Cэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа
Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний уралдаан зарлалаа.
Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд оршиж буй юм.
“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:
- Эдийн засгийн үр ашигтай;
- Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;
- Сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх;
- Эрчим хүчний хэмнэлтийг бий болгох;
- Нийслэлийн хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, бүтээгдэхүүн байна.
Төсөлд бизнесийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан байвал давуу тал болно.
Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэд оролцоно. Харин дараах шаардлагууд тавигдана.
Танилцуулгын эхний хуудсанд оролцож буй төсөл, бүтээгдэхүүн танилцуулагчийн овог нэр, холбоо барих утасны дугаар байна. Танилцуулгын мөр хоорондын зай single, үсгийн хэмжээ 12, Arial фондоор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4 байх бөгөөд 15 хуудас хүртэл зураг, тайлбар, тооцоолол, үр дүнг тусгасан байна. Нэг оролцогч зөвхөн 1 төсөл танилцуулна.
Шилдэг төсөл, бүтээгдэхүүн тус бүрээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж шалгарсан бүтээлд мөнгөн шагналыг олгох аж.
Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд байранд /Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Лхагвасүрэнгийн гудамж, Орчлон дунд сургуулийн урд байрлах Нийслэлийн засаг захиргааны V байр/ 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч байгаа юм.
Уралдааны шагналыг энэ сарын 22-ны өдөр гардуулна.