод л дээд ширмүүд нь шатчихдаг. Одоо манайд байгаа пийшингийн гурван ширэм нь шатчихсан л байна. Хоолоо хийхийн тулд шөнө манаачаар тогоогоо залгуулдаг. Тэгэхгүй бол ганц ширэмтэй болохоор буцлахгүй байгаа юм чинь.

-Холбогдох газарт нь хэлж болдоггүй юм уу?

-Айдаг. Нэг үнэн юм хэлчихээр ажлын дарамт шахалт их шүү дээ. Хүн хэлэх гэсэн бодож санасан юм аа хэлж чадахгүй байна л гэсэн үг. Тийм болохоор хоорондоо л тэр асуудлаа ярьдаг.

Тендерээр ирсэн тоног төхөөрөмж үнэтэй мөртлөө чанаргүй байдаг. Хэрэв тоног төхөөрөмж өгөх гэж байгаа бол ажилчдын санаа бодлыг сонсох ёстой. Чанар муутай бараа бүтээгдэхүүнээ хүүхдэд шахахаа болих хэрэгтэй” гэж цэцэрлэгийн ажилчид шүүмжилж байлаа.

Ийм мэдээллийн мөрөөр Монголн үндэсний радиогийн ”Баримт”-ын баг тендерт шалгарсан компанийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг шалгаж хүлээж авах ёстой БСШУЯ-нд хандлаа. Нэвтрүүлгийн баг мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу бичгээр тендерийн материалтай танилцах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч БСШУЯ-наас хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй байна. Бид мөн тус яамны хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулж, мэдээлэл авах гэсэн боловч “Хариуцсан дарга нь гадагшаа ажлаар явсан учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн Худалдан авах ажиллагааны газар татан буугдаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа хэлтэс болсон. Иймээс өмнөх асуудлыг мэдэхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өглөө.

Бид цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн "Сарны титэм үзэсгэлэн", "Мянган өндөр цахир" компаниас энэ талаар тайлбар авах хүсэлтээ утсаар илэрхийлсэн. “Мянган өндөр цахир” компанийн удирдлага “Манайхан хөдөө ажиллаж байна. Утсаар тайлбар хэлэх боломжгүй” гэсэн бол "Сарны титэм үзэсгэлэн" компанийн төлөөлөл “Эргээд утсаар холбогдъё” гээд албан ёсны тайлбар мэдээлэл өгсөнгүй.

БАРИМТ :3 Зэвтэй тогооноос хоол идсэн  хүүхдийн биед төмөр болон хүнд металь орох аюултай гэж судлаачид хэллээ.

Нийтийн үйлчилгээний гал тогооны тоног төхөөрөмж нь ган доторлогоотой, элдэв төрлийн химийн бодис, бохирдуулагч хоол хүнстэй урвалд ордог байх ёсгүй гэсэн эрүүл ахуйн стандарт байдаг. Харин хоолны тогоо зэвэрч байна гэдэг нь энэ шаардлагад нийцээгүйг харуулж байна гэж МХЕГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ургамал мэдэгдлээ.

Ахлах байцаагч Ургамал: Зориулалтын бус тоног төхөөрөмж ашигласнаас болж зэвэрнэ гэдэг бол ган доторлогоогүйгээс болж төмөр нь ус болон бусад шингэн зүйлтэй урвалд орж байна гэсэн үг. Тэр зэвээр хүнд металь хүнсэнд шилжиж орно. Тэгэхээр стандартын шаардлага хангахгүй байна л гэж ойлгох хэрэгтэй.

Бид Монгол улсын боловсролын их сургуулийн химийн тэнхмийн ахлах багш Пүрэвжавтай уулзсан юм. Тэрбээр "Зэвэнд идэгдсэн хадаас бутраад унадаг. Үүн шиг тогооны чанар бас муудна. Зэв нь хүний нүдэнд харагдахгүй ч гэсэн хоолтой урвалд орж л байгаа. Тогоо зэвэрч байна гэдэг нь төмрөн гадаргуу хоолны устай урвалд орж байна гэсэн үг. Харин үүгээр дамжсан хүнд металийн үлдэгдэл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

Харин техникийн шаардлагад нийцээгүй гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн "Сарны титэм үзэсгэлэн", "Мянган өндөр цахиур" компанийн төлөөлөл тайлбар мэдээлэл өгсөнгүй. Энэ хоёр компанийг шалгаруулсан төрийн байгууллагууд ч бас мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Харин хүүхдүүд:............

  • Цэцэрлэгт явах гоё уу?
  • Гоё
  • Юу нь гоё вэ?
  • Хичээл нь
  • Цэцэрлэгийн хоол нь амттай юу?
  • Гоё
  • Чи ямар хоолонд дуртай вэ?
  • Цуйван, лапша, хуушуур
  • Хоолоо бүгдийг нь иддэг үү?
  • Тийм. Бас нэмүүлдэг гэж хариулж байна.

Тендерийг яах гэж зохион байгуулдаг вэ? Товчоор хэлвэл, хамгийн сайн гэж үнэлэгдсэн, чанар стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг улсын төсвийн хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авахын тулд.

Энэ ажлыг хэний төлөө хийдэг вэ? Иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, сурч, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд. Тэгвэл цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд энэ шаардлагыг яагаад мартав...

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49151
0 эможи
keyboard_arrow_up