Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалах байгууллага алга

2017 оны 12 сарын 13

Манай сонин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал, тэдэнд тулгардаг хүндрэлийн талаар“Хөгжлийн бэрхшээлтэй нийгэм” цуврал нийтлэл, сурвалжлагыг хүргэсэн. Энэ удаа дауны хам шинж буюу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай сурвалжлахаар онцолсон юм. Манай улсын хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгодог ганцхан сургууль байдаг нь нийслэлийн 55 дугаар тусгай сургууль юм.

484 ГАРУЙ СУРАГЧТАЙ

Сургууль гэдэг дуу хуур, инээд  баясал хөвөрсөн гэгээн өргөө. Эндээс хүүхдүүд амьдралын анхны алхам, хүсэл мөрөөдлөө олдог. Хүүхэд насны сайхан дурсамж, үерхэл нөхөрлөлийн амтыг мэдэрч, хэн болж төлөвших эхний сууриа тавьдаг билээ. 55 дугаар тусгай сургуулийн хаалгаар ороход халуун дулаан, хөгжилтэй орчин биднийг угтсан юм. Жижигхэн биедээ томдсон цүнхтэй, түүнийхээ араас өөрөө ч харагдахааргүй бяцхан жаалууд гүйлдэнэ. Гар гараасаа хөтлөлцөн, бие биедээ ямар нэгэн зүйл нууцхан шивнэх ахлах ангийн охид. Биеийн тамирын хичээлдээ орохоор улаан хослолоор жигдэрсэн өсвөр насны хөвгүүд. Сургуулийн үүдэнд хүүхдүүдийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гарчээ. Хөвгүүдийн хийсэн бяцхан авдар болон охидын урласан чамин хатгамлууд. Мөн багш нарынх нь оёсон ширмэл ширдэг нүд хужирлана. Бага ангийн сурагчид эдгээр бүтээлийг шимтэн харж, гайхах нь өхөөрдөм. Монгол Улсын хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганцхан сургууль бий. Тус сургууль хоёр ээлжээр хичээллэдэг юм байна. Одоогоор дауны хам шинжтэй 400 гаруй хүүхэд боловсрол эзэмшдэг. Нэг анги хоёр багштай. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмд гараад, мэргэжилгүй учир ажил хийх нь ховор. Тиймээс боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээр зорьж буй тухайгаа сургуулийн захирал Ч.Ганбилэг ярьж байв. Одоогоор тогооч, үсчин, зочид буудлын үйлчлэгчээр мэргэжилтэн бэлтгэж байгаа ажээ.

ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ ЯВУУЛДАГ

Нэгдүгээр ангийн сурагчид энэ өдөр “И” үсэг сурав.

Хүүхэд бүрийн бэрхшээл өөр учир сургуулийн зүгээс тэдэнд зориулсан тусгай буюу ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Хөтөлбөрийн голлох хичээл нь хэл яриа засах. Сурагчдын дунд хэл яриа нь хөгжөөгүй хүүхэд олон байна. Тиймээс хэл заслын ангиар зочиллоо. Энд нэг хүүхдэд нэг багш ногдоно. Багш нар хүүхдүүдэд зүйр цэцэн үг, түргэн хэллэг, өдөр тутам хэрэглэдэг энгийн үгийг хэлүүлж байв. “Багшаа” гээрэй гэхэд хүүхдүүд дууриаж авиа гаргана. Энэ мэт багшийн уйгагүй хөдөлмөрийн хүчинд хүүхдүүд өөрийгөө ойлгуулах чадвартай болдог юм байна. Сурагчдыг ажихад ихэнх нь жижиг, давжаа биетэй байв. Дауны синдром нь хүүхдүүдийн оюунаас гадна биеийн хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг учир ихэвчлэн туранхай жижигхэн, сульдаа хүүхдүүд байдаг гэж нэгдүгээр ангийн багш н.Урангоо тайлбарласан юм. Тэрээр “Хүүхэд болохоор бусдын адил баярлаж хөөрнө. Өөрсдийнхөө юу хийж байгааг хянах чадваргүй энэ хүүхдүүдийг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэхээс айдаг. Багш хүний хувьд ямар ч байсан бусдад өөрийгөө ойлгуулах чадвартай, амьжиргаагаа залгуулах хэмжээний мэргэжилтэй болгохыг хүсдэг” гэв.

ДАУНЫ ХАМ ШИНЖ УДАМШИХ НЬ ХОВОР

Хөвгүүдийн хийсэн гар урлалын бүтээл.

Энэ өвчин нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдлаас хамаарахгүйгээр илрэх хромосомын эмгэг юм. Хүмүүсийн дунд дауны синдром удамшдаг гэсэн ойлголт байдаг ч энэ нь тун ховор аж. Ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд жилд дунджаар дуаны хам шинжтэй 20 мянга орчим хүн нас бардаг гэсэн тоо гарчээ. Харин манай улсад сүүлийн жилүүдэд ийм оноштой хүүхэд төрөх нь ихэссэн гэж мэдрэлийн эмч, доктор Х.Алтанцэцэг онцолж байсан юм. Тэрээр “Өнөөдрийн нийгмийн бухимдал, стресс, буруу хооллолт, агаарын бохирдлоос болж дауны хам шинжтэй хүүхэд төрж байна. Энэ өвчин эмчлэгдэхгүй. Харин даамжирч, амь насанд хүрэх аюултай. Тиймээс хүүхэдтэй болохоор төлөвлөж буй залуус одооноос биедээ анхаараарай” гэсэн юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Одоогоор улсын хэмжээнд оюуны бэрхшээлтэй хэдэн хүүхэд байгаа, тэдний хэд нь сургуульд хамрагддаг эсэх талаар тодорхой судалгаа байдаггүй юм байна. Хэдийгээр хөдөлмөрийн хуульд албан байгууллага бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэж заадаг ч энэ заалт хэрэгждэггүй хэмээн Ч.Ганбилэг захирал ярьж байв. Тэрээр “Хөгжлийн бэрхшээл дундаас оюуны хөгжлийн бэрхшээл хамгийн хүнд. Тэд өөрсдийгөө бүрэн ойлгуулах чадваргүй учир бусад шиг өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо төр, засагт хүргэж чадахгүй байна. Тиймээс өнөөдөр оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамгаалах байгууллага алга. Хувийн хэвшлийн том компаниуд өвчтэй хүн ажилд авснаас 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн нь дээр гэж хандаж байна. Энэ хүүхдүүд ингэж төрсөн нь өөрсдийнх нь буруу биш. Хүний ёсоор амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөх эрхтэй” гэсэн юм.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51041
0 эможи
keyboard_arrow_up