Монголын шүүх дэлхийн ЖИШИГТ нийцсэн хоёр танхимтай боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим”-ыг иж бүрэн тохижуулж, өчигдөр нээлтээ хийлээ.
Уг танхим нь шүүхийн байрны стандарт жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм. Мөн шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэж байна. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.