Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн гэдэг олон “Баасан”-тай болчихоогүй биз?
Монгол Улс Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, АТГ гэдэг байгууллагатай болоод 10 жилийн нүүрийг үзэж байна. Энэ газрын дэргэд Ерөнхийлөгчийн захирамжаар томилдог Олон нийтийн зөвлөл гэж бий. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод сарын дараа Олон нийтийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Зөвлөл нь хуралдаад даргаараа Г.Баасанг сонгосон байдаг.
Г.Баасан даргын удирддаг Олон нийтийн зөвлөл нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлын цагийг бүртгэж ажилладаг болоод байгаа юм. Магадгүй, бидний мэдэхгүй ийм үүрэг энэхүү зөвлөлд байж мэднэ л дээ. Гэхдээ энэ зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх л үүрэгтэй юм байна лээ. Харамсалтай нь дээр дурдсан зорилго зорилтоо Олон нийтийн зөвлөл хэр зэрэг биелүүлдэг нь бараг мэдэгддэггүй юм.
Тэгвэл дахиад Олон нийтийн дэд зөвлөл гэдэг иймэрхүү “байгууллага” нэмэгдээд байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 9-ний А/53 дугаар хамтарсан тушаалаар Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг баталжээ.
Дэд зөвлөл гурван гишүүнтэй. Яам, агентлаг, аймаг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллаж буй юм байна. Дэд зөвлөлийн гишүүдийг журмын дагуу сонгон шалгаруулж, АТГ-ын даргын тушаалаар томилж ажиллуулдаг. Ингэхдээ Дэд зөвлөлийн гишүүд болон АТГ-ын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулна. Гэрээнд гишүүдийн эрх үүрэг, урамшууллын хэмжээ, ёс зүй, сахилаг хариуцлагатай холбоотой асуудлыг тусгадаг юм байна. Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд нь Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхэд хяналт тавих, Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй юм байна.
Дэд зөвлөлийн гишүүнээр тухайн нутаг дэвсгэрт сүүлийн хоёр жилд байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэнийг сонгох журамтай. Үүнээс гадна Дэд зөвлөлийн гишүүн нь дээд боловсролтой, эдийн засаг, хууль эрхзүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх учиртай. Гэхдээ хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн хоёр жилд ажиллаж байгаагүй. Ийм байгууллагаас сүүлийн хоёр жилд хандив, санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байгаагүй, төлөөлөл хэрэгжүүлээгүй байх ёстой ажээ. Түүнчлэн ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй, хэрэв намын гишүүн бол намаас түдгэлзсэн шийдвэрээ гаргуулсан байна гэж журамд заасан байна.
Мөн энэхүү Дэд зөвлөлийг үйл ажиллагаа явуулахад дээрх байгууллагууд дэмжлэг үзүүлэхээр журамд нь заажээ. Дэд зөвлөлийн гишүүд тухайн байгууллагадаа байрлаж ажиллах юм байна. Бас авлигын эсрэг, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон холбогдох бусад асуудлаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулна. Хэрвээ дэд зөвлөлийн гишүүний үйл ажиллагаатай холбоотой гомдол санал байвал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, АТГ-т хүргүүлнэ.
Одоогоор яам, агентлагуудын албан ёсны цахим хуудаст “…Манай Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд энэ байна” гээд танилцуулсан зүйл алга. Гэхдээ яам, агентлаг, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд сонгогджээ. Тухайлбал, БХБЯ-ны үйл ажиллагаанд иргэн В.Чимэдсүрэн, В.Мөнгөнцэцэг, М.Энхбадрал, БСШУСЯ-ны үйл ажиллагаанд иргэн С.Отгонтуяа, М.Амарбаяр, Л.Цэцэгсайхан, Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэн Т.Мөнхбаяр, Ж.Сайнзаяа, Д.Цэвээндулам, Сонгинохайрхан дүүргийн үйл ажиллагаанд иргэн Б.Цэрэнпүрэв, С.Бат-Эрдэнэ, П.Золжаргал, Дархан-Уул аймгийн үйл ажиллагаанд иргэн иргэн Д.Энхтуяа, С.Насанбат, Н.Наранцэцэг, Баянхонгор аймгийн үйл ажиллагаанд иргэн Д.Чимэг, Д.Ариунтуяа, Б.Булганцэцэг, Сүхбаатар аймгийн үйл ажиллагаанд иргэн Ш.Содном-Иш, Г.Амарсайн, Л.Ганбаатар, Увс аймгийн үйл ажиллагаанд иргэн Ц.Цэдэвсүрэн, Б.Батчулуун, Т.Өлзийхишиг, Дорнод аймгийн үйл ажиллагаанд иргэн Т.Энхтуяа, А.Солонго, Л.Отгонбат, Говь-Алтай аймгийн үйл ажиллагаанд иргэн Ш.Долгормаа, Н.Гүнд, Б.Тэгшбүрэн нар хяналт тавьж ажиллахаар АТГ-тай гэрээ байгуулж ажилдаа оржээ.
Ер нь бол дээрх хүмүүс яам, агентлаг, аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд шууд хяналт тавих субьект гэсэн үг. Нэг үгээр, маш том эрх мэдэлтэй нөхөд юм. Хэрвээ тэд эрх мэдлээ хэтрүүлэн, буруугаар ашиглаж хэн сайд сайд, агентлагийн дарга, аймаг нийслэлийн удирдлагуудыг шантаажилж суудаг хүмүүс болж хувирвал аюултай юм болно. Тиймээс энэ Дэд зөвлөлийн гишүүд чухам хэн бэ гэдэг нь чухал юм.
Харин Дэд зөвлөлийн гишүүд эрх, үүргээ зөв хэрэгжүүлбэл Монгол төрийн авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөө үзүүлж таарна. Ийм зөвлөл байгуулж байгаагийн зорилго нь ч тэр юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир