Бидний хүүхэдтэй чацуу ТЭД
- Буудал бүрийг өөрсдөө шалгаад, булан бүрийг өөрсдөө манаад, буруутан бүрийг өөрсдөө мөрдөөд байвал дээрддэг юм болов уу? Дээрдэнэ. Гэхдээ өөрсдөд минь өөрсдийн гэсэн амьдрал байдаг. Насаараа ингэж чадахгүй. Маргах хэрэггүй дээ. Үнэн. Тиймээс үүнийг хийх ёстой бүтэц, хийх ёстой хүмүүст нь даалгах, шахаж шаардах ажлыг давхар шаардвал дээр санагдана. Өөрсдөө нүдээ нээе. Өнөө “дээдүүл”-ийн нүдийг ч бас нээлгэе-
Охин минь өнөөдөр таван нас хүрэв. Баярын бялуунд нь хатгах лааг харан сууна. “Миний жижигхэн шар" гэж эрхлүүлдэг охин минь энэ лааг үлээхдээ ямар хүсэл шивнэх бол? Алс холыг, асар томыг хүсэх болоогүй нялхаарааг нь мэднэ. ”Ээж ээ, би өнөөдрөөс таван настай. Өчигдөр дөрвөн настай байсан" гэж шулганана. Төрсөн өдрийн бэлгэндээ “шатар” хүссэн тул одоо хамтдаа дэлгүүр гарна.
Хоёр жилийн өмнө хойд ээжийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай охины хэрэг ид “моданд орж” байв. Охин шиг минь дөрвөн настай байсан ТЭР. Охинд минь тав хүрэх маргааш байж. Түүнд харин байсангүй. Хойд ээж, төрсөн эцэгт cap хүрэхгүйн өмнө Улсын Дээд Шүүхээс ял оноов. Моданаас гарсан бололтой, хэргийн эцсийг олон хүн сонирхсонгүй ээ. Бидний нулимсыг салхи арччихжээ. Гэвч түүний амь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг ахин сануулсан.
Сарын өмнө таван настай охин шүүх эмнэлэгт “хүчиндүүлсэн байж болзошгүй” хэмээн очжээ. Төрийн төмөр нүүр түүнээс арван мянган төгрөг нэхэв. Төлөх мөнгө байсангүй. Охинтой минь чацуу ТЭР. Охины зовлон насанд хүрээгүй хохирогчоос мөнгө нэхдэг журмыг өөрчлөв. Гэхдээ насанд хүрсэн, мөнгөгүй хохирогч нь яах юм? Бүү мэд.
Хоёр сарын өмнө 13 настай охин буудалд амиа алдав. Хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт найман настай охиныг хүчиндэж гэх мэтээр хохирогчдоо бид насаар нь ялган дууддаг болов.
Охин шиг минь, охин шиг тань ТЭД. Хүү шиг минь Тэд, хүү шиг тань ТЭД. Зүйрлэн бодож тэднийг хөөрхийлөв. МАРТАВ. Гэхдээ үгийн байрлалыг өөрчилье. Тэдэн шиг болсон таны ОХИН. Тэдэн шиг болсон таны ХҮҮ. Зүйрлэн бодож хүүгээ, охиноо хөөрхийлөв. Мартаж ЧАДАХ уу? Гэвч бас мартагдах, үл мартагдахаар тэдний үнэ цэн хэмжигдэх үү?
БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЯГ ЮУ ЮМ БЭ?
Тэдтэй охин, эдтэй охин. Охидоо хаанаа нуух вэ? Орой үдэш бүү гарга. Богинохон юбка бүү өмсгө. Сурагч охидын формын хормойг уртасгая гэх мэтээр хохирогчийг ярьсаар л, ярьсаар л. Хэрэгтэнг олдвол харин цаазалъя гээд боллоо. Гүйцээ.
Буудал бүрийг өөрсдөө шалгаад, булан бүрийг өөрсдөө манаад, буруутан бүрийг өөрсдөө мөрдөөд байвал дээрддэг юм болов уу? Дээрдэнэ. Гэхдээ өөрсдөд минь өөрсдийн гэсэн амьдрал байдаг. Насаараа ингэж чадахгүй. Маргах хэрэггүй дээ. Үнэн. Тиймээс үүнийг хийх ёстой бүтэц, хийх ёстой хүмүүст нь даалгах, шахаж шаардах ажлыг давхар шаардвал дээр санагдана. Өөрсдөө нүдээ нээе. Өнөө “дээдүүл”-ийн нүдийг ч бас нээлгэе.
Гэмтлийн эмнэлэгт тоног төхөөрөмж авч өглөө. Онцгой байдлын ерөнхий газартаа нисдэг тэрэг авч өгөхөөр ч мөнгө цуглууллаа. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч ч авч өглөө. Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээлгийн өрөөг ч тохижуулав. Сумдын сургуулийн номын фондыг ч өргөтгөв. Буудлаа ч өөрсдөө шалгалаа.
Тэр зуур Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хоёр нь хэн нь илүү авлигачин, төсвийн мөнгө идэж ууснаа дуудалцан муудалцаж сууна... Тохуутай яа.
/энэ сэдвийг бид үргэлжлүүлэн хөндөх болно/
Хуульч Ч.Бат-Уянга