Тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонг Н.ТҮВШИНБАЯРТ олгох болсныг албан ёсоор зарлалаа
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртэх эрхмээр Олимпийн наадмын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр тодорчээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Тэгвэл энэ жил “Чингис хаан” одон хүртэх эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа. Энэ удаад Монгол Улсын анхны Олимпийн наадмын алтан медалийг 2008 оны Бээжингийн зуны Олимпоос хүртсэн, жүдоч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр энэхүү нэр хүндтэй одонгийн эзнээр тодорсон байна.
Тэрбээр амжилтаа бататган 2012 онд Лондонгийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, их наадмын хос медальтан болсон юм.
Монгол түмний бахархал болсон тэрбээр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд болон мэндэлжээ. 2002 онд өсвөрийн үндэсний бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон.
Булган аймгийн 10 жилийн II дунд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж, "Аварга" биеийн тамирын дээд сургуульд элсэн жүдогоор хичээллэж эхэлжээ. 2006 оноос улсын шигшээд багтаж олон улсын тэмцээнд 100 кг жинд барилддаг болсон бөгөөд 2007 онд Эль-Кувейтын ААШТ-ээс мөнгө, 2008 онд Чэжүд болсон ААШТ-ээс хүрэл медаль хүртэв. Мөн оны намар Бээжингийн зуны Олимпийн наадaмд таван учраагаа ялж, Монголын түүхэнд анхны алтан медалийг авчирсан билээ. Хамгийн сүүлд буюу энэ онд "Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ -ний +100 кг жинд барилдаж хүрэл медалийн эзэн болсон юм.
Олимпийн алтан медалийг эх орондоо авч ирсний дараа буюу 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Түвшинбаярт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн. Тэгвэл энэ удаад Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртэх эрхмээр тодорч, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 19-нд гардуулан өгөх юм байна.
Дашрамд дурдахад, Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон билээ.