ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 50 оюутан нэмж суралцуулна
ОХУ бол бидний найрамдалт харилцаатай эртний түнш. Тэр утгаараа хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд боловсролын салбар хамгийн өргөн хүрээнд хөгжиж ирсэн. Түүх сөхвөл одоогоос 95 жилийн өмнө 15 монгол оюутан Москвад очиж суралцаж байжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл 60 гаруй мянган хүн ОХУ-ын их, дээд сургууль, ТМС, техникумд суралцаж төгссөн байна. Монголын нийт эрдэмтдийн 70 гаруй хувь нь, инженер техникийн ажилчдын 60 орчим хувь нь ОХУ-д буюу хуучнаар Зөвлөлт холбоот улсад сургууль төгссөн байна. Тиймээс манай улс ОХУ-д суралцагсдын тоог жил бүр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. БСШУС-ын сайд өнгөрсөн жил ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд О.Ю.Васильеватай уулзаж, боловсролын салбарт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 хүүхэд тэтгэлгээр суралцуулахаар болсон. Мөн ОХУ-ын соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуульд элсэн суралцах монгол иргэдийн сонгон шалгаруулалтыг 2017 оноос Монголд зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэ удаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид ямар асуудалд анхаарч ажиллахаа ярилцжээ.
Энэ онд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монголоос 450 оюутан суралцаж байгаа аж. Цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог 500 болгож нэмэх талаар хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын засгийн газрын тэтгэлгээр 50 оюутан нэмж суралцуулахаар болжээ. Мөн энэ үеэр Элчин сайд И.К Азизов их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХӨДӨӨГИЙН СУРАГЧДЫГ ТҮЛХҮҮ ХАМРУУЛНА ГЭВ
Гадаад руу суралцахаар явахаар төлөвлөж байгаа ихэнх залуус эхлээд АНУ болон Европын орнуудыг сонгодог. Тэр дундаа тэтгэлэг элбэгтэй, сургалт сайтай гээд ОХУ-ыг зорих нь элбэг байдаг. Тиймээс манай улс багш, сурагчдын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд нэлээд анхаарч байгаа. Мөн энэ ажлын хүрээнд Монголд ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулдаг, тус улсын ерөнхий боловсролын гэрчилгээ олгодог сургууль болох ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургууль, “Плехановын нэрэмжит сургууль”, “Эрдэнэтийн сургууль”, “Орос-Монголын хамтарсан III сургууль”-ийн төгсөлтийн шалгалт авах төвийг МУБИС-д түшиглэн байгуулахаар болжээ. Мөн Орос хэлний сургалтын төвийг ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн дэмжлэгээр МУБИС-д байгуулахаар болсон байна. Сүүлийн дөрвөн жил Оросын Шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгалтыг зохион байгуулж байгаа аж. Ингэхдээ хөдөө орон нутгийн иргэдийг тэтгэлэгт түлхүү хамруулахаар ажиллаж байна. Энэ ажлыг Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, Дорнод, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт Орос хэлний олимпиад зохион байгуулж, амжилттай оролцсон 30 хүүхдийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсон байна. Манай улсаас ОХУ-д тэтгэлгээр суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг “Монгол Оросын найрамдлын нийгэмлэг”, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин