Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шоронг дүүргэх ядуусын арми хүрээгээ тэлсээр

2017 оны 11 сарын 30

Иргэдийн худалдан авах чадвар муудаж, баян хоосны ялгаа улам бүр тэлж, дундаж давхарга хумигдав. Энэ хэрээр гэмт хэрэг гаарч, амиа зогоох гэсэн хүмүүс бусдын эд хөрөнгөнд халдаж эхэллээ.

Саяхны нэг өдөр Төв аймагт байдаг танил маань Дорноговь руу оторлох замдаа азарга адуугаа (30 гаруй) хулгайд алдчихжээ. Үүний дараахан мөн л нэгэн танил маань “Приус 20” маркийн машиныхаа хоёр толийг алдчихлаа, цагдаа нар хяналтын камер шалгаж, хулгайчийг барьсан ч гудамжны, сав түүдэг хүн тул төлбөрийн чадамжгүй гээд хохирлыг маань барагдуулсангүй гэсээр нэлээд уцаартай ярилаа.

Мөн ажлын хамтрагч маань хүүхдэдээ хувцас авахаар нэр бүхий томоохон худалдааны төвд ороод лангууны худалдагч нарт хоёр сая гаруй төгрөгийн үнэ бүхий гар утсаа суйлуулжээ. Камерын бичлэгт нэг нь үйлчлүүлэгчдэдээ хувцас үзүүлж анхаарлыг нь сарниулах зуур нөгөө нь цүнхнээс нь гар утсыг нь хулгайлж байгаа бичлэг тод үлджээ. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд, өдөр бүр хулгайн гэмт хэрэг гарч, эмх замбараагаа алдаж байна. Хүмүүс хулгайч нартай гудамжинд, дэлгүүрт, хоолны газар, автобусанд гээд л хаа сайгүй нүүр тулж, үргэлж сонор сэрэмжтэй явах шаардлага тулгарна. Энэ бол дэлхийн бүх улсад тулгардаг нийгмийн хар сүүдэр. Гагцхүү их эсвэл бага байх тухай л энд яригдана.

Хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 40-60 хувийг эзэлж байна

Сүүлийн үед цагдаагийн байгууллага болон төрийн удирдах албаныхан нийгэм дэх гэмт хэргийн гаралт тогтвортой буурч буй талаар мэдэгдэх болсон. Гэтэл бодит амьдрал дээр гэр бүл, танил тал, найз нөхөд гээд ойрын хүрээлэлд маань дээрэмдүүлсэн, зодуулсан, хулгайд эд зүйлээ алдсан, завшуулсан хүний тоо олшроод байгаа нь хачирхалтай. ЦЕГ-ын статистик мэдээллийг харсан ч хулгайн гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Нийгэм, эдийн засгийн байдал доройтож, ажилгүйдэл, ядуурал газар авахын хэрээр гэмт хэргийн гаралт өсдөг нь бичигдээгүй хууль.

Иргэдийн худалдан авах чадвар муудаж, баян хоосны ялгаа улам бүр тэлж, дундаж давхарга хумигдахын хэрээр гэмт хэрэг гаарч, амиа зогоох гэсэн хүмүүс бусдын эд хөрөнгөнд халдаж эхэлснийг дээрх жишээнээс харж болохоор. Хэний ч ой тоонд ажил хөдөлмөр эрхэлж байгаа худалдагч хүн үйлчлүүлэгчийнхээ цүнхнээс хулгай хийнэ чинээ санахгүй. Тэднийг хулгай хийхдээ тулсан гэж бодохоор өнөөгийн Монголын нийгэм хэрхэн тартагтаа тулсныг түвэггүйхэн дүгнэж болохоор. Ажилгүй, ядуу иргэд нь лааз түүж, хүнсээ граммлаж амь зогооно.

Харин “чадварлагууд” нь дундаж давхаргаасаа хулгай хийж, өдөр хоногийг өнгөрүүлнэ. Гэтэл дундынхан цалингаас цалин, зээлнээс зээлний хооронд амьдарна. АНУ-ын “Foreign policy” сэтгүүл болон Америкийн энхтайваны сангаас хамтран гаргадаг улсын эмзэг байдлын индексээр Монгол Улс 2017 оны чансаанд 56.70 оноогоор 178 орноос 128 дугаар байрт жагсжээ. Энэ үзүүлэлт нь тус индексийн хувьд “тун эмзэг” гэх ангилалд багтаж байгаа юм. Индексийг гаргахдаа тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг авч үзэн, нийт 12 хэмжүүрээр тооцдог аж. Манай улсын чансааг доош татахад, Засгийн газрын сул байдал, төрийн үйлчилгээний чанар, авлига, гэмт хэргийн тархац, эдийн засгийн уналт зэрэг үзүүлэлт голлон нөлөөлжээ.

Олон улсын эмзэг байдлын индексээр Монгол Улс 178 орноос 128 дугаарт оржээ

Түүнчлэн 100 хүн ам тутмын 44 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй гэжээ. Энэ нь хүн амын орлогын хуваарилалт тэгш бус, нийгэм баян, ядуу гэсэн хоёр заагт л хуваагдаж байгааг судлаачид хэлж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистикаас харвал хулгайн гэмт хэрэг нийт гэмт хэргийн 40-60 хувийг эзэлж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх-2016” судалгаагаар сүүлийн хоёр жилд иргэдийн санхүүгийн боломж улам хумигдаж, манай улсын ядуурлын түвшин 29.6 хувьд хүрчээ.

Энэ байдлаараа цааш үргэлжилбэл Монгол улс ядууралд нэрвэгдэж, гэмт хэргийн үүр уурхай болно гэж гаднынхан сануулж байна. Ажилгүйдэл, архидалт, биеэ үнэлэлт, хулгайн хэргүүд нийгмийн бүх хүрээнд хавтгайрч, үүнтэй тэмцэхэд бэрх болж мэдэхээр цаг хугацаа ойртон иржээ. Тиймээс гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин, механизм, түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам илүү сайжруулах хэрэгтэй болоод байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Н.Бадрал: Цагдан хорих заалтыг хассанаар хулгайн гэмт хэрэг гаарсан

Хулгайн гэмт хэрэгийн гаралт ямар байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөгч Н.Бадраагаас тодрууллаа.

-Ажилгүйдэл, ядуурлаас шалтгаалан улсын хэмжээнд гарах хулгайн хэрэг нэмэгдэж байгаа статистик мэдээлэл гарчээ. Хөдөө орон нутаг болон нийслэлд байдал ямар байна вэ?
-ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны бүтцэд өөрчлөлт орж, 2015 оны гуравдугаар сард хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан газар байгуулсан. Дотроо Мөрдөн байцаах болон Эрүүгийн гэсэн хоёр хэлтэстэй, улсын хэмжээнд гарч буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг газар. Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал муудаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Манай газар орон байр, автомашин, хулгайн эд зүйлийг хямд үнээр авч борлуулдаг гурван том бүлэглэлийг илрүүлэн, шалгаж байна.

-Орон нутагт малын хулгай, нийслэлд орон байрны хулгайн гэмт хэрэг гаарч байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Хулгайн хэрэг улирлын шинж чанартай үйлдэгддэг. Тухайлбал, идэш тэжээл бэлтгэх цагаар малын хулгайн гэмт хэрэг гардаг бол зуны дэлгэр цагт орон байр, халаасны болон автомашины хулгай идэвхждэг. ЦЕГ-аас нийслэл болон орон нутгийн зам дагуу байрладаг 13 постын үйл ажиллагааг идэвхжүүлж, 24 цагаар шалгалт явуулж байна. Постуудаар дайран өнгөрч буй эд зүйл, ачаа бараа, мал амьтан тээвэрлэсэн автомашин бүрийг шалгаж байгаа. Өмнө нь постууд үүнийг төдийлэн шалгадаггүй байсан. Харин энэ үйл ажиллагааг идэвхжүүлснээр олон хэргийг илрүүлж, таслан зогсоосон. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард нэгэн орон нутгийн хийдээс алдагдсан эртний эдлэлийг хулгайлсан этгээдийг постон дээр шалгаж, илрүүлсэн гэх мэт олон жишээ дурдаж болохоор байна.

-Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шинээр хэрэгжиж буй Эрүү болон Зөрчлийн хуулиар ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?
-Өмнө нь мөрдөж байсан Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үйлдсэн хэрэг нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж дөрөв ангилж, аль нь болохоос шалтгаалан 10-15 жил хорих заалттай байсан. Харин шинээр хэрэгжиж буй Эрүүгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд гэмт хэргийн ангилал гэж байхгүй болсон нь асуудал дагуулж байна. Санкц нь хүндрэх буюу онц их хэмжээний хохирол учирсан нөхцөлд мөрдөн байцаалтын түвшинд цагдан хорьж, дээд тал нь найман жил хүртэлх хугацаагаар хорих ял ногдуулдаг. Хуулиас цагдан хорих заалтыг авч хаяснаар дахин гэмт хэрэг үйлдэгдэх, оргон зайлах шалтгаан нөхцөл болж байна.

Нэг талаар санкцын хувьд хөнгөрч, иргэдэд ээлтэй хууль болсон ч нөгөө талдаа олон асуудал дагуулж байна. Өөрөөр хэлэл, бага хэмжээний хохиролтой хулгай үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллага цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй болсон. Тиймээс хулгайч нар өглөө нь мөрдөн байцаагчид байцаалт өгчихөөд өдөр нь хулгайгаа хийж байх жишээтэй. Улмаар хулгай үйлдсэнийг нь тогтоосон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчилж, хохирлыг нь барагдуулах юм. Гэхдээ энд нэг давуу тал бий. Өмнө нь хулгайч төлбөрийн чадваргүй бол ял эдлээд өнгөрдөг байсан бол одоо тухайн этгээдээр хөдөлмөр эрхлүүлж, олсон мөнгийг нь хохирогчийн дансанд хийдэг болсон.

Б.Бямбасүрэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50495
0 эможи
keyboard_arrow_up