“БУЯНТ УХАА“ цэвэрлэх байгууламж ирэх онд ашиглалтад орно
БХБЯамны мэргэжилтнүүд болон, Барилгын хөгжлийн төвийн захиалагчийн техник хяналтын инженерүүд "Буянт ухаа" цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцаж, үе шатны ажлын хяналт шалгалт хийж, үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Буянт-Ухаа" орон сууцны хороололын 20,000 м3/хон хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг HNC ХХК гүйцэтгэхээр 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
Одоогийн байдлаар Барилга угсралтын ажил дуусаж, гадна дулаан, цахилгаан хангамжийн шугам сүлжээний болон халаалтын зуух, цахилгааны дэд өртөөний барилгын ажлууд хийгдэж байна. Цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж суурилуулагдсан бөгөөд хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой туршилт тохируулгын ажлыг хойшлуулж дулааны улиралд хийхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар нийт барилгын ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд 2018 оны 06 сарын 01 ны өдөр барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.