ФОТО: Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт дунджаар 450-500 дуудлага ирдэг
“Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус төслийн талаар Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын /ГБХЗХГ/ дарга Л.Алтансүх "Хуучин 108 утас маань зөвхөн дуудлага авч, холбон зуучилдаг байсан. Одоо бид яаралтай тусламжийн үйлчилгээ, хамгаалах байртай болсон. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрх зөрчигдөхөд яаралтай тусламжийн машин хүүхдийг очиж аваад, хамгаалах байранд байрлуулах боломжтой болж байна гэсэн үг.
Дэлхийн жишгээр бол энэ хамгийн наад захын үйлчилгээ. Харин бид дөнгөж энэ үйлчилгээг л бий болгож байна. Тэгэхээр цаашдаа үйлчилгээг хэрхэн сайжруулах, зөвхөн хүүхдийг бус, гэр бүлийнх нь нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Бид хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр том өөрчлөлт хийж чадна. УИХ-ын өчигдрийн чуулганы төсвийн 2 дугаар хэлэлцүүлгээр хүүхэд хамгааллын салбарт нийт 5 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. Өмнө 392 сая төгрөг авдаг байсан учир энэ их төсвийг хэрхэн зарцуулж, хүргэх тал дээр бэлэн биш байна. Тиймээс олон зүйлийг хийж, сайжруулах шаардлага тулгарлаа" гэсэн юм.
Үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 70-80%-ийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлдэг байна. Хүүхдийн тусламжийн утсанд өдөрт дунджаар 450-500 дуудлага хүлээн авдгаас зорилтот дуудлага 62%-г эзэлдэг аж.
Ирсэн дуудлагын тоон үзүүлэлтээс харахад:
- Хамгааллын дуудлага 1.5 дахин
- Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 1.7 дахин
- Зөвлөгөө 1.4 дахин
- Мэдээлэл 1.5 дахин өсжээ.
Хүүхдийн тусламжийн 108 утас үйлчилгээний төвийн Захирал Д.Ундраа "Хүүхдийн тусламжийн утас 108 төв 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хүүхдийн эрхийн зөрчил, зөвлөгөө гэсэн үндсэн чиглэлээр үүрэн утасны бүх сүлжээнээс үнэгүй 24 цагаар ажиллаж байна.
2014-2016 оны дундажтай харьцуулбал хүүхдийн тусламжийн дуудлагын тоо нэлээдгүй хувиар өссөн. Хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага 1.5 дахин өсөж, андуурсан,тоглосон дуудлага 1.5 дахин буурсан. 2017 оны 10 дугаар сарын байдлаар дунджаар 20 мянга гаруй дуудлага ирсэн үзүүлэлт гарсан. Үүнээс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дуудлага өндөр байна. Өдөрт дунджаар 2-4 дуудлага тогтмол ирдэг" гэлээ.
Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 82 үндэсний сургагч багшийг бэлтгэж, олон улсын байгууллагуудтай хамтран 152 хороо, 365 сумдын хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа аж.