Хүүхдийн мөнгийг арилжааны 13 БАНКААР дамжуулан ОЛГОНО
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.
Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа нэг сая 43 мянга 180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж байгаа ажээ. Эхний ээлжид наймдугаар сараас аравдугаар сар хүртэлх мөнгийг арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан нөхөн олгох юм байна.
Харин 11, 12 дугаар сарын мөнгийг энэ сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм. Өнгөрсөн онд төсөвт 144 тэрбум төгрөгийг хүүхдийн халамжийн мөнгө олгохоор суулгажээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд олгоход Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд 76.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долоодугаар сарын дөрөвний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.