“Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя...” аян үргэлжилж байна
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан Аймгийн Засаг даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн А/520 тоот захирамжаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, Хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олон бүрдүүлье” сэдэвт аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байна.
Уг аяныг иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, хэргийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.
Аяны хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт байрлах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудаар “ТУГ, АЯЛАХ ДЭВТЭР”–ийг аялуулах бөгөөд уг ажлыг аймгийн Цагдаагийн газраас эхлүүлээд байна.