Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Дашхүү: Б.Мягмарыг МҮЭХ-оос тодорч гарч ирэх удирдагч гэж харж байна

2017 оны 11 сарын 08

Arslan.mn

Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой МҮЭХ-ны ээлжит XXII хурал энэ сарын 8,9-ий өдрүүдэд болж байгаа билээ. Тус их хуралтай холбогдуулан МҮЭХ-ны ахмад гишүүн, МҮЭХ-ны харьяа Хөдөлмөр, Нийгмийн харилцааны дээд сургуулийн судлаач багш, доктор, дэд профессор Ж.Дашхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх МҮЭХ-той хэрхэн амьдралаа холбож байв. Энэ талаар яриагаа эхлүүлье.

-Миний бие 1969 онд тухайн үеийн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлд нягтлан бодогчоор ажилд орж байлаа. Тэр үеэс хойш ҮЭ-ийн төв аппарат, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, ажилчдын цалин урамшууллын чиглэлээр голлон ажилласаар 50 гаруй жил болсон байна. Одоо ч гэсэн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж байна.

-Ер нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага яагаад үүсэн бий болох болов. Түүхэн замналын тухайд?

-Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсгэн байгуулагдаад 100 жил болж байна. Түүхэн судлалын үүднээс үзэхэд ихэнх улс орнуудад ажилчин анги үүсч бий болсноор хөдөлмөрийн харилцаанд эдийн засаг, эрхзүй, нийгмийн талаас тодорхой зөрчлүүд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал бий болсон байдаг. Энэ мөлжлөгөөс чөлөөлөгдөж, хөдөлмөрлөх эрх чөлөөгөө олохын төлөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулагдаж байсан гэдэг.

Харин монгол улсын хувьд ажилчин анги, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хоёр зэрэгцэж байгуулагдаж байснаараа онцлогтой. Нөгөө талаас хөдөлмөрийн хүмүүсийг чадваржуулах, соён гэгээрүүлэх асуудал бол Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хамгийн анхны хөшүүрэг байсан төдийгүй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн байгууллагын үүргийг давхар гүйцэтгэж байсан. Тухайлбал, Монголын хүн амын бүх давхрагыг хамарсан амралт рашаан сувилалын үйлчилгээ, хөдөлмөрийн хуулийн биелэлт, төрийн захиргааны хяналт, соён гэгээрлийн асуудал гэх мэтчилэн нийгмийн бүхий л салбарт өөрийн үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан түүхтэй.

-Нэгэн зууны түүхтэй Үйлдвэрчний эвлэлийн ахмад гишүүний хувьд өнөөгийн МҮЭХ-ны нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Онолын судалгаанаас үзэхэд аливаа байгууллага эхэлж байгуулагдахдаа нийгмийнхээ захиалгаар нэлээд өргөн хүрээтэй үйл ажиллагаагаа эхэлж, үр дүнгээрээ хөгжлөө олж, зохих түвшинд хүрээд тогтворждог. Зарим тохиолдолд тогтворжоод буурдаг хандлага бий. Харин өнөөгийн ҮЭ-ийн байгууллага энэ зарчмын дагуу үйл ажиллагаа нь суларсан буюу буурсан түвшинд ирсэн байна. Энэ нь одоогийн их МҮЭХ-ны XXII хуралд оролцож байгаа гишүүдийн хамгийн чухал анхаарах гол асуудал гэж харж байгаа. Тийм учраас хамтын гэрээ хэлэлцээрт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын эдийн засгийн арга механизмийг тодорхой хэрэгжүүлж, тогтоож авах хэрэгтэй. Энэ нь ҮЭ-ийн байгууллагын өөрийнхөө үйл ажиллагааг нийгэмд өргөн далайцтай, үр дүнтэй явуулах нэг гарц болох юм. Нөгөө талаар Үйлдвэрчний эвлэлийн удирдагч ямар байх вэ гэдгээс хамаарч энэ байгууллагын цаашдын үйл ажиллагаа тодорхойлогдоно. Ерөөсөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол аливаа улс төрийн нам, бүлэглэлээс ангид байдаг хамгийн өргөн хүрээтэй олон нийтийн байгууллага. Тийм ч учраас өөрсдийн хөдөлмөрлөх эрх ашгийн төлөө эвлэлдэн нийлэлдсэн тэр зарчмаараа удирдагчаа өөрсдөө сонгодог.

-МҮЭХ-ны XXII их хурал өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн хурлаар гарах үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Энэ удаагийн XXII дугаар их хурлаас удирдагчаа сонгохдоо нийгмийн эрх ашиг, хөдөлмөрийн хүмүүсийн эрх ашгийн үүднээс маш хариуцлагатай хандаж сонголтоо хийгээсэй гэж бодож байна. МҮЭХ-ны мэргэжлийн болоод орон нутгийн холбоодод чадварлаг удирдагчид олон бий. Үүнээс онцгойлон дурьдахад Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ховд, Орхон, Дорноговь аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоод маш сайн үйл ажиллагаа явуулж, нийгмийнхээ үүргийг бодитоор биелүүлж байна. Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар энэ удаагийн их хуралд нэр дэвшихээр болсонд миний хувьд баяртай байна. Яагаад гэвэл энэ хүн аливаа ажилд шинжлэх ухаанчаар хандаж, үйлдвэрчний эвлэлийн байгуулагыг чадавхижуулахад санаачлагатай ажилладаг.

Тухайлбал, Эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг тодорхой стандарт, хэмжүүртэй болгож, энэ хэмжүүрийн үр дүнгээр цалин урамшууллын тогтолцоог шинэчлэх нь зүйтэй юм гэсэн эрүүл мэндийн салбарын төдийгүй нийгмийн хүрээний суурь судалгааг хийсэн.

Орон нутгийн ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллах ёстой гэсэн чиглэлийг баримталж ажилладаг гээд олон давуу, дайчин чанар түүнд бий.  Тийм учраас Б.Мягмарыг МҮЭХ-оос тодорч гарч ирэх удирдагч гэж харж байна.

Энэ удаагийн их хурал бол нийгэмд ямар нэгэн түлхэц өгч, зөв хөдөлгөөнд орно гэдэгт итгэж байна.

-Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсэе.

-Баярлалаа. Таны хамт олонд ажлын их амжилтыг хүсэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49307
1 эможи
keyboard_arrow_up