Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ажилгүйчүүдийг “аврах” төлөвлөгөө алга

2017 оны 12 сарын 12

Ирэх онд монголчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол. Эдийн засгийн өнгө төрх чамлахааргүй сэргэх төлөвтэй ч сарынхаа цалингаар шар өдөр, бор хоногийг барж буй энгийн иргэдэд өгөөжөө өгч чадах болов уу. Ажилтай, орлоготой байна гэдэг амьдралын хамгийн чухал баталгаа. Тиймээс 2018 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг баталж, тамгаа дарсан энэ үед ирэх жил ажлын байрны тоо, чанар нэмэгдэх эсэхэд чих тавилаа. Өдгөө ажилгүйдлийн түвшин хоёр оронтойд шилжээд байсан 2016 оноос үл ялиг буурч, 9.1 хувьтай байгаа. Гэхдээ яг ажил хайж буй иргэдийн тоо буурсан гэж хэлэхэд тун түвэгтэй. Учир нь хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд зуучлагдсан тоо нь өмнөх оноос өсөөгүй.

Ажилгүйдлийн түвшинг хэрхэн 8.4 хувьд хүргэх нь бүрхэг

Харин ч 2016 онтой харьцуулахад 10.2 мянгаар буурсныг Монголбанкны тайлангаас үзэж болно. Ирэх оны төсвийн төсөлд шинээр 40 мянган ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 8.4 хувьд хүргэнэ гэж төсөөлжээ. Гэвч бодит байдалд энэ тоо биеллээ олох эсэх нь тун эргэлзээтэй гэдгийг салбарынхан хэлж байна. Тухайлбал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд өдгөө 189 мянга байгаа төрийн албан хаагчдын тоо 47 мянгаар буурахаар байна.

Энэ нь төрийн зардлыг багагүй хумих ч иргэдийн хувьд хамгийн найдвартай, баталгаатай ажлын байр цөөрч буй хэрэг юм. Айсуй жилүүдэд төрийн захиргаа болон тусгай албанд ажиллагсад тэтгэвэрт гарвал нөхөн томилгоо хийхгүй. 2018-2021 онуудад боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа гэх мэт салбараас тэтгэвэрт гарах хоёр хүн тутамд нэг орон тоог нөхөн томилохоор болсон юм. Түүнээс гадна тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэх цаг хаяанд тулж ирсэн. 2018 оноос тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдэх шинэ хууль хэдхэн хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

  • 2018 он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад ирэх жилд ямар ажлын байр эрэлттэй байх талаар судалгаа ч гараагүй байх юм.
  • Манайд ажлын байрыг “онилж”, энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд хүч хаяж байсан түүх бараг үгүй.
  • Айсуй жилүүдэд төрийн захиргаа болон тусгай албанд ажиллагсад тэтгэвэрт гарвал нөхөн томилгоо хийхгүй.

Ингэснээр одоогийн ажлын байранд шинэ орон зай гарах хугацаа улам хойш сунасаар байна. Гэтэл их, дээд сургуулийнхаа хаалгыг хааж, хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавих залуучуудын тоо ойрын жилүүдэд нэмэгдэхээр байгааг тоон үзүүлэлтүүд өгүүлж буй. Манай улсад өдгөө хүн амын цонх үе тохиож байна. Өөрөөр хэлбэл, хүн амын дунд хөдөлмөрийн насны залуусын тоо ахиу болж ирлээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөдөлмөрийн насны хүн амын тоо өмнөх оны мөн үеэс 68414-өөр өссөн байна. Хүн амын ийм цонх үе олон жил үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, ажил хайж буй залуусын тоо нэмэгдээд байхад өмнөх үе нь зайгаа тавьж өгөхгүй нь. Тэгвэл шинээр ажлын байр бий болгох бололцоо хэр байна вэ гэдэгт хариулт эрье. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй хувийг 10-аас доош ажилтантай жижиг компаниуд эзэлдэг. Эдгээр компанид боловсон хүчнийхээ тоог нэмэхэд татварын орчны шинэ өөрчлөлтүүд чөдөр болох эрсдэл угтаж буй.

Нийгмийн даатгалын шимтгэл ажилтнаас илүү ажил олгогч нарт дарамт болохоор байна. 2018 онд ажилтан, ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээ 0.5 хувиар нэмэгдэх юм. Харин 2020 онд ажилтан 12.5, ажил олгогч 13.5 хувийн шимтгэл төлнө. Иймд ажил олгогчид боловсон хүчээ зузаатгахыг төдийлэн хүсэхгүй байгааг сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Z&Y компанийн захирал Д.Янжмаа хэлэв. Тэрбээр “Манай компани эдийн засгийн ийм хүнд үед аль болох чадвартай, цөөн хүн ажиллуулахыг хичээж байна. Ирэх онд ажилтан нэмж авах төлөвлөгөөгүй байгаа” гэв.

Ирэх жилүүдэд өрхийн төсөв, амьдралын чанарт хамгийн чухал нөлөөтэй ажлын байр, хөдөлмөрийн зах зээл сайжрахгүй нь. 2018 онд ажилгүйдлийн түвшинг хэрхэн 8.4 хувьд хүргэж бууруулах талаар тодорхой төлөвлөгөө бодлого тодорхойлогчдод алга.

“Шинэ оноос нийгмийн даатгалын шимтгэл үе шаттайгаар нэмэгдэнэ. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд ажлын байрныхаа тоог нэмэхэд хүндрэл учруулна. Нийгмийн даатгалын шимтгэл нь байгууллагуудад шууд зардал болдог” гэж эдийн засагч өгүүлэв. Энэ мэтээр ирэх жилүүдэд айл өрхийн төсөв, амьдралын чанарт хамгийн чухал нөлөөтэй ажлын байр, хөдөлмөрийн зах зээл сайжрах төлөв харагдсангүй. Харин ч доош чангаах хүчин зүйлсийн тоо өссөөр. Ядахдаа шинэ ажлын байр олноор “төрүүлдэг” томоохон төслүүдийн сураг чимээ ч бүдэг бадаг. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаагаас өөр хөдөлмөрийн зах зээлийг өөд татах мега төсөл харагдахгүй байгаа юм.

Төрийн албан хаагчдын тоо 47 мянгаар буурна

Харин улсын төсвөөс энэ зах зээлийн бодлого, удирдлагад 2.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэсэн яг ажлын байрны тоог нэмэх талаар ямар нэг тодорхой төсөл хөтөлбөр төлөвлөсөнгүй. Эдийн засагч Д.Лхагвасүрэн “Манай улс хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо маш бага мөнгө зардаг. Бусад улс орнуудын хувьд хөдөлмөрийн зах зээлийн бодлогодоо зардаг үндсэн чиглэл нь ажилгүйдлийн даатгал юм. Тэд ажилгүйдлийн даатгалдаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл энэ тоо манайд 0.08 хувьд ч хүрдэггүй гэж болно. Тэгэхээр бидэнд хөдөлмөрийн зах зээлд эдийн засгийн бодлого талаас хийх ажил их байна” гэлээ.

Иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг энэ зах зээлд илүү анхаарч, хүч хаях цаг нэгэнт иржээ. Гаднын улстөрчдийн сонгуулийн амлалтын хамгийн том сэдэв нь ажлын байрыг нэмэх явдал байдаг. Учир нь иргэдийн амьдралыг өөд татах хамгийн чухал хөшүүрэг нь энэ юм. Ажилгүйдэл бол улс төрчдийн онилох гол бай болох ёстой гэж үздэг. Иргэд нь ч үүнийг шаарддаг.

Харин манайд ажлын байрыг онилж, энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд анхааралдаа авч байсан түүх бараг үгүй. Эдийн засгийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт зэрэг том тооны ард “шоовдор хүүхэд” шиг чирэгдсээр ирсэн. Эдийн засаг сайжирвал ажлын байр нэмэгдэнэ гэсэн битүү хүлээлттэйгээр нойрмог байж ирлээ. Харин одоо хөдөлмөрийн насны хүн амын тоо багагүй нэмэгдэж буй цонх үеийг ашиглаж улсын бүтээмжийг дээшлүүлэх цаг ирээд байна. Гэтэл 2018 он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн байхад ирэх жилд ямар ажлын байр эрэлттэй байх талаар судалгаа ч гараагүй байх юм.

Ажлын байрны тоог хэрхэн өсгөх талаар тодорхой чиглэл, “жанжин шугам” алга. Хөдөлмөрийн зах зээлд судалгаа, таамаг, төсөөлөл хамгийн чухал нь. Залуус мэргэжлээ сонгохдоо дөрвөн жилийн дараа эрэлттэй байх ажлын байрыг сонгон суралцах учиртай. Гэтэл манайд дөрөв байтугай, нэг ч жилийн таамаг, төсөөлөл алга. Хөдөлмөрийн зах зээл бол төрийн бодлогоос багагүй хамаардаг онцлог салбар. Эрх баригчид ажилгүйдлийн түвшинг бууруулна хэмээн ярьдаг ч үнэн хэрэгтээ ямар арга замаар гэдэг нь бүрхэг байна. Иймд ажил олгогч, ажил хайж буй иргэд энэ нойрмог зах зээлд өөрсдийн хар ухаанаар тэмтчихээс өөр арга алга.

Б.Баярмаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50976
0 эможи
keyboard_arrow_up