Ашиглалтанд орсон хэдий ч борлуулагдаагүй 5912 орон сууц байна
Монгол банк, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны аравдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Тус судалгаагаар орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны нэг сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Аравдугаар сарын үнийн индекс өмнөх сарынхаас 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус буурсан байна.
Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ. Мөн үнийн индексийн үзүүлэлтийг шинэ болон хуучин орон сууцаар нь ангилан судалсан байна. Шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.11 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.20 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ энэ сарын байдлаар 2,178,000 төгрөг болжээ. Тэгэхээр шинэ орон сууцны үнийн индекс 1.16 болж байна. Харин хуучин орон сууцны үнэ буурсан аж. Өөрөөр хэлбэл үнийн индекс нь 0.91 буюу суурь үеэс 8.98 хувийн бууралттай гарсан бөгөөд энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.81 хувиар буурсан үзүүлэлт юм. Улаанбаатар хотын орон сууцны үнийг дүүргээр нь авч үзвэл, Сүхбаатар дүүрэгт 1м.кв дундаж үнэ хамгийн өндөр байна.
Харин захиалга авч эхлээд зогсоосон 11 мянган орон сууц, ашиглалтанд ороогүй 15 мянган, захиалга авсан 37092, ашиглалтанд орсон хэдий ч борлуулагдаагүй 5912 орон сууц тус тус байна. Иргэдийн дунд нэгээс хоёр өрөө байрнууд эрэлт ихтэй байдаг аж. Учир нь ипотекийн зээлийн журмандаа 80 м.кв доош байх ёстой гэж заасан байдаг. Ийм учраас 50 м.кв доош орон сууц их эрэлттэй байна.
“ Тэнхлэг зууч ” компаний гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн: Орон сууцны хэрэгцээ их байдаг ч эрэлт болж чадахгүй байна. Учир нь урьдчилгаа хүрдэггүй, сарын орлого хүрдэггүй, давхар зээлтэй, арилжааны банкуудын хүү өндөр гэх мэт шалтгаанаас болдог. Шинэ орон сууцны нийлүүлэлт их, үнэ боломжийн, төлбөрийн нөхцөл харьцангуй уян хатан болсон учир хуучин орон сууцны борлуулалт муу байгаа. Мөн иргэд хоорондоо хувь лизинг хийж буй тохиолдолд урьдчилгаа өгөөд сард төлөх үнийн дүнг тохирох, 8% – д хамрагдахад банкны очерт хүлээгдэх гэх мэт асуудлууд тулгардаг.