Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Амгаланбаатар МҮЭХ-г амьгүй сүнс мэт ашигласаар байх уу

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

Тэртээх 100 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх суурийг тавьж байжээ. Өдгөө МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай монголын татвар төлөгчдийн халааснаас төртэй зэрэгцэн албан ёсоор татаас авдаг цорын ганцхан байгууллага юм.

Тэгвэл 450 мянга орчим гишүүд дэмжигчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг гэх МҮЭХ-ны Их хурал энэ сарын 8, 9-нд буюу маргааш, нөгөөдөр болно. Энэ хурлаар дараагийн 4 жилд тус холбоог удирдах хүнийг сонгох юм. МҮЭХ-ны шинэ удирдлагад МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн дарга Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн ажээ.

Дөрвөн жилд нэг удаа сонгогддог энэ албанд өнгөрсөн 4 жил Х.Амгаланбаатар  ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд түүнийг үйлдвэрчний эвлэлийн холбооны нэрээр хувийнхаа ажлыг багагүй амжуулсан хэмээн хардах хүн цөөнгүй. Тухайлбал, Монголын Үйлдвэрчний Соёлын ордоны хажуу талын 700 квдрат метр,  хотын “А” бүст  байрладаг модтой цэцэрлэгийг тэрбээр “Макс” группт 500 сая төгрөгөөр зарж, мөнгөө ч авалгүй  хивсэнцэрээр бартер хийсэн гэнэ. Тэр хивсэнцэрээ “Альфа” зочид буудалдаа ашигласан гэдэг. Мөн “Шар”хадны ойролцоо МҮЭ-ийн ногооны талбай байсныг жилээс жилд хумисаар  1,6 га газар үлдсэн байсан нь одоо ор сураггүй болсон байна. Энэ мэт баримтуудыг багагүй цуваа үүсгэнэ.

Тэгвэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллага зөвхөн гишүүн болсон татвар төлөгчдөд л үйлчилнэ. Үйлдвэрчний эвлэл нь ажилтан ажилчдын эвлэлдэн нэгдэж зохион байгуулсан байнгын ажиллагаатай ардчилсан байгууллага бөгөөд хүчтэй эвсэл байгуулж эзэнтэйгээ эрх тэгш харилцаж чадна. Ийм замаар л хөдөлмөрөө шударга  үнэлүүлж, амьжиргаандаа зориулж буй ажилчин хүн гэсэн эрхэм алдраа эцсийн эцэст эргүүлэн авч чадна. Ийнхүү ажилчин хүн аж амьдралынхаа сайн сайханд нөлөөлөн үйлчлэх чадалтай болно хэмээн дүрмэндээ буулгажээ.

Харин тэд гишүүдээсээ хэдэн төгрөгийн татвар хураадаг вэ. Дүрэмд нь зааснаар энэ асуудлыг тооцох тун хялбархан бөгөөд нэг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, бэлэн бусаар хураана гэжээ. Тэгвэл 450 мянга орчим гишүүний нэг сарын дундаж цалинг 500 мянган төгрөгөөр тооцож үзэхэд нэг хувь нь сар бүр үйлдвэрчний эвлэлийн хороодын данс руу автоматаар шилжинэ. /Дүрэмд нь нэг ба түүнээс дээш хувь гэж заасан/. Энэ нь 5000 төгрөг. Үүнийг 450 мянган гишүүнд үржүүлэхэд  2 тэрбум 250 сая төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, орон даяар үйлдвэрчний эвлэлийн хороод зөвхөн идэвхитэй гишүүдээсээ сард 2 тэрбум 250 сая төгрөгийн татвар авдаг байх нь. Хамгийн багаар бодоход шүү.

Тэгтэл МҮЭХ-ны удирдлага  18 данстай, зарим  дансуудыг нэг удаа ашиглаад хаяж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван тэрбумын орлого нь 400 сая болтлоо буурлаа. 200 гаруй сая төгрөгийн өр нь 1,8 тэрбум болтлоо өслөө.  МҮЭХ сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалд өртэй, татварт тайлангаа цаг тухайд нь өгдөггүй, байнга зөрүүтэй мэдээлэл өгч ирсэн гэх мэдээлэл ч гараад байна. Тэр ч бүү хэл МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  гурван жилийн хугацаанд дөрвөн автомашин авч унаж, 130 сая төгрөгөөр “Toyoto escalade”, тус бүр нь 30 сая төгрөгийн үнэтэй“Toyoto camry”, “Toyoto crown” машин сэлгэн унадаг гэх. 

Энэ сарын 17, 18 нд тус байгууллагын 100 жилийн ой тохионо. Ой арга хэмжээнд нийтдээ 300 сая төгрөгийг зориулж байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч байна. Сар бүр Үйлдвэрчний эвлэл рүү урсан орох мөнгөний хэмжээ, юунд хэрхэн зарцуулж байгаагаа хэзээ ч хэлдэггүй. Зөвхөн хэдэн мянган багш, эмч, барилгачин, төмөр замчин, уурхайчдыг эгнээндээ нэгтгэсэн  Монголын үйлдвэрчний эвлэл хэмээх том байгууллагын  эзэд хэний эрхийг хамгаалсан бэ.

Өнгөрсөн он жилүүдэд төсөв хүнд байгаа учраас цалинг нь хасна, төрийн бүтэц данхар байгаа учраас хална, цөөлнө гэхчлэнгээр цөөнгүй хүний ажил, амьдралын асуудал хөндөгдсөн. Харин тэр үед МҮЭХ-ныхон ганц үг ганхийгээгүй, гишүүдийнхээ эрх ашгийн талаар дуугараагүй. Тэгсэн атлаа өөрийнхөө эрх ашгийн төлөө Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа нар 100 жилийн ой нэрийн дор улс орноо тойрон аялж, Хөвсгөл далайн эрэг дээр хундага жингэнүүлж байна. Эмч багш нар жагсаал тэмцэл, ажил хаялт яриад явж байхад тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээсэн тэд МҮЭХ-ийг мөнгө цутгагч амьгүй сүнс мэт болгохор улайрч байна.

Х.Амгаланбаатар дахин сонгогдож, өөрийн идэж ууснаа нуух гэж, их мөнгөн дээр туйлах гэж маргаашийн Их хурлын 300 төлөөлөгчийг аргадаж, аргалж, өөртөө санал өгүүлэх гэж бүхий л аргаа хэрэглэж байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49247
0 эможи
keyboard_arrow_up