Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Санчир: Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц л гэр бий

2017 оны 12 сарын 11

ФОТО: “Монголчууд”, “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” бүтээлүүдэд 2017 оны ТӨРИЙН ШАГНАЛ хүртээлээ Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар, соёл судлаач Цэрэндоржийн Санчир нарт өнгөрсөн баасан гаригт Төрийн соёрхол хүртээсэн билээ. “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Ц.Санчирыг Төрийн соёрхол хүртсэнийх нь дараахан утас руу нь залгахад “Ажил дээрээ байна аа” гэсэн юм.

Уржигдар түүнтэй уулзахаар очиход мөн л ажлаа хийж байв. Магадгүй түүний энэ л занд ард түмэн хамгийн их хайртай байдаг болов уу. “ТАСАМ-ын Санчир Төрийн соёрхол хүртлээ” гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хэрхэн давалгаалан түгж, монгол туургатнууд яаж баярласныг бид бэлхнээ харсан.

-Төрийн соёрхол хүртсэнд тань халуун баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гээд олон түмэн таны өмнөөс маш их баяртай байна. Төрийн ордонд очихдоо та шагнал авахаа мэдээгүй байсан гэл үү?
-Урьд өдөр нь Ерөнхийлөгчийн шадар туслах манай байгууллагын утас руу залгаад “Маргааш Төрийн ордонд чухал хуралтай. Албаны хувцастай заавал ирээрэй” гэж надад дамжуулсан байсан. Бид удахгүй аян замд гарах гээд хийх ажил, амжуулах зүйл их байсан тул би утсаа салгачихсан байсан юм. Маш чухал гэсэн болохоор нь Төрийн ордонд хуралд суучихаад, дараа нь урландаа материал авах төлөвлөгөөтэй очсон.

Явсаар таван давхарт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ороод, түүхч Д.Өлзийбаатар гуайтай зэрэгцэн зогсож байхдаа ч өөрийгөө шагнал хүртэх гэж байгааг мэдээгүй. Зохион байгуулагч залуу надад “Та энэ алчуурыг хүзүүгээрээ ороочих. Ёслолын байдалтай хувцаслах ёстой юм” гээд алчуур өгөхөд нь ч санаанд ер буугаагүй (инээв). Би төр, засгаас баярын бичиг ч авч үзээгүй хүн шүү дээ. Шагналыг ямар нэг тодорхойлолт, хүсэлтийн дагуу хэдэн шат дамжлагаар оруулж байж өгдөг зүйл гэж ойлгодог байсан.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг шууд уншаад эхлэнгүүт маш их сандарсан. Уг нь би сэтгэл хөдлөлөө олон нийтэд төдийлөн ил гаргадаггүй. Санчир гэдэг хувь хүн их хүнд амьдрал туулсан, түүхийн харгуйгаар замнасан жим мөр, он жилүүд минь ч амар байгаагүй. Нөгөөтэйгүүр, олон сайхан элэг нэгтэнтэйгээ уулзан золгож, гайхамшигтай өв соёлын дурсгалуудыг үзэж, танилцаж явсан.

Аль алинд нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байсан ч энэ удаагийнх шиг сандарсан минь ховор. Өнгөрсөн хугацааны хамгийн хүнд бэрх бүхэн нүдний минь өмнө тодорч, аав, ээж, ах нарыгаа дурслаа.

-Нулимсаа барьж дийлэхээргүй тийм их догдлол, хүндлэл Монгол төрийнх болов уу. “Би шагнал горилдоггүй. Авлаа гэхэд очоод үнсүүлэх аав, ээж минь бурхан болсон” гэж та нэгэнтээ ярьсан. Хэдийгээр аав, ээж тань нартад үгүй ч Монголын ард түмэн тэр аяараа таны “магнайг үнэрлэн” баяр хүргэж буйг мэдрэх сайхан байна уу?
-Шагнал аваад гарч ирэхэд багш нар, ах дүүс, найзууд маань утасдаад “Яагаад хэлээгүй юм бэ. Бид ядаж цэцэг бариад очих байсан шүү дээ” гэж зэмлэсэн. Үнэндээ одоо ч хүмүүстэй уулзаж, талархлаа илэрхийлэх завгүй л явна. Сэтгэлийг нь үймрүүлчих болов уу гээд ах, эгч нартайгаа ч уулзаагүй яваа. Гэтэл намайг таньдаг, таньдаггүй маш олон хүн өмнөөс минь хөөрч догдлон, баярлаж, дэлхийн өнцөг булан бүрээс талархсан сэтгэлийн зурвас ирүүлж байгаа нь үнэхээр сайхан байна.

Дөрвөн жилийн өмнө Улсын наадмын өглөө би хамгийн сүүлд ээжтэйгээ уулзаад, аян замд гарч байв. Тэр өдөр ээж минь “Миний охиныг монгол төр үнсэнэ гэж найдаж байгаа” хэмээж билээ. Эвий ижий минь хүн өөрөө бичиг цаас барьж, хөөцөлдөж шагнал хүртдэг гэж огтоос боддоггүй байж дээ. Охин нь амь амьдрал, гэр бүл, залуу нас, хайртай бүхнээ энэ ажлаар солин, зүтгэж явааг минь хамгийн сайн мэдэх учраас тэгж хэлсэн байх.

Туркменистанд явж байхад ээжийн бие муудлаа гэж хэл аваад, буцаж ирсэн. Тэгэхэд гурав хоног ухаангүй байсан ээж минь сэрээд “Миний охин сайн явж ирсэн үү” гэсэн нь сүүлчийн үг нь байсан юм. Эх хүний зүрх эцсийн мөчөө хүртэл үр хүүхдийнхээ төлөө цохилдгийг тэгэхэд би ухаарсан (хоолой зангируулав).

Бидний ажил цаг мөчтэй уралддаг.

Бидний ажил цаг мөчтэй уралддаг. Устах аюулд буй дурсгал, уусах аюулд байгаа монголчуудынхаа хойноос явж, түүх, өв, соёл, угсаатан судлалын салбарт тэдгээрийг цаг алдалгүй баримтжуулан үлдээхийн тулд, Эзэнт гүрний монголчуудын тухай өргөн олонд түгээх юм сан гэж цаг наргүй ажилладаг. Мэдээж би шагналын төлөө энэ он жилүүдэд хэцүү бэрхийг туулж, дайн дажинтай Исламын улсын хаалттай бүсийг үхэн хатан зориогүй.

Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд зөвхөн газар нутаг, улс орнуудыг эзлэн нэгтгээд зогсоогүй, одон орон, шинжлэх ухаан, эдийн засаг, боловсрол, урлаг соёл, барилга архитектурын бүтээн байгуулалт гээд ямар үнэ цэнэтэй, бахархалт дурсгалууд өргөн дэлхийд үлдээснийг баримтжуулан, танилцуулах гэсэн үйл хэргийг минь төр үнэллээ гэж бодож байна. Аян замын минь хүнд хэцүүг, асуудал бэрхшээлийг, энэ бүхнийг олон нийтэд хүргэхийн ач холбогдлыг, түүхийн хуудсанд оруулж байгаа хувь нэмрийг олж харсан Ерөнхийлөгч Х.Баттулгад, өндөр төрдөө яаж талархахаа ч мэдэхгүй байна.

-Хүмүүст талархсанаа илэрхийлж, баяраа хуваалцаж амжихгүй дараагийн аян замд гарах нь. Одоо хаашаа явах билээ. Төрийн соёрхолт Ц.Санчирыг дэлхийгээр нэг тархан суурьшсан монголчууд их баяртайгаар угтах нь дамжиггүй?
-Ерөнхийлөгч дараа нь биднийг өрөөндөө хүлээн авч уулзаад, аян зам, ажил үйлсийн тухай ярихдаа “Одоо гэртээ харина биз дээ” гэсэн. Тэгэхэд нь би “Надад Монголын эзэнт гүрэн гэдэг ганц гэр л бий” гэж хариулсан. Үнэхээр л өнгөрсөн он жилүүдэд би хамаг амь амьдралаа энэ ажилд зориулсан. Цаг мөч бүрийг нарийн төлөвлөж, ажлынхаа төлөө улайран зүтгэсээр явна.

Би “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай цэргийн албан хаагчийн гэр бүлд төрж, өссөн. Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлийн дуудлагаараа цаг наргүй зүтгэсээр амьдралын хэвшил минь нэгэнт ийм болжээ. Өнгөрсөн хугацаанд үзэж, туулсан бүхнийг минь бусад хүн сайн мэдэхгүй учраас “Ийм залуудаа Төрийн соёрхол хүртлээ” гэж залуу насыг минь голох вий хэмээн эмээж байна.

Манай байгууллагынхан өнгөрсөн 16 жилийн турш дэлхийн 50 гаруй орны 600 гаруй хот суурингаар орж, Монголын эзэнт гүрний өв, соёлын дурсгалуудыг архивлан, орчин үеийн арга технологиор баримтжуулан үлдээж байна. Бид нэг газарт ганц удаа очоод л төлөвлөсөн судалгаа зургаа авч чаддаггүй. Зарим газарт 35 удаа очиж байж, 40-хөн минутын ганц баримтат цуврал бүтээх жишээтэй. Соёл судлаач хүний хувьд угсаатны онцлогийг харуулахын тулд баяр наадам, хурим, оршуулга гээд олон удаагийн зан үйлийг бодитоор харж, мэдэрч байж чанартай юм хийх ёстой гэж боддог. Одоо бид Төмөрийн улс буюу Туркменистан, Узбекистан, Турк зэрэг орноор явах гэж байна.

Миний хамгийн гол баярлаж, талархаж явдаг зүйл бол би дэмжигчтэй судлаач юм билээ. Таксины жолооч “Өө, Тасам Санчир байна. Та хаашаа хүргүүлэх вэ” гэнэ, татварын газар очиход “Алив, танд юугаар туслах вэ” гэнэ, онгоцонд таарсан хүмүүс “Санчир явж байгаа юм уу. Аян замыг тань мялаая” гэдэг. Олон түмнээс ийм хүндэтгэл хүлээсэн судлаач хэр олон байдгийг мэдэхгүй. Олон нийтийн сүлжээгээр манайхыг дэмждэг 300 мянга гаруй хүн байна. Тэдэн дундаас 30 мянга гаруй нь үйл ажиллагааг минь идэвхтэй дэмждэг.

Намайг огт танихгүй 50 гаруй хүн ТАСАМ-ыг дэмжигчдийн клубт нэгдэж, манай судалгааны ажлын зардалд тус нэмэр болдог. “Санчир хэзээ ирэх бол” гээд талхаа бариад, төмсөө чанаад намайг хүлээж байдаг дэлхийн монголчуудыг ч энэ мэдээ их баярлуулсан байна. Учир нь тэр элэг нэгтнүүдийн зуун зууны түүчээнд монголоороо үлдэхийн тулд туулсан зам, үүрсэн зовлонг, дэлхийн энгээр өв, соёлын дурсгалуудыг Эзэнт гүрний голомтыг манаж буй энэ цагийн Монголын төр анхааралдаа авч, соёрхжээ хэмээн тэд зүрх сэтгэлдээ илүү ойр хүлээж авч байгаа болов уу.

2009 оноос хойш өнөөг хүртэл бидний ажлын хүнд хэцүү цаг үе болгонд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дутууг минь нөхөж ирсэн М.Болд захиралтай “Хас” банкны хамт олонд маш их баярлаж явдгаа хэлье. Тэд биднийг энэ ажлын төлөө яаж бүхнээ зориулдгийг, өдрийн хоол минь хэдэн төгрөгийн нормтой байсныг, бэлэн гоймон, дөрвөн ширхэг өндгөөр хоногийн хоолоо болгож байсныг хүртэл мэднэ.

Мөн “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын гүйцэтгэх захирал, Манчестрийн их сургуулийн мастер, докторант, дүрслэлийн антропологич Б.Цэрэн миний ард намуухан, даруухнаар ажлаа хийгээд л явж байдаг. Миний багш, хүн судлалын шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь гээд олон олон хүнд маш их талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Төрийн соёрхол гэдэг их том хүндэтгэл байдаг бололтой. Багш маань одоо өөрийн биеэр ирж, баяр хүргэнэ гэхээр нь дотроо эмээгээд сууж байна (инээв).

Л.Ганчимэг

Үргэлжлэлийг эндээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50964
2 эможи
keyboard_arrow_up