Төсвийн байнгын хороо хуралдлаа
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Улмаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар концессын асуудлаар “ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо концессын асуудлыг нягтлах үүрэг авсан. Ингээд 2,3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 42 концессын гэрээнээс Засгийн газар сонголт хийх эрхийг 2018 оны төсвийн төсөлд суулгасан. Гэтэл өмнөх Засгийн газар хассан” гэсэн байр суурь илэрхийлсэн бол С.Эрдэнэ гишүүн “Концессын гэрээгээ хэрэгжиж байгаа объект зөндөө байна. Нэгэнт төсвийн тэнцэл алдагдах гээд байгаа учраас цаашид ямар арга замаар шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй” гэсэн юм.