БАГШ НАР урамшуулал авахаар болсон тул АЖИЛ ХАЯЛТАНД ОРОЛЦОХГҮЙ
Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Багш нарын тэмцэл 3 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж, арав хоногийн турш хэлэлцэж тодорхой үр дүнд хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Үндсэн хуулийн 19.1-т зааснаар төр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах үүрэгтэй гэсний хүрээнд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжоор хангаж чадлаа" гэж өмгөөлөгч Г.Батбаяр хэллээ.
Багш н.Лувсандорж "Багшийн цалин нэмүүлэх түр хороо дөрвөн үндсэн шаардлага тавьж ирсэн. Сүүлийн гурван заалт нь хоёр талт хэлэлцээрийн хүрээнд шийдэгдсэн байсан. Багшийн аж байдал доройтсон явдал нь боловсрол, нийгэмд сөрөг үр дагавартай. Багшийн асуудлыг гаргаж тавьсан нь олон ач холбогдолтой байлаа.
2017 онд хэдийгээр үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж чадаагүй ч гэсэн зохих үр дүнд хүрэхээр хэлцэл маань өрнөж байна. Энэ хэлцлийн үр дүн гарах хүртэл багш нар анхаарлаа хандуулж, бидэнтэй зорилго нэг байгаарай" гэв.
Тэд МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт зарласан бөгөөд багш нар урамшуулал авахаар болсон тул уг ажил хаялтад оролцохгүй хэмээсэн юм.