Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Урианхай: Улстөрийн нэр томьёогоор бол би Монголын сүүлчийн ганц Марксист

2017 оны 12 сарын 14

Нэрт зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуайтай ярилцлаа.

-Урианхай гуай, таны баахан цагийг үрэх ажил удахаар зорьж ирлээ. Онцгой зорилготой ч гэж хэлж болох юм. Юу гэвэл нийгэм, хүний амьдралын дотоод үйл явцуудын талаар гүн ухааны аястай ярилцлага хийхийг хүсч байна.

-Дотоод үйл явцаа?

-Тиймээ, миний хувьд тэгж л томьёолмоор санагдаад байна?

-Хүний далд ухамсар, парапсихологи үйлдэл, сүсэг бишрэл гэх мэтийн талаар юм уу, эсвэл өөр чинад ахуй ертөнцийн нөлөөлөл, харилцаа руу чирэгдэх асуудал гараад ирэх үү? Хулчийж байна шүү.

-Надад бол тийм агуулгатай ярилцлага хийх л сонирхол байна. Магадгүй хүмүүст ч илүү сонин байх болно. Сэтгэлгээ нь илт хөгжчихсөн уншигчид цөөнгүй байгаа. Тийм болохоор би асуултаа “гадагшаа”ч “дотогшоо” ч мурийлгахаар төлөвлөж ирлээ.

-Олон хүн уншина гэдэгт итгэлтэй байна уу?

-Санаа зоволтгүй ээ. Унших хүмүүс байгаад, тэд харин надад “захиалга” өгч түлхээд гэх үү дээ. Тэгээд л би асуултаа боловсруулаад ирсэн хэрэг.

-Тэгвэл одоо яахав дээ. Хариулж чадахаар асуулт байвал үзээд л алдая. Эс чадахаар бол нүүрээ улайлгаад л өнгөрөе.

-Хүний амьдралыг бодоод байхаар бүр толгой эргэж гүйцэх юм. Утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг. Заримдаа бодоход зөв зүйл хийгээд зөв ч амьдраад байгаа юм шиг, заримдаа буруу юм хийгээд буруу ч амьдраад байгаа юм шиг. Ялангуяа, өнөө үед! Амьдралын өртөг өндөр, үнийн дарамт, улстөр, эдийн засгийн хямрал, нийгмийн харилцааны хэлбэлзэл, гэмт хэрэг гээд урьдчилж харах боломжгүй үзэгдлүүдээр дүүрчихсэн ахуй нөхцөлд залуучуудын бодол, ойлголт, хүмүүжил тогтвортой төлөвшиж өгөхгүй их савалгаатай байх шиг. Та өнөөгийн бидний, ер нь хүний амьдралын талаар янз бүрийн зүйл боддог, янз бүрийн л утга агуулгатай санаа, эргэцүүлэлтэй явдаг байх. Өвөрмөц, бусдад сонирхолтой бодол ч төрдөг л байлгүй. Хуваалцахгүй юу?

-Хүн бол бодит болон бодит бус хам ертөнцүүдийн л шүтэн барилдлагын нэг тийм “бүтээгдэхүүн” л дээ. Байгалийн ч аугаа хөдөлмөрийн “бүтээгдэхүүн”. Бурханы ч бодь хайрын аугаа бүтээл. Шинжлэх ухааны ойлголтоор хандвал, нэг талаасаа эволюци үйл явцын үр дүнгээр биологийн өндөр хөгжлийн түвшинд ухамсарт төлөвт оршиж буй уурагт бие, нөгөө талаар creation  үйл явцын ч өндөр хөгжлийн дээд эрэмбэд орон зайгаа эзэлж буй нийлмэл, гоо сайхан (хэдийгээр төгс төгөлдөр биш ч) бүтэц. Хүний ч бай, адгуус амьтдын ч бай ялгаагүй, тэдний амьдрал гэдэг үзэгдэл бол уурагт бие бодисын солилцоо явуулж орон зай, цаг хугацааны тодорхой муж, мөчлөгт оршиж тогтнох хэлбэр. Миний хэлж байгаа энэ үг, ойлголт бол угтаа Германы их сэтгэгч, эдийн засагч эрдэмтэн Ф. Энгельсийн томьёолсон тодорхойлолт шүү. Харин хүний амьдрал биологийн бус утгаараа юу вэ, чухам юун дээр тогтдог вэ гэдэг тухайд бол бид хөгшин залуугүй дор дороо тун гүнзгий бодож, их зөв онол, ойлголттой болох ёстой цаг үед амьдарч эхэллээ. Зах зээлийн харилцаанд сохор мухраар шунаснаас хойших олон жилд монголчууд бид хүний амьдралын үнэмлэхүй зорилго, үр дүн, үнэ цэнийн талаар арай л гажуу, өөртөө хортой ойлголттой амьдардаг болчихлоо. Хүн юуны хүчээр амьдарч байна вэ гэхээр өнөөгийн өмч хөрөнгийн шүтлэгтнүүд болон либертари онол, сургаалийн үзэлтнүүдийн баримтлал шиг хувийн өмчийн ашиг, хуримтлалын ихээр бус, “Би”-гээ дээдлэх, өөрийнхөө төлөө амьдрах улангассан үйл ажиллагааны үр шимээр бус, харин бусдыг өөр шигээ бодон өрөвдөх, энэрэн хайрлах, харилцан тус буян үйлдэх сэтгэлийнхээ идэвх, эрчмээр бусадтай шүтэн барилдаж ахуй амьдралаа дээшлүүлэх хүсэл, зарчимтай ажил хөдөлмөрийнхөө үр хишгээр л сайн сайхан амьдарч чадаж байгаа юм. Энэ бол хууль. Ямар ч нийгмийн харилцаа өөрчилж чадахгүй “үндсэн хууль” бол энэ. Хүн төрөлхтний өвөг анхны хүнийг газар дэлхийд үүсэхэд нь л цуг өгөгдсөн, тэнгэрээс өөр юу ч өөрчилж чадахгүй, тэнгэр өөрөө ч хэзээ ч өөрчлөхгүй мөнхийн хөдөлшгүй хууль! Хүн бүр дор дороо зөвхөн өөрийгөө л бодсон, зөвхөн өөртөө л хэрэгтэй үйл ажиллагаа эрхэлж явуулах юм бол хүмүүсийн нийгэмшил, нийгмийн харилцаа дорхноо задарна. Нийгэм хөгжих нь бүү хэл, нийгэм гэх хэлбэр утга чанараараа ч оршин тогтнох боломжгүйд хүрнэ. Нийгэм гэх ойлголт ч хүмүүсийн ухамсар сэтгэхүйд устана. Нийгэмших, иргэнших, соёлжих, гэгээрэх үйл явц ч зогсоно. Хүний амьдрал олон нийтийн харилцаан дээр л тогтдог. Харилцааны тогтолцоо уствал хувь хүн хэн байлаа ч, хэчнээн хүчтэй, хөрөнгөтэй, арга сүйхээтэй, бас хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч нэгэн өдрийн нар жаргах зуур л чоно, нохойн хоол болно шүү дээ. Нийгмийн харилцаа бол хүн юуны өмнө өөрийгөө бодох бус, өрөөл бусдыгаа түрүүлж бодох л нийлмэл “шүтэн барилдлагын” тогтолцоо юм. Нийгмийн тогтолцоо гэдэг маань хувь хүмүүс, иргэдийн харилцаа, амьдралынх нь хэв загвараас л бүрдэнэ шүү дээ. Хувь хүмүүс хүний амьдралын чинад утга, зорилгыг яаж ойлгож ухамсарлаж байгаатай шууд хамааралтайгаар нийгмийн харилцааны шинж чанар бүрдэнэ. Миний хувьд хүний амьдрал заримдаа  санхүүгийн баланс шиг санагддаг юм. Санхүүгийн баланс гэдэг нь эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн газруудын орлого, зарлага, ашиг гурвын харьцаа, тэнцэтгэлийн тооцоо, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж хугацаан дахь үйл ажиллагааных нь үр дүнг тодорхойлох аргачлал юм. Амьдрал гэдэг хүний амьд явсан хугацааны “баланс” буюу үр дүн, үнэ цэнийн “рентген зураг” юм. Гагцхүү амьдрал-балансын “орлого”, “зарлага”-ын утга нь тун их өөр. Өөрөөр хэлбэл хүний амьдралын “орлого” тал нь “авлага” буюу бурханаас хүнд хайрласан бүх юм, ямар ч “хүү”-гүй олгосон урт, богино хугацааны “зээл” шүү дээ. Бурхан хүнд өгсөн урт богино хугацааны “зээл”-ээ тоглоом шоглоомоор л хүнээс нэхэж “төлүүлдэг” юм шиг байгаа юм. Тэгэхдээ харин өөртөө авах бус, өөрийнхөө “данс”-нд хийлгэх бус, төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхдээ өөр бусад олон хүний буян, тусад зарцуулахын тулд “зээл”-ээ төлүүлэхээр илгээдэг байх! Ингэхлээр хүний амьдрал-балансын “зарлага” тал нь чухамдаа бол бурханд төлөх өр зээл ч бус хүмүүст өгөх өглөг, өргөлийн утгатай болоод явчихаж байгаа юм. Хүний бурханаас авсан авлага гэдэг нь бусдадаа өгөх ёстой өглөгийнх нь “эх үүсвэр”, “санхүүжилт” гэсэн үг. Товчхондоо, хүний амьдрал гэдэг бол нэг нэгэндээ өгөх өглөг, тэр өглөгөө бүтээхүйн үйл явц юм. Энэхүү бүтээхүйн хугацаа тодорхойгүй! Урт байж магадгүй, богинохон ч байж мэдэх үл мэдэгдэгч хэмжигдэхүүн! Харин юугаар тодорхойлогдох вэ гэвэл тухайн бодьгалын үйлдсэн үйлийн үр, буян, нүглийн харьцааны дэнсээр тодорхойлогдох нь магад юм. Миний дотроо бодож байгаагаар, хүнээс хүндээ өгөх өглөг, өргөл гэдэг юу вэ гэхээр бие биеэ баярлуулах тус, буян л юм. Хүнийг баярлуулах чинь өөрийгөө  давхар баярлуулж байгаа хэрэг  шүү дээ. Баярлаж байгаа “амьтныг” харах л хүний дээд баяр байдаг. Үнэн баяр л жинхэнэ жаргал юм. Сэтгэлдээ жаргал олохын тулд өөртөө баяр баясгаланг бүтээх хэрэгтэй. Өөртөө баяр, жаргал бүтээхүй нь бусдыг баяруулж буй явдал. Хүн үхэхдээ ч жаргалтай, баяртай үхэж болох нэг аугаа боломж бий. Тэр бол амьдралдаа маш олон хүнийг баярлуулах явдал юм.

–Таны ярианд дурдагдсан “үндсэн хууль” хаанаас өгөгдсөн байж таарах вэ? Хүн төрөлхтний өвөг анхны хүн үүсэхэд л ухамсарт нь суулттай байсан юм бол тэр “хууль”-ийг яагаад ч хүн өөрөө зохиосон ч юм уу, бодож боловсруулсан байх үндэсгүй санагдах юм?

-Эволюци үйл явцаар ч бай, бүтээх үйл явцаар ч бай, хүнийг буй болгосон тэр “хүч”-ний тогтоосон “хууль” байж таарна. Тэр “хүч” юу болохыг шинжлэх ухаанчаар яг танин мэдэх, тэр “хүч”-нээс ирж буй мэдээлэл, хөтөлбөрийг зөв тайлах, бас тэрхүү далд нууцлаг хүчний долгион, дохио, үйлчлэлтэй нарийн зохицож үйл ажиллагаагаа тун алдаа багатайгаар явуулах л цаашдаа хүн төрөлхтний оршихуйн үндэс байх болно. Өнөөдөр ч бай, ирээдүйд ч бай бидний хөөрхий хүн төрөлхтний оюун, сэтгэлгээ, улстөр-эдийн засгийн үйл ажиллагаа, үндсэндээ гагцхүү тэр “дээд хүч”-ний мөн чанар, зүй тогтолтой шүтэн барилдаж түүний нөлөөлөл, “захирамж”-ийг дагахад л чиглэгдэж байж сая хөгжлийн зөв загварыг олно. Өнөөдөр хүн төрөлхтний сэтгэлгээ тэр “хүч”-ийг янз бүрээр төсөөлж, янз бүрээр ойлгож, тодорхойлж, янз бүрээр л нэр оноож байх шиг байна. Тухайлбал, “Бурхан”, “Мөнх тэнгэр”, “God”, “Бог”, “Нөхцөл шалтгаан”, “Шүтэн барилдлага”, “Жам”, “Хувь тавилан” гэх мэтээр л ерөнхийлөн хүлээн авч байгаа. Миний хувьд ийм үзэгдлийг бясалгах, тайлбарлах, үнэн бодитой хариу өгөх гэгээрэлд хүрсэн хүн биш юм. Яахав, чааваас шинжлэх ухаанчаар ойлгох гэж хааяа хичээдэг л дээ. Тэгээд ч нэмэр алга, үр дүн гардаггүй юм.

-Хааяа хичээдэг гэхийг бодоход таны хичээл зүтгэл дандаа хоосон өнгөрөөгүй байлгүй дээ. Ямар нэгэн сэжүүр тэмтэрсэн л байх учиртай гэж бодож байна?

-Яахав, дуугүй өнгөрөхийн оронд юу боддогоо хэлэхэд, тэр “хүч” болон түүний үйлчлэл нь “Байгаа” эгшинтэй, “Байхгүй” рүү ч шилжиж хувирдаг эгшинтэй, гэхдээ тэр “хүч” өөрөө ч, үйлчлэл нь ч байнга байж байдаг тийм тогтмол хувьсагч, урвуугаар, хувьсагч тогтмолын чанартай оршдог болов уу. Хязгааргүй их багтаамжтай, өөрөөр хэлбэл орон зайтай, хэмжигдэшгүй бага буюу төгсгөлгүй бага, бараг орон зай нь устсан байхаар үнэмлэхүй их нягттай тийм үйл явц, мөн тийм үйл явцын тээгч болж орчих чадвартай ахуй байж ч болох юм. Тэгээд үр чанараар хоосон чанарт ч оршиж чадах, бодит чанарт ч шилжиж оршиж чадах орчлонгийн “Их нэгдэл”-ийн төлөв ч байж болох. Ямар нэг “Х” бүтэц болон хэмжигдэхүүн эгшин хоромд, бараг цаг хугацаа устах их хурдны нөлөөнд “У” бүтэц болон хэмжигдэхүүнд шилжих трансмутаци хувиралдаа ямар нэг хосмог төлөвт түгэх, эсвэл ямар нэг гуравдагч, дөрөвдөгч, тэгээд төгсгөлгүй олонлог “Z” төлөвт ахуй оршихуйг үүсгэх “бодит-хийсвэр” үйл явцыг агуулсан учир шалтгааны нууцлалтай бүтэц ч байж болно. Тийм үү? Намайг 1959-1964 онд Москвагийн Эдийн засгийн дээд сургуульд суралцаж байхад квант физикийн онол заадаг байсан юм. Тэндээс ойлгож үлдсэнээр бол масс гэрлийн хурдын квадраттай тэнцүү хурдтай хөдлөхөөр масс чөлөөлөгдөж энергид шилжээд алив биет физик орчинд буй болж чадахгүй их хүчээр үйлчилж ажил гүйцэтгэдэг шиг, тэгээд зүгээр ч нэг механик үйлдэл, үйлчлэл үзүүлэх бус бодит ертөнцийг барьж байдаг өнөөх дөрвөн хүч нэг хам хүч болон нэгдэж, нэгдмэлээр үйлчилж буй “Их нэгдэл”-ийн интеграл хүч шиг үзэгдэл юм болов уу ч гэж  боддог л юм.

-Эдгээр хийсвэр, хүний амьдралын бодит асуудлуудаас хол хөндий төсөөлөл, ойлголтуудыг нийгмийн амьдралын тодорхой хэлбэрт оруулахаар “Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ”, “Нийгмийн ардчилал”, “Хүний эрх, эрх чөлөө”, “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Ажлын байр”, Орон сууц”, “Цалин хөлс”, “Сонгууль”, “Үйлдвэр”, “Үйлчилгээ” гэх мэтийн олон бодит утга агуулгатай ойлголтууд болж хуваагдана биз дээ?

-Тийм л дээ. Нийгмийн амьдрал яалт ч үгүй эдийн засагтаа суурилна. Нийгэм дэх бүх үзэгдлүүд, үндсэндээ эдийн засгийн харилцааны л бүтээгдэхүүнүүд байдаг. Өнөөдөр Монголын эдийн засгийн харилцаа эерэгээсээ сөрөг үр дүн давамгайлсан шинж чанартай байна. Нийгмийн амьдралын суурь болж байгаа эдийн засгийн харилцаа сөрөг үр дүн ихтэй байгаагийн хар гайгаар улстөрийн амьдрал ч будлиантай, нийгмийн гишүүдийнхээ сэтгэлзүйд эргэлзээ, гайхшрал төрүүлсэн дур зоргын үйл явдлуудаар дүүрэн өрнөнө. Ийм негатив үр дүнд хөтөлдөг чиг хандлагатай тогтолцоо үйлчилж буйн шалтгаанаар нийгмийн хөгжлийг гажуудуулагч үзэгдлүүдийн гинжин урвал нийгмийн бүх салбарын үйл явцыг эмх цэгцгүй, ухамсарын хяналтгүй, ихэнхдээ эцэст нь регресив шинж чанартай болгодог. Ийм үр дагавартай үйл явцыг системийн хямрал гэж нэрлэх бүрэн үндэстэй. Учир нь нийгмийн амьдралд байнга зөрчил, сөргөлдөөн, үл итгэлцэл, өмч хөрөнгийн ашиг сонирхолын талцал, антигонист уур амьсгалыг байнга үүсгэдэг. Бас цаашлаад нийгмийн хөгжлийн нийтлэг чиг хандлагыг саармагжуулаад зогсохгүй бөгөөд логик учирзүйн хэм хэмжээнээс хальсан нийгэмд харш нийгмийнхээ тогтолцоог тогтворгүй болгох, задлан бутаргах тийм урьдчилан харах боломжгүй “шинэ” үйл явцыг “эхлүүлэх” зүй тогтолтой нь түүхээс тодорхой болсон шүү дээ. Энэ бол хүн бүгдийн мэдэх зүй тогтол! Монголд өнөөдөр нийгмээ хямрал, хувьсгал руу хальтруулах далд, “сүүдрийн эдийн засаг”-ийн үзэгдлүүд энд тэндгүй бугшсаар байгаагаас үр нөлөө нь улстөрд хүчтэй шургалж ард иргэдийнхээ эгдүүцэл, дургүйцлийг хатгасаар байгаа нь нууц биш л байна. Нийгмийн тайван амьдралыг тун мөдхөн их эвгүйгээр эргүүлж болзошгүй энэ үйл явцын улам нягтарч битүүрч буй цагаригийг яаралтай задалчих боломж уг нь ил харагдаад л байгаа юм. Давын өмнө нефть боловсруулах, зэс, төмөр, цагаан тугалга, уран гэх мэт ховор металлаар эх орондоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, уул уурхайн  нэг гол түүхий эд нүүрсээ түүхийгээр нь шатааж утаа үйлдвэрлэх бус химийн үйлдвэрийн таваар болгох, цахилгаан дулааны шинэ эх үүсвэрээр ашиглах техник-технологид шилжих, мах, ноос, ноолуур, арьс шир, дэл хялгас боловсруулах хөнгөн үйлдвэрүүд байгуулж үйлдвэржилтийн хувьд ядаж социализмын үеийн хөгжлийн түвшинд хүрэх туршлагыг өнгөрсөн түүхээсээ сурах, гадаадын хөрөнгө оруулалт, төсөл, зээлийг эдийн засагт ашиглахдаа үр ашгийг нь тооцдог дэлхийн стандарт аргачлалыг хатуу баримталж гэрээ, хэлэлцээр хийдэг практикийг хэвшүүлж журамлах, төсөл, тендерт өрсөлдөх аж ахуйн газруудыг шалгаруулахдаа Засгийн газар бус харин тусгай итгэмжлэлт аудитын компаниудын нэгдсэн зөвлөл шалгаруулж, харин үнэлгээ, тооцоо, шийдвэрлэлтийг нь Засгийн газар хянаж батламжилдаг журам тогтоох зэрэг шаардлага амьдралаар үүсчихээд байна. Монголчууд бид “Төрийн төлөө оготно боож үхэх” гэж хөхрөлддөг. Хэдийгээр наанаа инээлдэж байгаа ч цаанаа бол төрийн төлөө хээрийн оготно боож үхэхдээ тулж байхад гэрийн хүн яаж амар амгалан амьдрах вэ, юу чадахаа хийх хэрэгтэй болж шүү гэж сануулсан шаардлагын философи санааг тоглоомгүй агуулж байгааг ойлгож л суудаг. Би ч ялгаагүй нэг “оготно” төрийнхөө буруу, зөрүү, алдаа дутагдалтай үйл ажиллагааны уршгаар боож үхэх нь тун холгүй байгаа “хүн-оготно” л юм. Сонин уншсан чинь Монгол Улсын гадаад өр талийж, хүн болгон 21 сая төгрөгийн өртэй болсон байх юм. Социалист БНМАУ-ын гадаад өр, төлбөр 70 жилд хуримтлагдсан дүнгээрээ 11 тэрбум шилжих рубль болж байсан. Тэр өр ихэнхдээ БНМАУ-ыг үйлдвэржүүлэх, үйлдвэр-хөдөө аж ахуйн хөгжингүй орон болгох материал-техникийн баазыг цогцлуулахад зарцуулагдсан. Гэтэл 1990 оноос хойш гадаадаас оруулсан олон тэрбум ам. долларын хөрөнгөөр Монгол Улсад мэдэгдэхүйц том ач тустай, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд шууд нөлөөтэй ямар үйлдвэр ашиглалтад оров? Хөгжлийг тогтвортой урагшлуулах ямар үсрэнгүй ахиц гарсан бэ? Нүдэнд ил харагдахаас ихэнхдээ л хувийн тансаг зочид буудал, ресторан, өмч хөрөнгийн эздийн орд шилтгээнүүд л байна. Өөр юманд зарсан юм бол юунд зарсан хэрэг вэ? Дэлхийн банкны журам, туршлагаар бол гадаад зээлийн өр нь ДНБ-ний 40 орчим хувиас давсан орныг өрийн дарамттай оронд тооцдог юм гэсэн. Тэгэхлээр Монголын Засгийн газар хэзээ Олон улсын шүүхэд дуудагддаг бол гэж санаа зовж л суух юм. Энэ түгшүүртэй асуулт “Урианхай-оготно”-ын толгойд байн байн эргэлддэг шүү.

–Монгол Улсаа бусадтай харьцуулаад дүгнэхээр сонин үзэгдэл харагдах юм. Дэлхийд манайх шиг зах зээлийн тогтолцоогоор замнаж байгаа улс орон 100 гаруй бий гэдэг. Харин  Монголыг хүн амынх нь хөгжлийн түвшин, амьдралынх нь хангамжаар жишихээр эдгээр олон улс орны сүүл мушгиж байх шиг. Гэхдээ  та хэдийгээр уран бүтээлч хүн боловч залуудаа эдийн засгийн онол судалж, мэргэжил эзэмшсэн. Энэ талаас нь асуухад өнөөдөр манай нийгмийн амьдралд дэвшил гарч байна уу, эсвэл уруудан доройтож байна уу?

-Амьдралаасаа харахад Монголын эдийн засаг байнга л хэлбэлзэлд өртөх юм байна шүү дээ. Бензин шатахууны үнийн зохиомол хөөрөгдөл, ам. долларын ханшийн өсөлтийн хуйвалдаан нь Монголын эдийн засгийг дуртай үедээ, дуртай зүг рүүгээ гуд татаж чадаж байна. Шалтгаан нь нууц биш, толгойтой бүгдэд ил. Монгол Улс газрын тосны багагүй нөөцтэй хэр нь тэр баялгаа дотооддоо боловсруулж ашиглах үйлдвэр барих бодлого хэрэгжүүлэхийн оронд Хятад руу түүхийгээр нь түүхий эдийн үнээр бэлэглэчихсэн. Монголоор дүүрэн цахилсан хуучирч муудсан машинуудынхаа түлш шатахууныг Оросын ганц хоёр компаниас гуйвраар нийлүүлдэг, тэгээд импортын үнийг нь дотооддоо үгсэн тогтоодог, хүнсний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг Эрээний захын хямд үнийн бараагаар хангадаг, тэдгээр барааны чанар, аюулгүй байдал ямар ч баталгаагүй, лангуунаас зарагддаг жижиглэнгийн үнэ нь дамын наймаачдын амны зоргоор, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэнэт гэнэт л тэнгэрт хадчихдаг, товчхондоо нийгмийн харилцааны бүх үйл явц урсгал шинжтэй, тэр урсгалыг нь хар захын үнэ ханш, ченжүүдийн далд сүлжээ хүссэнээрээ удирддаг, төрд нь болохоор шинжлэх ухаанч бодлоготой идэвхтэй үйл ажиллагаа байхгүй, элдэв долоон намуудын улстөржсөн хэрүүл маргаанд л живж байдаг нь нийгмийн харилцааг дэвшилд бус ноцтой гажуудалд л оруулж байна шүү дээ. “Коммунизм Европоор хий үзэгдэл мэт тэнэж явна” гэдэг шиг Монголын эдийн засгийн өсөлтийн макро үзүүлэлтүүд чих дэлсээд байгаа ч микро загвартаа, ард иргэдийн бодит амьдралын түвшинд болохоор зах зээлийн харилцааны зөвийн болоод “давуу тал”, “үр дүн”-гийн “хий үзэгдэл” байхаас цаашгүй байна. Зах зээл, хувийн өмчийн “ирээдүйтэй”-г нотолдог, зөвтгөдөг онол Монголын эдийн засагт практикаар голдуу үгүйсгэгдэж байна. Үзэл сурталчид нь зөв гээд уухайлаад байгаа онол нь бодит амьдрал дээр дандаа сөрөг үр дүнтэй гарц байгаа нь надад хачин санагдаад янз бүрийн хариулт нэхсэн асуултууд тулгаад амраадаггүй юм.

Газрын баялаг ихээр нээгдэж, эдийн засгийн өсөлт хурдан нэмэгдэж, төсвийн орлого мэдэгдэхүйц тэллээ. Зарлага нь ч, ялангуяа үр ашиггүй “хообий” үйл ажиллагааны зардлын санхүүжилт орлогоосоо дутахааргүй харьцаатай өсөөд л байна. Нотолгоо нь хүн амын 40 хувьд нүүрлэчихээд байгаа ядуурлыг бууруулах, бүр арилгах гол зорилго шийдэгдэхгүй урьдын хэвээр үргэлжилж, харин ч эсрэгээр ядуу өрхийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийгмийн философид нийгмийн үзэгдлийг үнэлэхдээ уг үзэгдлийн үр дүнгийн эерэг сөрөг шинж чанараар үнэлдэг. Хэдийгээр үр дүнгийн хугацаа болон үр дүн өөрөө харьцангуй ч гэсэн тодорхой терминал хугацаанд үргэлжилсэн үзэгдэл, үйл явцын шинж чанарын үзүүлэлт нь мөнөөх харьцангүй үр дүн л байна. Өөр “толь” байхгүй! Улстөр, удирдлагын боловсон хүчний бүтцэд өөрчлөлт орсон ч шалгуур нь дэндүү муудлаа. Шалгуурт ардчилсан шинж чанартай шинэчлэл хийгдсэн мэт харагддаг ч энэ шинэчлэл хүмүүсийн мэдлэг, мэргэжил, туршлага, ёсзүйн өндөр шаардлагад тулгуурлаагүй, хөрөнгө бэл, хуурамч “хавтас”, намчирхалын хийрхэлд тулгуурласан тул эерэг үр дүн өгөхгүй байна. Нэмээд хэлэхэд, нийгэм жинхэнэ хүмүүнлэг Ёс зүйн хуульгүйгээс их задгайрч нийгмийн сэтгэлгээ дуртай дуртай “будаа”-руугаа амаа мэдэхгүй тоос хадаан таваргаж байна. Ёсзүйн хууль гэдэг бол дээд хууль! Үндсэн хуулийн дээр байх, Үндсэн хуульд үндэс суурь болж өндөрлөж өгөх хууль юм. Тийм хатуу, тэгэхдээ жинхэнэ хүнлэг ардчилсан “эцэг хууль” байхгүйгээс Үндсэн хууль маань эцэггүй охин шиг годгонуур бөгөөд дурын сээтгэнүүр эр уран арга, түргэн үгээр хөнжлийг нь сөхчихөж чаддаг хууль болчихсон юм шиг байгаа юм. Тиймээс нийгэмд хуулиуд нь ихэнх тохиолдолд хэрэгждэггүй, төр нь ч хэрэгжүүлж чадахгүй, үүрэг хариуцлагын тогтолцоо үйл ажиллагаанд нь хэвшихгүй байна гэж би боддог. Хэрэгжихгүй хуультай нийгэм бол хуульгүй нийгэмтэй л адил, аягүй бол тэрнээс ч доош унана шүү дээ. Би зөвхөн өөртөө боддогоо л илэн далангүй ярьж байна шүү. Ярьсныг минь үнэмшихгүй бол харин би гайхахгүй. Үгүйсгэхэд ч гайхахгүй. Хүн хүний мөрөн дээр өөр өөр толгой залгаатай байгаа болохоор тэр олон толгойд өөр өөрөөр төрж байгаа зөв, буруу олон бодлын зөрчлийн нэгдлээс л үнэн олдоно.

-Өнөөдөр Д. Урианхай гуай үзэл бодлын хувьд яг хэн бэ гэж асуумаар санагдчихлаа. Олон жилийн та өөрийгөө “Марксизм-Буддизмын хавчуурга” гэж тодорхойлж байсан. Хэвээрээ юу, эсвэл өөрчлөгдсөн үү. Өөрчлөгдсөн бол ямар өөрчлөлт орсон бол?

-Үндсэндээ ноцтой өөрчлөлт ороогүй. Харин тэр олон жилийн өмнө хэрэглэсэн “хавчуурга” гэдэг үгийг синтез гэдэг үгээр солимоор сэтгэлгээний хөгжлийн өөрчлөлт орсон. Өмнөх үеийг Марксын формацийн онол дээр нэмэх нь “Хутагтын дөрвөн үнэн” гэж томьёолж болох байсан бол одоо Марксын формацын онол дээр нэмэх нь “Хутагтын дөрвөн үнэн”,  дээр нь нэмэх нь Нийгмийн харилцааны шүтэн барилдлага гэж томьёологдоно.

-Шинэ онол уу?

-Шинэ онол.(инээв) Үүнийгээ би Шүтэн барилдлагын социализм гэж нэрлэж байгаа. Үгүйсгэж болох, хүлээн зөвшөөрч ч болох нийгмийн априор сэтгэлгээний л ойлголт томьёоллууд байгаа. Хүний амьдралд үл үгүйсгэхдэхүйц нөлөөтэй бодит хүчин зүйлүүдийн утга агуулгыг багтаан харилцааны систем бодогдсон байгаа шүү! Гэхдээ үгүйсгэх, хүлээн зөвшөөрөх хоёрын аль алинд нь логик сэтгэлгээний өндөрлөгөөр дамжиж л хүрэх хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, философи сэтгэмж, оюун дүгнэлтийн зарчмаар гэсэн үг шүү дээ!

-Зах зээлийн хууль үйлчилж байгаа тогтолцоонд Марксист үзэлтэй байх боломжтой юу. Шаардлага байгаа юм уу?

-Аль ч нийгмийн тогтолцоонд хуульзүйн шинжлэх ухааны мэдлэг, эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг хоёр заавал хэрэгтэй шүү дээ. Улстөр нь нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиараа үйл ажиллагаагаа явуулна, бодит ахуй амьдрал нь эдийн засгийн харилцаанд ноёрхож буй зүй тогтолдоо захирагдаж явна. Эдийн засгийн харилцааг удирдахын тулд заавал эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг, мэргэжилтэй байж сая нийгмийнхээ хөгжлийн зөв бодлогыг боловсруулж оновчтой сайн шийдвэр гаргаж чадна. Маркс бол суут эдийн засагч эрдэмтэн, суут сэтгэгч!  Марксист байхын тулд Карл Марксын эдийн засгийн сэтгэлгээний хэдэн аугаа логик гаргалгааг сайтар ухаж ойлгох хэрэгтэй л дээ. Эдгээр гаргалгаа бол сэтгэлгээний хөгжил, гайхамшигт бодолтнуудын гоо сайхны илэрхийлэл юм. Нэгдүгээрт, формацын онол, хоёрдугаарт, нэмүү өртөгийн хууль, гуравдугаарт, хүн төрөлхтний түүхэнд өгсөн материалист тодорхойлолт!

-Та одоо ч Марксист хэвээр л байгаа юм байна. Урьд нь өөрийгөө “Би Монголын сүүлчийн Марксист” гэж хэлж байсан шигээ?

-“Юу сайхан дур сайхан” гэдэг үзэл сурталтай болсон өнөө үед өөрийгөө би үнэхээр тэгж боддог. Өөрийн үзэл бодол, нийгмийн хөгжлийн утга агуулгыг ойлгодог ойлголтоо Монголын нийгмийн өөрчлөлт, зах зээлийн тогтолцооны явцын шинж чанарыг манай “онолчид”-ын ойлгож буй ойлголт, тайлбарлаж буй тайлбар, тодорхойлолтуудтай харьцуулахад би бол 1990 оноос хойших “шинэ” Монголд амьд үлдчихээд байгаа ганц “хуучин хүү”.  Хааяа нэг ширээ сандлаасаа ховхрон нийслэлийн гудамжаар яаруухан алхахдаа “соёл”-ыг нь гайхаад л, утаанд нь уцаарлаад л, батгана шиг шавалдаж, жоом шиг тарсан машинуудаас нь үнхэлцэгээ хагартал айгаад л, над мэтийн “амьдралын ёроолынхон” хэзээ ч худалдан авч чадахгүй хэт үнэтэй гадаад бараа таваарт дарагдсан дэлгүүрүүдийнх нь илбэ, солонгонд толгой сэгсрээд л, баруунаа бөхийж ургасан мододтой ой ширэнгэнд ганцаараа зүүнээ бөхийж ургасан хөгшин хар мод болсон шиг л сэтгэгдэлтэй явдаг. Улстөрийн нэр томьёогоор бол Урианхай гэдэг өвгөн иргэн Монголын сүүлчийн ганц Марксист! К. Марксын нийгмийн онолд сэтгэлгээний дээд математик байдаг юм. “К. Марксын сургааль хүчтэй. Яагаад гэвэл үнэн сургааль юм” гэж В.И Ленин их зөв хэлжээ гэж бодоод л явдаг даа, би.

-Үнэнийг хэлэхэд таны үгийг би их хүндэлдэг. Гэхдээ хүндэтгэдэг гэдэг үг бол үг  бүрийг тань хүлээн зөвшөөрдөг гэсэн үг бишийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тэглээ ч ярилцлага хийх завшаан олдсоных асуумаар санагдаад буй нэг асуултаа тавья. Монголын “сүүлчийн Марксист” таны нүдээр манай өнөөгийн эдийн засгийн негатив (таны хэлснээр) үзэгдлүүдийн далд, гол гол шалтгаануудыг аль болох цөөхөн үгээр тайлбарлана уу?

-(инээв) Аль болох товчхон хариулах асуулт биш, харин ч эсрэгээр, аль болох дэлгэрэнгүй, тал талаас нь нухацтай ярьмаар л асуулт байна шүү дээ.

-Уг нь тийм л дээ. Гэхдээ яарсандаа, өөрөөр хэлбэл цагийг тань их түрэмгийгээр үрж байгаадаа санаа зовоод гэх үү дээ. Та л цагаа харам санахгүй бол ярья гэснээ  ярь л даа. Уг нь дэлгэрэнгүй  ярьвал надад ч, уншигчдад ч хэрэгтэй  байна.

-Эдийн засаг руугаа бодитой шагайвал их л тогтворгүй, элдэв эрсдэлд хямдхан өртчихөөр эмзэгдүү л загвар харагдах юм. Хөгжлийн гол тулгуур нь уул уурхайн олборлолт байдаг. Үр ашиг нь эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамааралтай, үргэлж “захиргаанд” нь ноёлогдож байдаг. Эдийн засгийн удирдлага, зохицуулалт нь Монголын төрд бус, гадаадын хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчдийн эрх мэдэлд атгаастай. Тэд хаашаа л зална тийшээ мурийдаг. Тийм үү? Инфляци гэдэг “хар шувуу” манай руу байн байн нүүдлээд ирчихдэг болсоор уджээ. Эд барааны үнэ, үйлчилгээний хөлс нь яг л хамхуул шиг. Хамхуулын үндэс цулгай болохоор салхи хөдлөхөөр л хөрснөөсөө мултраад хаашаа л бол хаашаа салхины аясаар нисээд явчихдаг шүү дээ. Яг л тэрэн шиг байна. Үнэ, тариф тогтоолт нь шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй, хүн ёсны хийгээд хүмүүнлэг харилцааны хэм хэмжээ байхгүй! Тийм үү? Үнэ өсгөдөг, тэнгэр рүү хөөрөгддөг хавсрага шуурганых нь зүг чиг ч их гаж, шинж чанар нь ч их гажиг, юу гэвэл зөвхөн доороос нь дээшээ үлээдэг, тэгээд үнэ өртгийг нь үүлэнд тулгаж хаяад л сая нэг юм намждаг “хавсрага шуурга” байх юм. Зардлаасаа хэт давсан үнээр барааг борлуулах нь эзэддээ өнөөдөр  ашигтай ч маргааш нь ямар гай гамшиг дуудахыг тэд мэдэхгүй байна, хөөрхий. Ямар гай, ямар аюул дуудах вэ гэвэл нүгэл нүдээрээ гарах аюул л нүүрлэнэ. Эд нар нүглээсээ огт айдаггүй хүрэл зүрхтэн улс юм. Хэдийг бүү мэд, хэдхэн жил өнгөрсний хойно эдгээр хүрэл зүрхтэнүүд өтлөх нь жам, өвчин зооглох нь жам, үхэх нь жам!  Үхсэн хойноо өнчин хөөрхий сүнсээ тамын галд шатаалгаж тарчлана шүү дээ, чааваас. Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй эрдэм шинжилгээний тусгай институт хүний сүнс судалж байна. Сүнс гэж байдгийг баримтаар нотлох нь бүү хэл, сүнс шилжүүлэн суулгах мэс засал хийж ололт, нээлтээ зарлаж байна шүү дээ. Хүний амьдрал ийм давхар давхар баринтагтай болохоор хүн энэ насандаа хүнлэг, шударга амьдарч чадахгүй юмаа гэхэд нүглээс айж амьдарч чадахгүй бол насныхаа эцэст газраар гүйж яваа өт, хорхойнд ч атаархахаар дорд муу хувь заяаны цаламд бөх гэгч ороогдоно. Тэр цалмыг юугаар ч тасалж чадахгүй. Уг нь бараа, үйлчилгээний үнэ, төлбөр зардалтайгаа харьцангуй байвал үнэтэй, чанартай бүтээгдэхүүний борлуулалт сайн, хөрөнгө мөнгөнийх нь эргэлт түргэн, тэгэхлээр үхэл дарагдмал нөөц хуримтлагдахгүй, мөнгөн орлогынх нь баяжилт хурдсах ашигтайг тооцох нь илүү зүйтэй “тооцоо” байгаа юм шүү дээ. Ер нь тэгээд өнөөгийн нийгэмд хүний ариун сайхан сэтгэлээр амьдрахаар зорьж яваа мань мэтэд гашуунаар мэгшин харуусмаар өдөр олон л давтагдах юм, эсэргүүцмээр үйлдэл, зөрчилдмөөр үзэгдэл олон л тохиолдох юм байна шүү дээ, хө! Тэр бүгдэд би жигтэйхэн залуу халуун сэтгэлээр эмзэглэх юм. Заримдаа ч бүр цамцаа ураад цээжээ маажмаар, заримдаа ч бүр хэнгэнэтлээ уйлмаар л “шизотоод” явчихна. Гэхдээ миний нулимсанд ач холбогдол өгөх хэрэггүй ээ! Өвгөрөөд нулимс султай болчихоод байгаа ч юм биш хар багын, идэр залуугийн л уйланхай амьтан! Социализмын үед ч олон уйлдаг  байсан. Нулимс элбэгтэй, бас султай минь надад ижий, аавын минь “өвлүүлсэн” олон дутагдлуудын зөвхөн нэг нь! Би баярлахдаа ч  уйлчихдаг, гомдохдоо ч  уйлчихдаг. Гол нь Монгол минь л намайг уйлуулдаг юм. Сайнд нь ч  уйлдаг, мууд нь ч уйлдаг. Монголоо  даанч их хайрладагтаа  тэр шүү дээ. Тоодоггүй, хайрладаггүй байсансан бол юундаа тэгтлээ усан нүдлээд байв гэж. Санаа амар  унтаж босоод л, идэж уугаад л уйлахаасаа ярвайх  нь олон байх байсан биз. За, болъё, долоон булчирхайгаа тоочин олонд шоолуулаад яахав.

-Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдлын буруутан нь хэн бэ. Засаглалын бүтэц, хэлбэр, хуваарилалтын бурууд байна уу, эсвэл эдийн засгийн харилцааны согогтой үйл явцад байна уу?

-Мэдээж, аль алинд нь.  Эдийн засгийн харилцаагаа ч жинхэнэ энэрэнгүй, зөв, хуурмаг бус ардчилсан гольдролд оруулах хэрэгтэй! Гагцхүү хувийн өмч бус, өмчийн үр ашигтай олон хэлбэрүүдийг зэрэг хөгжүүлж тэдний хооронд бараа бүтээгдэхүүний чанарын болоод өртөг зардлын шинжлэх ухаанч хэмнэлт, үнийн бууралтын өрсөлдөөн буй болгох тогтолцоонд шилжих хэрэгтэй л байх шиг байна. Засаглалын хэлбэрт ч өөрчлөлт оруулж турших шаардлага амьдралаас ургаад байгаа харагдана. Энэ бүгд юу “хашгичаад” байна вэ гэвэл, Монголын улс төр-эдийн засгийн амьдрал нийгэмд олигархи бүлэглэл ажиллах, эсрэг талд нь ард олонхийн ядуурал, оюуны гуйланчлал, хүмүүсийн хүн чанар, ёс суртахууны  үхэшрэл туйлшрах үйл явц маш хурдтайгаар нийгмийг булингартуулах бодит нөхцлийг бүрдүүлээд удаж байгааг “ тэнгэр дуугарах” мэт нүргээнтэйгээр хашгиран хэлээд байна. Иймд үүссэн нөхцлийг үтэр түргэн арилгах шинэ өөрчлөлтүүдийг яаралтай хийх шаардлага амьдралд тулгарчээ гэсэн дүгнэлт зайлшгүй хийхээс аргагүй болж!  Гэхдээ  эдгээр өөрчлөлтүүдийг хийхдээ ямар нэг ухаалаг, иргэний өндөр ухамсар, хариуцлагатай улс төрийн аргаар л хийх хэрэгтэй. Түүнээс биш өшрөл, хүчирхийллээр бус!

-Засаглалын хэлбэрийн талаар нийгэм судлаачид, улс төрчдийн хооронд санал зөрүүтэй, маргаантай байдаг. Зарим нь парламентын засаглалыг, зарим нь Ерөнхийлөгчийн засаглал Монголын нөхцөлд илүү тохирно гэж үздэг. Таны хувьд?   

-Миний хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг нэг туршаад үзмээр санагддаг. 70 гаруй “бирд”-ийг тэжээж байснаас ганц том “бодон” таргалуулвал эдийн засагт маань хэмнэлт гарч мэдэх юм. Нийгмийг зөв удирдах “эцэг” их үгүйлэгдэж байна шүү дээ! Ард иргэд биднийгээ бузгай чанга “алгаддаг” ч байг, хамаагүй. Эцэг хүний халуун хөлстэй алгаар уйлтал маань алгаддаг “төрсөн эцэг” нийгэмд өнөө  их чухал хэрэгтэй байна. Түүнээс биш өнөөгийн энэ олон “хойт эцэг”, “хадам эцэг”, хэл үг нь “гадаад”, элэг сэтгэл нь “харь” “эцгэнцэр”-үүдээс залхаж гүйцэж буй нь хот, хөдөөгийн үй түмэн эгэл жирийн иргэдийн амнаас мэдэгдэж байна. Надад л лав мэдрэгдэж байна. Та нарт яадгийг мэдэхгүй. Энд би “нийгмийг зөв удирдах” гэдэг үгийг зориуд онцолж хэлж байгаа юм. Яагаад гэвэл, Монгол гэдэг “жижигхэн загвар” дээр зах зээлийн харилцааны сонгодог хөгжилтэй “том загвар”-ын ихэнх онол ч, үйл ажиллагааных нь нийтлэг зарчим ч таарахгүй. Энэ хоёр засаглалын хэлбэрээс Монголчуудын амьдралын практикт голдуу сөргөөр үйлчилж зөрдөг прадокс үзэгдэл их харагдаж байна. Ер нь барууны ардчиллын загвар ч таарахгүй. Яагаад гэвэл барууны онол загвар нь Монголын өвөрмөц, ахуй амьдрал, уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх өв үзэл сургаалийг задлах, нийгмийг өөр соёл-иргэншлээр шоконд оруулах замаар төлөвшүүлэхээр уруу татах хандлагаараа эрс харшилж буй нь ч бодитой мэдрэгдээд л байна. Уг нь хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй юм нь хүний эрх, эрх чөлөө мөн нь гарцаагүй үнэн. Гэтэл өнөөгийн Монголын эдийн засгийн харилцааны нөхцөлд хүн амын маань олонхид хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал  гэдэг сайхан үгс зүгээр л тоглоом тохуутай хоосон үгс дуулдаж байна. Монголын шинэ Үндсэн хууль гэдэг хөгийн, хуулмал, хүнийг хүн биш болгох “чихэрлэг хор” нэвчээстэй бичиг баримтанд дурьдаастай “Үг хэлэх”, “Жагсах”, “Сонгох”, “Сонгогдох”, “Эрхээ хамгаалуулах” гэх мэтийн “золбин” эрхүүдээр чинь хүн яах юм бэ?  Эд бол хүний хөгжилд чухал хэрэг тустай хүчин зүйлүүд  чухамдаа биш шүү дээ. Хонийг цар нь хөдөлсөн тольтой төөрдөг байшинд оруулаад “Чи бол арслан! Дуртай цагтаа дурын амьтан руугаа хүрхэр!” гэж “ойлгуулаад” хашихтай л адил молиго үгс! Уг нь Үндсэн хуульд үнэхээр сайшаамаар өгүүлбэр бий нь бий. Тэр бол “Хүн амьд явах эрхтэй!” гэсэн өгүүлбэр. Гэтэл энэ аанай л хулхи өгүүлбэр аж. Яагаад гэвэл, Монголд өнөөдөр хүн амын тал хувиас илүү нь ядуу зүдүү амьдарч байгаа бөгөөд “амьд явах эрхтэй” бус үг дуугүй л “үхэх” “эрхтэй” байгаа.

-Өнөөдөр монголчуудын дунд, ялангуяа, жирийн ард иргэдийн дунд хамгийн их маргаан тарьж, санал хуваагдаж байгаа нэг гол асуудал бол цаазын ял. Энэ асуудлаар таны бодол, хандлагыг сонсохгүй өнгөрч болохгүй биз ээ?

-Уг нь цаазаар авах ялгүй болно гэдэг энэрэнгүй сайн үйл мөн. Дэлхийн хамгийн энэрэнгүй Бурханы шашин үндэснийх нь уламжлалт шашин шүтлэг болж буй Монголд хэзээ нэгэн цагт хэрэгжих ёстой л шийдвэр! Гэхдээ энэ шийдвэрт би нийгмийн материалист философи сэтгэлгээгээр хандаж байгаа! Юу гэвэл, хүний амьдрал дахь бүх үзэгдэл, юмс бүгд тодорхой  шалтгаан нөхцлийн үр дагавар болж гарч ирдэг, бас үгүй болдог. Үндсэн шалтгаан нөхцөл нь нийгмийн харилцааны шинж чанар, практик  үйл ажиллагааных нь бодит нөлөөнд оршиж байдаг. Эх оронд минь хүмүүн ёсны бус гэмт хэрэг үйлдэгсэд, зориудаар, урьдаас төлөвлөсөн зорилго, санаатай үйлдсэн харгис аймшигт аллага байн байн давтагдаад байгаа нь нийгмийн харилцаан дахь гажуудал, юуны  өмнө, эдийн засаг дахь сөрөг буруу үйл явцын шууд үр дагавар юм. Алив үзэгдэл юмс байх, эс байх нь ямагт болзолт шинж чанартай бөгөөд тухайн орон цагийн бодит байдлын нөхцлөөс хамаарах үр дагавараар тодорхойлогдоно. Тэрхүү нөхцөл үгүй болмогц түүнээс үйддэг үр дагавар үгүй болно, бодит байдлын нөхцөл шалтгаан боловсормогц түүнийг дагаад үр дагавар нь бүрэлдэж ил гарч ирнэ. Ингэхлээр, цаазаар авах ялыг халахын тулд эхлээд уг ялыг хэрэглэх тохиолдлуудыг буюу хүнд, ноцтой гэмт хэргүүдийг амьдралд байхгүй болгох нийгмийн нөхцөл, харилцааг бүрдүүлж өгөх ёстой. Бид хоёрын ярилцаж буй гэмт хэргийн тохиолдолд буюу хүн хүнээ санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн, хүмүүн бус сэтгэлээр  хээрийн араатан хотны хонийг тасчиж байгаагаас долоон дор яргалал, аллага амьдралд гарахгүй байх ахуй амжиргааны нөхцлийг буй болгох ёстой гэсэн үг. Тийм эдийн засгийн тэгш хуваарилалттай, хүн бүр адил тэнцүү хэрэглээтэй, нэг нь нөгөөгөө асрахуй нигүүлсэхүй сэтгэлээр хайрладаг ёс суртахуунтай нийгмийн тогтолцоог л байгуулах ёстой юм. Нэг нь нөгөөдөө хонзогнох, жөтөөрхөх, дайсагнах эдийн засгийн шалтгаан нөхцөл арилмагц нийгмийн гэмт хэргүүд аандаа үгүй болно. Нийгмийн суурь харилцаанд тийм нөлөө, үйлчлэл ноёлмогц цаазаар авах ялыг хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг ч гаргах хэрэггүй, зүгээр л, би ч юмуу, чи ч юмуу хэн нэгэн эмгэн зурагтаар ч юмуу, радиогоор  “Хүн хүнээ егүүтгэх нь сүнсээ тамд шатаалгах нүгэл шүү!” гэж хэлээд л залбирчихад их буугаар буудсанаас ялгаагүй дуулдан айлгах учиртай юм.

 Үхэл гэдгийг та юу гэж ойлгодог бол?

-Үхлийг тийм ч аймшигтай, айхтар үйл явц болгон бодох нь буруу шүү. Би хувьдаа тийм л бодолтой явдаг. Үхлийг үйл явц талаас нь ухвал хүний бие махбодид бодисын солилцоо явагдахаа больж, хүний бие махбодийн эс, эд эрхтэнүүдийн физиологи үйл ажиллагаа зогсч байгаа үйл явц юм л даа. Гэтэл хүн маань бодит, физик биеэсээ гадна хийбодь биеүүдтэй энгийн нүдэнд үл харагдах, үл баригдах давхар олон бүтэцтэй бөгөөд энергийн нийлмэл үйл ажиллагаа, солилцооны үйлчлэлээр амьд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний биед бодисын солилцоо, үйлчлэлээс гадна хийн болоод энергийн солилцоо, цэнэгт орны үйлчлэл тасралтгүй явагддагаас хүн оюунлаг, сүнслэг давхар амьдралтай гэсэн үг. Бие махбодийн үйл ажиллагаа бүрэн зогсоход оюунлаг, сүнслэг, энергилэг ахуйн ажиллагаа үл зогсон цааш үргэлжлэн ажиллана. Шинжлэх ухаан хараахан тайлбарлаж хүчрэхгүй байгаа оргилд нэгдэн мөнх эргэлдэнэ. Тэгэхлээр үхлийг амьдрал биш гэдэг бидний ойлголтоор хатуу ойлгож дандаа гутрах ч юм уу, айх нь буруу гэж би  боддог. Хүний биеийн эрхтэнүүд, жишээ нь зүрх л гэхэд 200-250 жил ажиллаж чадах чадвартай. Гэтэл хүн яагаад 100 наслаагүй байхад зүрх нь зуурдаар зогсчихоод  байна вэ гэвэл гай барцдаар л тэр юм. Гай гэж хоёр төрлийн айхтар эрлэг байна. Энэ бол өвчин, осол. Хүн өвчин тусаад эдгэрч чадахгүй үхчихдэг, нэг бол осолд ороод эмчилгээ авахгүй байсаар нүд аньдаг!  Тэгвэл энэ хоёр гайгийн хамгийн хүчтэй, хамгийн найдвартай ерөндөг нь буян юм. Хүний насны хэмжил болоогүй байхад үхдэг нь үйл лай тохиосны буюу буяны үйл дутаж, нүглийн үр үржсэний гай юм.

-Ажаад байхад зах зээлийн харилцааны сэтгэлгээ, туршлага хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн олон үзүүрт үйл ажиллагааг дагалдан үүсч буй эерэг, сөрөг үр дүнг зөвхөн эдийн засгийн тогтсон утгаар нь дүгнэх бус, түүний зэрэгцээ хүний амьдралын гол үзүүлэлт, буян, нүглийн тухай шашин, ёс суртахууны ойлголт, үнэлэмжийг оруулж дүгнэвэл зохих юм шиг. Таны ярьсныг тэгж ойлголоо. Зөв үү?

-Зөв өө. Хүний амьдрах эрх чухамдаа хөрөнгө мөнгөний хатуу баталгаа, хүний өрсөлдөх чадвар дээр ч тогтож байгаа юм биш, хүний үйл ажиллагааны мөн чанарын үнэмлэхүй тодорхойлолт, үйлдсэн буян, нүглийнх нь харьцааны дэнсэн дээр л тогтож байгаа юм. Буян үйлдсэн  нь энэ дэнсэн дээр зонхилон дарж байвал амьдралынх нь эрх баталгаатай бөгөөд урт насалж удаан жаргана, хэрэв  үйлдсэн нүгэл нь дэнс дарж байвал тэр хөөрхий амьтны амьдрах эрх баталгаагүй, үйлийн үрийн төмөр хуулиар шийтгэгдэж богино наслана, их зовно. Нийгмийн харилцааны философи утга бол хүмүүс бие биетэйгээ нэгдэх, хамтран ажиллах, өөрөөр хэлбэл бие биеийнхээ сайхан амьдрах нөхцлийг хамтран бүрдүүлэх үзэл санаа, үйл ажиллагааны систем буюу шүтэн барилдлага юм. Хувь хүн нийгмийн харилцаанд оролцох эрх, үүрэг нь энэ шүтэн барилдлын шаардлагаар л тодорхойлогдоно. Энэ ойлголт нийгмийн харилцааны гол ойлголт, бүр хууль-ойлголт байх ёстой. Энэ хууль-ойлголт зах зээлийн харилцаанд ч ав адил үйлчилнэ. Хувь хүн бусадтай нэгдэх, нийгмийн харилцаанд орж иргэншихэд хамгийн гол нөхцөл нь, хүн өөрийнхөө бус юуны түрүүнд бусдын төлөө амьдрах, бусдын сайн сайхан амьдралд өөрийнхөө амьдралыг зориулах явдал юм. Хувь хүн бусдын амьдралын төлөө өөрийгөө зориулбал л  олон түмэн ч түүний төлөө өөрсдийнхөө амьдралыг зориулна. Дусал ус ширгэж хатахгүй байх ганц нөхцөл нь далайд нийлэх л байдаг. Түүнтэй адилхан гэсэн үг. Хүн амьд явахад уургийн хэрэгцээ, бодисын солилцооноос гадна баяр баясгалан зонхилох үүрэг нөлөөтэй байдаг. Баяр хөөр бол хүний амьдралд гол хэрэгтэй юмны нэг шүү дээ. Баяр баясгалангүй, сэтгэлийн амгалан жаргалгүй хүн 100 жилийн турш үрэлгэн зарахад хүрэлцээтэй хөрөнгө мөнгөтэй байлаа ч намрын голио шиг нэгэн улирлын эцэст л “амьдралын уул”-анд донгодохоо больж дуу нь тасрана. Иймд хүний амьдралын философи утга агуулганд оруулж бодох нэг чухал ойлголт байна. Энэ ойлголтоор бол хүн зөвхөн өөрийгөө л баярлуулбал өөрөө л ганцаараа баярлана. Энэ бол зөвхөн ганц хүний л баяр, зөвхөн ганц удаагийн л баяр, олон удаагийн байлаа ч бас л тэр ганц хүний л баяр! Тэр хүнд олон удаа, маш олон удаа баярлах нь хамгаас чухал, хамгийн их хэрэгцээтэй! Яагаад гэвэл олон удаа, маш олон удаа баярлах нь л тэр хүнд жаргалтай амьдралын сэтгэгдэл, сэтгэлийн ханамж төрүүлнэ. Олон удаа, маш олон удаа, олон дахин баярлах аргыг Бурхан багш алдаагүй заасан байгаа. Юу гэхээр бусдыг, маш олон дахин баярлуулах хэрэгтэй гэж. Хэдийчинээ олон хүнийг буюу бусад олныг баярлуулж тэдэнд буян болно, буян чинь төдийчинээ их  болж өснө. Хүний амьдралын баяр жаргал гэдэг үндсэндээ тэрхүү үйлдсэн буяны л хариу юм шүү дээ. Амьдралынхаа баяртай эгшин, жаргалтай үеүүдийг олон болгоё гэвэл, үржүүлье гэвэл, аль болох олон хүнд л буян үйлдэх хэрэгтэй! Буяны гол чанар нь үрждэг, үр нь шамшигддаггүй, буяны эзэн өөрөө л эдэлдэг, дээр нь бусадтай хуваалцаж болдог чанар нь юм. Тийм үрждэг чанар нүгэлд ч бас хамаатай, түүнийг тодорхойлогч чанар юм. Учир нь нүгэл ч мөн үржинэ, үр төлөөс нь бас шамшигдахгүй, нүгэл үйлдсэн хүнд өөрт нь үйлийн үр болж боловсордог. Хүн үйлдсэн нүглийнхээ үйлийн үрийг өөрөө л ганцаараа эдэлж гэтэлнэ. Өөр бусдад ацаглах юм уу, бусадтай хуваалцаж чаддаггүй. Үүгээрээ нүглийн үр, буяны үрээр хол ялгаатай. Өнөөгийн хүн төрөлхтний алдаа, эмгэнэлийн үндэс нь энэ үнэнийг мэддэггүйд оршиж байгаа юм шүү. Эцэст нь дахин давтан хэлэхэд хүний амьдралын эцсийн үнэмлэхүй зорилго бол баяр жаргалыг эдлэхэд л оршдог. Би хар залуугаасаа л ингэж итгэсээр насныхаа “Гималай”-д гарч явна даа. Тиймээс л  өнөөгийн либертари, прагматист онол, үзэлтэй эрс зөрчилддөг юм.

-Таны яриа, сэтгэлгээний нүүдэл хүнийг хүн болгох арга, билигийн ухаан руу чиглэж хийгдэж байх шиг. Би л тэгж ойлгоод байна. Хүн гэдэг амьтан ямар хачин юм бэ гэмээр. Эхэндээ л хүн байгаад сүүлдээ хүн биш болчихдог юм уу, эсвэл эхнээсээ л хүн биш байгаад тэгээд энэ бичиг номын хүмүүс хүнийг хүн болгох тухай зуу зуун жилээр яриад байдаг юм уу, огт ойлгохгүй юм. Хүн бүр л энэ тухай ярьсан, ярьсаар л байгаа санагдах юм. Энэ үйл явц ер нь үр дүнд хүрдэг болов уу?

-Хүнийг хүн болгодог гурван том язгуур байна л даа. Язгуур гэмээргүй бол бүтэц ч гэж болохоор юм уу даа. Энэ бол бие, оюун, сэтгэл гурав. Бие бол бодисын солилцоо, цусны эргэлтийн бүтээл. Бие тун хязгаарлагдмал бололцоотой, хязгаарлагдмал хүчин чадалтай. Тиймээс тоотойхон цөөн юмыг маш зовлонтой бүтээх өгөгдөхүүн юм. Оюун санаа бол бодит ертөнцийн үйл явцын тусгал, хийсвэрлэл, өөрөө хийсвэрлэл хэрнээ бодит ертөнцийг өөрийнхөөрөө өөрөө л бүтээгч мөн чанартай үзэгдэл! Тиймээс оюун санаа бол тоймгүй хязгааргүй олныг, олонлогийг маш хялбараар огтын зовлонгүй, өөрийн дур хүслээр, өөрийн квант хуульзүйгээр бүтээнэ. Ямар нэгэн тоон болон логик сэтгэлгээний зарчимтай үзүүлэлтээр илэрхийлж болохын аргагүй төгс дээд, үл тайлагдах нууцтай энергийн оршихуй гэж хэлэхэд болох байх. Сэтгэл бол ертөнцийн бодитой, бодигүй зэрэгцээ чанарын нэгдэл, тэдний зөрчил-эвлэрэл, үгүйсгэлийн үгүйсгэлийн үгүйсгэл буюу үл няцаагдах үнэн, хамгийн төгс дээд оршихуйн үл баригдах, үл харагдах, үл оногдох төлвийн илэрхийлэл байх! Хүнийг “хүн болгоно” гэдгийг дотогш нь шурагдаж ойлговол, хүний дотоод ахуй-сансарыг гэрэлтүүлнэ, зай багтаамжийг нь асрахуй, нигүүлсэхүйн эрчимээр дүүргэн тэлнэ, хязгааргүй хөгжүүлнэ л гэсэн үг. Хүний хөгжилд дээрх гурван язгуур бүтцийг төгөлдөржүүлэх, цаг үргэлж эерэг, энэрэнгүй сайхан үр дүн гарч байх өндөрлөгт хүргэхээр зөв харьцаанд хадгалах, тэдний үйл ажиллагааны зүй тогтолыг шинжлэх ухаанчаар онож алдаа мадаггүй танин мэдэх, тэгээд тэрхүү зүй тогтолд нь үл харшлахаар зохицох буюу шүтэн барилдаж харилцах зам л жинхэнэ зөв зам!

-Яг өнөөгийн нийгмийн харилцааны үе шатанд Монголд хамгаас чухал нь юу байна вэ. Уул уурхай, нанотехнологи, шинжлэх ухааны илүү шинэ нээлт, аялал жуучлал, газар тариалан, жижиг дунд үйлдвэр… гээд л эдгээрийн аль чухал бол? Нөгөө талаас улстөрийн харилцааны утгаараа ардчилал уу, захиргаадалт уу, даяаршил уу, дангааршил уу? Инээдтэй асуулт тавьж байгаа бол уучлаарай.

-Инээдтэй ч асуулт биш байна. Харин ноцтой гээч. Ийм аймаар тодорхой мэргэжлийн асуултад чиний хүсч, бас өдөж байгаа шиг хангалттай хариулт өгч чадахгүй л дээ (инээв). Надад ямар ч судалгаа, тоо баримт, ямар нэг санаа дүгнэлт гаргах ч юм уу, шинжлэх ухааны экстраполяц хийчих бодитой хэрэглэгдэхүүн алга. Өөрийн нүдэнд өдөр бүр яалт ч үгүй харагддаг хар амьдралын хар зургаас өөр ямар ч материал байхгүй. Иймд би улстөрчид, эдийн засагчдын хэлээр бус, софи сэтгэлгээний хүний хэлээр, уран бүтээлч хүний үзэл бодлоороо хариулая. Нийгмийн харилцааны төгөлдөржилтөд эдийн засгийн бүтээмжийн чадвар суурь нь болж өгөх нь мэдээж. Гэхдээ маргавал ч маргаж, үгүйсгэвэл ч үгүйсгэж болох нөхцөл бий. Үзэгдэл хэрвээ үнэн бөгөөд бодитой бол өөрийнхөө үгүйсгэлийг өөр дотроо агуулж явах ёстой шүү дээ. Нийгэм олны ч бай, хувь бодьгалын ч бай, үйл ажиллагааных нь төрөл зүйл, хэлбэр, арга барил  ялгаатай ч бай үнэмлэхүй зорилго нь л нэгдмэл, зангидмал байх ёстой! Энэ үнэмлэхүй зорилго бол байгалийн болоод нийгмийн шалгарлаар түүхэнд үлдэх, үндэстнийхээ мөнх түүхийг бүтээх, өнгөрч буй цаг хугацааг бүтээн байгуулалтад ашиглах явдал юмаа. Ийм аварга зорилго гагцхүү ажил хөдөлмөрөөр, бүр нийгэмдээ буян үйлдэх ариун гэгээн сэтгэлийн шударга хөдөлмөрөөр л хэрэгжинэ. Харин буян үйлдэх гэдгийг шинжлэх ухаанчаар ойлгох хэрэгтэй. Буян үйлдэх гэдэг бол өөрийн шаргуу, бүтээлч үйл ажиллагаагаараа бүтээж буй болгосон хөрөнгө, хуримтлалаа хамгийн зөв зарцуулахыг хэлж байгаа юм. Хамгийн зөв юм гэж ямар зүйлийг хэлэх вэ гэвэл мөн чанараараа ариун, бурханлаг үйл ажиллагааг л хэлнэ. Буян үйлдэхийн тулд буяны хөрөнгөө хураах хэрэгтэй. Энэ хөрөнгө маш идэвхтэй ажил хөдөлмөр, оюун ухаан, чин үнэнч сэтгэлийн эрчим хүч нэхсэн хүнд хэцүү тэмцлээр буй болдог. Буян бол туйлын хүнлэг, бурханлаг, хамгийн хүчирхэг үйл ажиллагааны ялалт мөн. Ази, Европын хүчирхэг эдийн засагтай улс орнуудын дайн байлдаантай үеийнх нь болон энх тайван цагийн хөгжлийн түүхээс надад нэг бодол төрдөг юм. Энэ бодлоо би зөвхөн бодол ч бус теором гэж хэлсэн ч ичихгүй. Хараад байхад улс орнуудын хөгжилд явж явж ганц л нууц байна шүү дээ. Би яахав нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм. Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдрана гэсэн үг! Хил хязгаараа дархан, амгалан байлгах, бурханаас бүтээсэн гоо сайхан хэвээр нь хадгалах, хор урхаггүй ухаалгаар ашиглан амьдралынхаа жаргал болгох, ард түмнээ сайхан амьдруулах түүхэн дурсгалт гавьяа бүтээхийн тулд л хамаг насаа ухамсартайгаар зориулна гэсэн үг. Германы алдарт зохиолч Б. Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү! Айхтар үг шүү. Хэн нэгэн бусдынхаа тусын тулд л амьдарч баатар болно шүү дээ. Тийм биз? Нэг хүний ач тусын их багын хэмжээнээс үл хамааран хариуд нь түмэн хүний түмэн тус өглөг болж ирдэг юм. Зөвхөн өөрийгөө бөөцийлдөг хүн эцэстээ ганцаардал, гутрал, хорсол, бухимдал, үзэн ядалттайгаа амьдарсаар дуусдаг. Хамгийн дотно, хамгийн үнэнч хань нөхөр нь авс л болдог.

-Таны ярианд “шинжлэх ухаанчаар” гэдэг хэллэг байнга орох юм. Та “Хүний хөгжил” гэдгийг ойлгодог өөрийн ойлголтоо шинжлэх ухаанчаар, онолын тодорхойлолтын түвшинд товч томьёолохыг оролдохгүй юу?

-Болно. Бололгүй яах вэ, зөвхөн оролдох ч бус жинхэнэ онол эш болгон томьёолж тодорхойлолт өгөх ёстой. Гэхдээ чи одоо нэг нөхцлийг ойлго л доо. Юу гэвэл, би онолын өгүүлэл, трактат бичиж байгаа бус, хэвлэлд жирийн л аман ярилцлага өгч байна шүү дээ. Дээр сая ярьсан санаа бодлуудаа тун удахгүй онол эшийн зохиолын хэл найруулга, нийгэм-байгалийн шинжлэх ухааны нэр томьёогоор, философи сэтгэлгээний бүтээлийн хэлбэрээр илэрхийлж гаргана. Энэ миний нэг том зорилго.

–Нэг зүйлийг тодруулая, Урианхай гуай. Хүн төрөлхтөнд хөгжлийн шинэ онол, үзэл баримтлал хэрэгтэй гэсэн санаа таны улстөр-нийгмийн сэдэвтэй бүтээлүүдэд байнга эргэлддэг, би мэднэ. Одоо ч энэ ярилцлагын гол санаануудад зууралдаад л яригдаад байна. Тэгэхлээр чухам ямар тодорхой онол хэрэгтэй байна гэж та үзээд байна даа?

-Миний бодол бодролын үндсэн санаа гэвэл одоо хүн төрөлхтөнд хөгжил бус аврал чухал болчихлоо гэдэг санаа юм. Нэг аврал нь гэвэл одоо техникийн цаашдын хөгжил, ашиглалтаас шийдвэртэйгээр татгалзах нь амин чухал. Техник ашигладаггүй, гэхдээ хүний амьдралын хэрэгцээ, хэрэглээг хангадаг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээ өөрийн далд ухамсар, дотоод чинаддаа байгаа био эрчим хүч, самади төвлөрөл бясалгалын шид чадлаар “үйлдвэрлэж” бүтээдэг синергетик эх сурвалжийг хүн өөрийн бодит махбодиосоо болон бусад олон давхар бүтцэт бие, оюунлаг, сүнслэг, эрчимлэг, хий биеүүдийнхээ ид шидлэг нууц хүчээс олж гаргадаг үйл ажиллагаатай болох тийм хөгжлийн загвартай онолоор хөгжвөл л зөв болно. Тийм зам л нийгмийн хөгжлийн орь зөв зам!  Хүн төрөлхтөн цаашдаа тийм дотоод хөгжлийн далд руу аль болох түргэн эргэх хэрэгтэй болоод байна. Үүний тулд хүмүүс, нийт хүн төрөлхтөн гадагшаа хөгжих буюу материаллаг хэрэглээгээ нэмэгдүүлэх бус хасах, бараа таваарын үйлдвэрлэл үйлчилгээгээ хэт ухваргүй зэтгэрлэгээр галзууруулах бус эрүүлжүүлэх ухамсраар дотогшоо хөгжих, өөрийнхөө дотоод чинадад үйлчилж буй мөн чанарынхаа хөгжлийн хэрэгцээ, хэрэглээг хангахыг л эрхэм зорилгоо болгох ёстой юм гэж бодоод байгаа. Аливаа онол шинжлэх ухааны логик сэтгэлгээний бат нот, магадлал өндөртэй үндэслэлд суурилсан байх шаардлагатай. Онол эшийн бат нот үнэн нь юмс үзэгдлийн хувьсал, хөгжлийн шалтгааныг зөв олж таньсан, зүй тогтлыг нь нарийн судалж илрүүлсэн, алдаа мадаггүй тайлж тайлбарласан бодит үнэнд тулгуурласан байхад оршино. Би хувьдаа бодохдоо хүний нийгмийн хөгжил бол их олон юм хэрэглэхэд бус, бага цөөн юмыг ухаалаг, гоо сайхнаар хэрэглэх, хэрэглээндээ дээд зэргийн хэмнэлтийн зарчим баримтлах, тэр бага, ариун сайхан, хэрэглээнээсээ их аз жаргал, амар амгаланг олж хүний амьдралын үнэ цэнэ, баяр бахыг бүрэн мэдэрч чадах сэтгэл, оюуны чадварт хүрэх үйл явц л гэж бодоод явдаг.

-Одоо хоёрхон саваагүй гэмээр асуулт тавья. Зөвшөөрөх үү?

-Асуултыг чинь сонсоогүй байж яаж урьдчилан зөвшөөрөх вэ. Ямар ч асуулт юм билээ, мэдэхгүй байна.

-Зүгээр л энгийн саваагүй, санаандгүй марзан асуулт. Хариулахаас татгалзаж болно л доо, таны эрх.

-Тэгвэл сайн байна. Хариулахгүй байж болно гэж тохиролцлоо. Тохиролцоо гэдэг чинь хүмүүсийн харилцааны том соёл шүү!

-Хэрэв таныг Ерөнхийлөгч болговол хамгийн түрүүнд юу хийх вэ. Ажлаа юунаас эхлэх бол?

-Би Ерөнхийлөгчөөр ажиллаж чадахгүй шүү дээ. Тэр албанд тэнцэхгүй. Учир нь бусдыг удирдаж хэзээ ч чадахгүй.

-Гэхдээ ард түмэн танд зориуд даалгачихвал?

-Хэхэ, тэгвэл үү? (инээв) Марзан асуулт марзан хариулттай байна шүү дээ. Ойлгомжтой биз дээ? Тэгэхлээр хэрэв ард түмэн намайг тийм “буулга”-нд хөтөлчихвөл, хамгийн эхлээд эдийн засгийн эрс хувьсгал хийнэ дээ, дүүрсэн хэрэг. Тэгэхийн тулд Ерөнхийлөгчийн засаглал тогтооно. Эхний “хувьсгал” нь уул уурхайн болоод мал аж ахуйн түүхий эдийг түүхийгээр нь экспортлохыг хориглоно. Юу юуны түрүүнд газрын тос боловсруулах хоёр гурван жижиг том хүчин чадлын үйлдвэр яаралтай байгуулж гаднаас түлш шатахуун импортлох хэрэгцээг таслан зогсооно. Дотооддоо үйлдвэрлэж буй түлш шатахууныхаа хүрэлцээтэй харьцангуйгаар замын хөдөлгөөнд оролцох авто хөсгийн тоог хязгаарлаж үйлчилгээнд гаргана. Үүнээс илүүг хилээр оруулахыг хориглоно. Явган иргэдийн зөөвөр тээвэрт маш гоёмсог, тохилог сүйх тэрэг, унадаг дугуй үйлдвэрлэж хэрэглүүлнэ. Гадаад түншүүдийнхээ хөрөнгө оруулалтыг зөвхөн хүнд, хөнгөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд л зориулна. Өөр зориулалтын хөрөнгө оруулалт, төсөл, тендер, санхүүжилтийн эх үүсвэрт хориг тавина. Хоёрдугаарт, маш хурдан хугацаанд лазерийн зэвсэгтэй, цөмийн реактортой, бага оврын нано кибернетик байгууламжуудтай болно. Гуравдугаарт, НҮБ-д өргөдөл гаргаж дэлхийн бүх Монгол туургатнуудыг газар нутагтай нь Монголдоо нэгтгэнэ. Өөрөөр хэлбэл энх тайвны замаар, олон улсын дипломат хэлэлцээрийн ёс зарчмаар Өвөр монгол, Буриад, Тува, Халимагыг Монголын димаркац, де факто хилд багтаана. Газар нутаггүйг нь Монголдоо ирүүлж суурьшуулна. (инээв) Дөрөвдүгээрт, үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн өртөг, зардалтай нь харьцангуйгаар, дээр нь 10-15 хувийн ашиг нэмж тооцсон байхаар бодсон хатуу үнэ тогтооно. Эдийн засгийн аль ч салбарт ченжийн дамжлагыг даруй устгана. Тавдугаарт, сард ганцхан амралтын өдөртэй болгоно. Зургадугаарт, хөдөлмөрийн насны бүх хүнээ албан журмаар заавал ажил хөдөлмөр эрхэлдэг байх зарлиг гаргаж хэрэгжүүлнэ. Ажил хийхгүй амьдрахыг нийгмийн хэв журмын ноцтой зөрчилд, эсвэл бүр гэмт хэрэгт тооцож албадан ажиллуулах тогтолцоотой болгоно. Энэ бол ярианы эхэнд дурдагдсан Ёс суртахууны хууль гэдгийн дагуу шүү дээ (инээв). Хэрэв хүн эрүүл л байвал хэнийг ч гэсэн “албадан” хөдөлмөрлүүлнэ гэсэн үг шүү дээ. Бас баар, караоке, ресторан, зочин буудлуудын тоог эрс цөөлнө. Радио, зурагтаар Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн алба л ажил ярьж мэдээлэл өгнө. Шашны мэргэд аг тарнийн ном айлдана. Нэвтрүүлгийн ихэнх цагт нь Монгол ардын дуу, сонгодог симфони, дэлхийн сонгодог уран зохиол  нэвтрүүлнэ. Хааяа нэг Ерөнхийлөгч шүлгээ өөрийн биеэр уншина (инээв). Өөр нэвтрүүлэг огт явахгүй, бүгд хаагдана.

–Та ёстой сүйдэлж өгөх юм байна. Энэ хүнийг Ерөнхийлөгч болговол өөрийгөө цусгүй алах юм байна гэж бодох хүн гарахаар хариуллаа?

-Мэдээж шүү дээ. Надаар Ерөнхийлөгч хийлгэе гэж бодох тэнэг хүн Монголд ганц ч байхгүй. Ард түмэн алддаг өдөртэй ч амьдралд гярхай нүдтэй, нарийн ухаантай, мэдрэмж нь айхтар чимхлүүр шүү дээ. Би сая нэг юм хэлэхээ мартчихаж. Нэмээд орхие, хүлээгээрэй. Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий гэдэг биз дээ? Тэгэхлээр юу гэхээр Ерөнхийлөгч болбол өнөөх баар, караоке энэ тэрээс орох орлогоор нь би иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээ оношлогоо, тэгээд дээр нь сургууль соёл, боловсролынх нь бүх зардлыг яг коммунист нийгэм шиг төр хариуцдаг болгох юм байна. Сайн сурлагатай оюутан, шилдэг мэргэжилтэнд сайдаас илүү цалин олгоно. Би өөрөө амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцүү цалингаар амьдрана. Ажилдаа сүйх тэргээр ирж, очино. Монголчуудын гол зарчим хэмнэлтийн зарчим байх болно. Яагаад гэвэл, хэмнэлт, тэгш хэм, дотоод хадгалалтын зарчим бол орчлонгийн оршихуйн макротүвшиний үндсэн зарчмууд илүү дээ. За тэгээд, Монголын үйлдвэрүүд үр ашгаа өгөөд эхлэнгүүт нийслэлдээ дэлхийд байхгүй аварга том театр, номын сан барина даа (инээв)

–Тантай ярилцахад  багагүй цаг өнгөрлөө. Чилээсэн бол өршөөгөөрэй. Уншигчдынхаа өмнөөс хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв.

 

 Дажсүрэнгийн Лхагвадорж  

 

Sonin.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51098
1 эможи
keyboard_arrow_up