Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Чи хэмнэснээр би хэрэглэнэ

2017 оны 11 сарын 07

Хүн бүр эрчим хүчээ хэмнэсэн бол өдгөө өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хан­гачихаар хэмжээнд эр­чим хүчтэй байхаар ху­гацаа өнгөрлөө. Бас тийм хэмжээний уриалга хөвөрлөө. Эрчим хүчний хэмнэлтийг дан ганц иргэдийн сэтгэлийн чин зоригт даатган орхих бус бодлогоор “босгож” ирж хүчтэй түлхэх дэлхий нийтийн хандлагад нэгдэх цаг иржээ. Монгол энэ замд гүйж эхлээгүй ч барианаас яаж гарахаа тодорхойлоод алхаад эхэлчихэж.

Эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, хэмнэх асуудлыг дэлхийн нийт улсын 50 гаруй хувь нь хуульчилж, 80 орчим хувь нь энэ талаар төрийн ямар нэг бодлогын баримт бичиг гаргасан байдаг. Монгол Улсын хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Эрчим хүчний хэмнэлтийн тухай  хуулийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг хүлээлгэх замаар эрчим хүчний үр ашгийг нь дээшлүүлж хэмнүүлэх нь тус хуулийн гол зорилго. Өөрөөр хэлбэл, “Чи хэмнэвэл, би хэрэглэнэ” гэсэн зарчим дээр тулгуурлаж, хэмнэлт нь эргээд эрчим хүчний  эх үүсвэр болно гэсэн үг.  Эрчим хүчний хэмнэлт гэсэн энэ үг   байгаль цаг уурын өөрчлөлт, газар доорх баялаг, эрчим хүчний нөөц, түүний эрэлт хэрэгцээ гээд олон асуудлыг хамарна. Хэдийгээр хэмнэлт хийснээр төгс шийдэлд хүрч чадахгүй ч  одоо байгаа хувилбаруудаас ирээдүйгээ бодсон хамгийн сайн нь хувилбар гэж дэлхий даяараа үзэж байна.

Харин бусад хэрэглэгчийн хувьд өөрсдийн зардлаа бууруулж, мөнгөө өсгөе гэвэл эрчим хүчээ хэмнэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

Монголын цахилгаан эрчим хүчний хэрэглээний бүтцийн хувьд 73 хувийг аж ахуйн нэгж байгууллага, үлдсэн хувийг айл өрхүүд эзэлж байна. Эндээс харахад хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, үр ашгийг нь хүртэх хэрэглэгчийн дийлэнх нь аж ахуйн нэгж байгууллага байхаар байгаа юм. Энэ ч утгаараа хуулинд эрчим хүчний хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тодорхойлон, эрчим хүч хэмнэлтийг үйл ажиллагаандаа заавал хэрэгжүүлж, жил бүр тайлан тооцоо гаргаж тайлагнаж байхаар зохицуулжээ. Харин бусад хэрэглэгчийн хувьд өөрсдийн зардлаа бууруулж, мөнгөө өсгөе гэвэл эрчим хүчээ хэмнэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зохицуулсан байна. Гэхдээ үүнийг тэдний асуудал гээд орхигдуулаагүй, тэдэнд эрчим хүчээ хэмнэх ухамсарыг бий болгох, оролцоог нь идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулна.

Одоогоор Засгийн газраас хараахан үүрэг хүлээсэн хэрэглэгчид хамруулах эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг батлаагүй байгаа.

Гэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны  санал болгож буй босго хэмжээгээр тооцвол,  Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой, Талх чихэр, “Мах Импекс”, “АПУ”, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төр, хувийн хэвшил нийлсэн томоохон 148 аж ахуйн нэгж, байгууллага үүрэг хүлээсэн хэрэглэгчид хамрагдахаар байгаа юм.

Учир нь энэ 148 компани Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 60 гаруй хувийг зарцуулж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн жилийн урсгал зардлын 30-40 хувь нь эрчим хүчний зардалд ногддог. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй байгууллагуудын хувьд урсгал зардлаа хэмнэвэл ашиг нэмэгдэх учир татгалзаад байх шалтгаан байхгүй л болов уу.

Тэгэхээр энэ хуулийг хүчтэй эсэргүүцээд байхааргүй Win&Win буюу хэтдээ талууд харилцан ашигтай байж болохоор тохиролцоо харагдаж буй. Үүрэг хүлээсэн хэрэглэгчид төсөвтөө тааруулаад хэмнэх өөрсдийн арга технологио сонгоно. Зааварчлах ажлыг эрчим хүчний аудитор хийх юм байна.

“Бидний урьдчилсан тооцоогоор доод тал нь 15 хувийн хэмнэлт хийхэд нийтдээ 73.3 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй  570.6 сая кВт.ц хэмнэлт гарах боломжтой.Үүнийг 48 МВт-ын хүчин чадалтай Дарханы ДЦС-ын 2015 онд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээтэй харьцуулахад  хоёр дахин их байгаа” хэмээн Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга Ц.Атаржаргал ярьж байна.

Уул уурхай, аж үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагддаг үндсэн тоног төхөөрөмжийг багцлан жагсаавал: төрөл бүрийн хөдөлгүүр, хувьсах, тогтмол зарцуулалттай мотор, насос, бойлер, хөргөлтийн төхөөрөмж, агааржуулагч болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжүүд голлох хэрэглээг эзэлдэг байна. Хэмнэлтийн 65 хувь нь шинэ техник технологи нэвтрүүлснээс, 20 орчим хувь нь эрчим хүчний чадавхийг бүрэн ашигласнаас 15 орчим хувь нь зохион байгуулалтын зөв бүтэцтэй болсноос гардаг байна. Бүтэц зохион байгуулалтын асуудалд хөрөнгө оруулалтын зардал хамгийн бага шаарддаг гэж үздэг. Тэгэхээр томоохон хэрэглэгч байгууллагууд хөрөнгө оруулалт бага шаардах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд  л дор хаяж 15 хувь хэмнэх боломжтой аж.

Гэхдээ зөвхөн өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллагын араас хөөцөлдөх бус бусад иргэн, айл өрх, ахуйн хэрэглэгчийг эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, хэмнэх үйлсэд татан оролцуулбал хэмнэлтийг жинхэнэ утгаар нь бодит хөрсөнд буулгана. Ахуйн хэрэгцээнд хэрэглэж байгаа эрчим хүчний 70 хувийг халаалтанд, үлдсэн 30 хувийг бусад зориулалтаар ашигладаг. Үүнийг  нарийвчилбал өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 27 хувийг хөргөгчид, 21 хувийг цахилгаан зууханд, 18 хувийг гэрэлтүүлэгт, 15 хувийг угаалгад, 11 хувийг зурагтад, есөн хувийг бусад ахуйн цахилгаан хэрэгсэлд хэрэглэдэг байна.

Нөгөө талаас өнөөдөр эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчид   эрчим хүчний хамгийн том хэрэглэгч байдаг байна.  Эрчим хүчний салбар нийт үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 28 хувийг зарцуулж байгаа нь эрчим хүч үйлдвэрлэхийн тулд ямар их зарцуулалт хийдгийг харуулж буй.

Эрчим хүчний анхдагч эх үүсвэр, нөөцийг (тухайлбал нүүрс, нефть, байгалийн хий) олборлон тээвэрлэж, цахилгаан, дулааны эрчим хүч болгон хувиргаж хэрэглэгчид хүргэх шат дамжлагад ойролцоогоор үйлдвэрлэсэн эрчим хүчний  гуравны хоёр нь алдагддаг. Өдгөө манайд эрчим хүчний дөрвөн систем, найман дулааны цахилгаан станц, ус болон нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн, түгээж байна.

Бидэнд бусдаас их баялаг заяасан ч хэзээ нэгэн цагт шавхагдах өдөр ирнэ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хурдацтай хөгжил нь эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг бий болгож эх үүсвэрүүдийн чадал нь хэрэгцээгээ бүрэн хангахгүй байдалд хүргэх, одоо ажиллаж байгаа эх үүсвэрүүдийн насжилт өндөр болж, тоноглолын элэгдэл нэмэгдсэн, оргил ачааллын үед бэлтгэл болон нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нь тухайн салбарт хэмнэлтийн хүрээнд цогц шинэчлэл шаардлагатайг гэрчилнэ. Хэмнүүлэхийн тулд эрчим хүчний салбар өөрөө үүрэг хүлээж түүчээлэх хэрэгтэй болж буй.

Эдгээр тооцооллыг бодит амьдралд буулгаж хэрэгжүүлэхийн тулд хуулийн хүрээнд үүрэг хүлээх хэрэглэгчид дээр түлхүү үйл ажиллагаагаа явуулах, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох эрчим хүчний аудитор, менежер зэрэг мэргэшсэн боловсон хүчний чадавхид онцгой анхаарах шаардлагатай нь харагдаж байна.  Түүнчлэн хуулийн хэрэгжилт нь албадлагын шинж чанартай тул үүрэг хүлээх аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн талаар эерэг зөв хандлагыг бий болгох, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх болон эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэх нэг арга гэдгийг ойлгуулах нь зайлшгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн эрчим хүчний үндсэн түүхий эд болох нүүрсээр баян, дээр нь салхи, нарнаас эрчим хүч гарган авах өндөр боломжтой орон байхад хэмнэх шаардлага юу байна гэж зарим нь асууж мэдэх юм. Бидэнд бусдаас их баялаг заяасан ч хэзээ нэгэн цагт шавхагдах өдөр ирнэ. Хэдийгээр дэлхийн улсууд газар нутгаа хилийн зурвасаар манайх, танайх гэж зааглаж чадах ч уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийг өөрийн улсаас гадуур байлган тусгаарлаж чадахгүй. Тиймээс дэлхийн ихэнх улс нийт хүн төрөлхтний амьдралын хэв маягаас үүдэлтэй сөрөг үр дагаваруудыг багасгахын тулд хамтын зүтгэл гаргаж байгаагийн нэг илрэл нь хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх олон улсын давалгаа юм. Дэлхийгээс салан тусгаарлах гээгүй л юм бол энэ дэлхий дээрх бүх улс эрчим хүчийг хэмнэх үйлст хүссэн хүсээгүй нэгдэнэ. Монгол шиг эрчим хүчний нөөцөөр баян орон ч гадуур нь үлдэхгүй.

Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны №10/112/ дугаараас

Б.Энхцэцэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49215
0 эможи
keyboard_arrow_up