ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ хүүхдүүдэд зориулсан НАЙЗ аппликейшнийг хөгжүүлжээ
Ухаалаг утасны хүчин чадал сайжирч, хийх үйлдэл нь нэмэгдэхийн хэрээр бидний өдөр тутмын амьдралд ашиглах боломж нь тэр хэрээр нэмэгдэж байна. Түүнчлэн харилцааны холбооны хэрэгсэл болдог гэдэг утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг хөнгөвчлөхөд ч ашиглах болсон юм.
Жишээлбэл сонсголын бэрхшээлтэй эсвэл ярих чадваргүй хүмүүст зориулсан карт ашиглах харилцааны арга бий. Үүнийг технологийн дэвшилтэй хослуулснаар ийм хүмүүс бусадтай харилцахад илүү хялбар болох юм.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эцэг эх, багш нар болон бусад хүмүүстэй хялбар харилцах боломж олгосон Андроид аппликейшнийг хөгжүүлжээ.
Энэхүү аппликейшн нь төрөл бүрийн зурган картууд, дурын үгээ бичих талбартай бөгөөд хүүхэд өөрийн хүслийг илэрхийлэх, бодож буй зүйлээ ойлгуулахад тун амархан аж. Үсэг сураагүй бол карт дээрх зургуудыг хараад ойлгож чадна.
Эсвэл өөрийн хэлэхийг хүссэн үгсийг зургийн хамт оруулж болох юм. Ингээд аппликейшн дээрээ өгүүлбэр бүтээж, түүнийг нь аппликейшн Монгол эмэгтэй хоолойгоор уншиж өгнө.
Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна хэл саажилт, дауны синдром, аутизм, цус харвалт зэргээс болж чөлөөтэй харилцах боломжгүй хүн бүр энэхүү аппликейшнийг ашиглаж болох юм.
Одоогийн байдлаар зөвхөн Андроид хувилбар нь гарсан хэдий ч хөгжүүлэгч нар нь iOS төхөөрөмжид зориулсан хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Аппликейшнийг татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.edu.num.milab.naiz&hl=en