Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бат-Амгалан: Кибер гэмт хэрэгт зөвхөн иргэд өртдөггүй албан байгууллага ихэвчлэн өртдөг

2017 оны 12 сарын 19

Холбоотой Зураг

Интернетийн хэрэглээ, хөгжил дэвшил манай улсад маш хурдацтай хөгжиж байгаа. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь интернет ашиглаж байна гэсэн судалгаа бий. Энэ олон интернет хэрэглэгч бий болохын хажуугаар үүнийг ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс олширсоор байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь жилээс жилд өсөж хэчнээн тэрбум төгрөгийн хохирол учруулдаг байна. Үүнтэй холбогдуулан цахим гэмт хэрэгт өртөхгүй байх, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Бат-Амгалантай ярилцлаа.

-Монголд кибер гэмт хэрэг анх хэзээ бүртгэгдэж байсан бэ?

-Анхны кибер гэмт хэрэг хэзээ бүртгэгдсэн гэхээс илүүтэй энэ гэмт хэргийн гаралт ямар төвшинд байгааг ярих нь илүү ач холбогдолтой. Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсөж, улам нарийн аргаар үйлддэг болсон. Хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар үнэлэгддэг. Энэ жилийн байдлаар 7-8 тэрбум төгрөгийн хохирлын хэмжээтэй гэмт хэргүүд үйлдэгдсэн байна. Кибер гэмт хэрэгт зөвхөн иргэд өртдөггүй албан байгууллага, аж ахуйн нэгж ихэвчлэн өртдөг нь судалгаагаар тогтоогдсон.

Кибер гэмт хэрэг нь саяхнаас шинээр үүссэн гэмт хэрэг бол биш. Олон улсад олон жилийн өмнөөс энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдээд, мөрдөн шалгагдаж байсан. Монголд сүүлийн үед кибер гэмт хэрэг хүчтэй дэлгэрч байна. Тэгэхээр кибер гэмт хэрэг нь олон шинжтэй. Уламжлалт гэмт хэргүүд кибер орчинд шилжиж байгаа. Тухайлбал, залилан мэхлэх, далайлган сүрдүүлэх, заналхийлэх гэх мэт уламжлалт гэмт хэргүүд кибер орчинд хүчтэй шилжиж байна.

-Сүүлийн үед гарсан ноцтой кибер гэмт хэргийн тухайд мэдээлэхгүй юү?

-Кибер гэмт хэргийг дотор нь ямар нэг төрлөөр нь ангилах боломжгүй. Цахим залилан нь иргэд онлайнаар бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх, хоорондоо тохиролцож ямар нэг юм зарах, сахих байдлаар олон төрлөөр үйлдэгддэг. Олон улсад Нигерийн залилан гэж нэршсэн гэмт хэрэгт иргэд ихээр өртөж байна. Жишээ нь Америкийн нэг иргэн “Би бол маш их хэмжээний мөнгөтэй. Хүнд шаардлагатай нөхцөлд ажиллаж байгаа учраас шууд банктай харьцах боломжгүй байна. 

Гэвч миний дансанд хэчнээн мянган төгрөг байна. Үүнийг өөрөөр чинь гаргуулж авах гэсэн юм” гэж монгол иргэнд ханддаг. Тэгэхээр нь дансанд хэдэн төгрөг байгаа энэ мөнгийг гаргаж авахын тулд ийм юмны барьцаа төлбөр байгаа гэсээр байгаад их хэмжээний мөнгө залилдаг. Хамгийн сүүлийн жишээг дурдахад монгол иргэнээс 47 мянган ам.доллар гадаад валютаар шилжүүлж залилсан тохиолдол гарсан.

-Цагдаагийн байгууллагаас кибер гэмт хэргийн тухай иргэдэд урьдчилан сэргийлэх талаар ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд манай улсын ихэнх бараа импортоор орж ирдэг. Үүнтэй холбогдуулан гадаад худалдаа үйлчилгээ эрхэлдэг маш олон байгууллага байдаг. Гэмт этгээдүүд гадаадын харилцагч талын компаниудын цахим шуудангийн хаягийг дуурайлган хийж их хэмжээний мөнгө залилан авч гэмт хэрэг үйлддэг нь тогтоогдсон.

Монгол Улсын иргэн гэмт хэргийн хохирогч болоход сэжигтэн этгээд гадаад иргэн байвал манай цагдаагийн газраас гадаадад очиж үйл ажиллагаа явуулах боломжгүй. Кибер гэмт хэргийн онцлог бол зах хязгаар орон зай гэж байхгүй хэн ч хаанаас ч бусдыг сүрдүүлэх заналхийлэх, нэр төрд халдах, доромжлох байдлаар гэмт хэрэг үйлддэг. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад интерполын шугамаар мэдээлэл солилцон түргэн шуурхай хамтран ажилладаг.

-Иргэд юун дээр илүү алддаг вэ?

-Ажлын компьютер, хувь хүний компьютер гэж тусгаарласан зүйл байдаггүй. Иргэд ихэвчлэн ажил, амин хэрэгтээ нэг компьютер ашигладаг. Хувийн цахим шуудан, ажлын цахим шуудандаа нэг компьютерээс нэвтэрдэг. Гэмт этгээдүүд ямар нэг байдлаар халдахад, бүх хаяг нь нэг нууц үгтэй байх жишээтэй. Тэгэхээр иргэд нэг компьютерээс олон хаягаар нэвтэрдэг бол ядаж өөр өөр нууц үг хийх хэрэглэх байдлаа хадгалан төрсөн өдөр, утасны дугаар, гэр бүл хамаатан садныхаа төрсөн өдрөөр, эсвэл өөрийн нэрээр нууц үгээ өгөхөөс татгалзах шаардлагатай.

Нууц үгээ өгөхдөө том жижиг тусгай тэмдэгт орсон найман оронтой нууц үг хэрэглээрэй. Фэйсбүүкт иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна. Зөвхөн найз нарын хүрээнд мэдээлэл солилцох боломжтой тохиргоо хийх хэрэгтэй. Олон нийтэд нээлттэй өөрийн хувийн мэдээллээ тогтмол оруулах нь гэмт хэрэгт өртөж болзошгүй. Тэгэхээр иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй.

-Кибер, цахим гэх хоёрын ялгаатай тал нь юу вэ?

-Хүмүүс интернетээр залилуулах, эсвэл доромжлуулах, сүрдүүлэн айлгах, нэр төрд халдах гүтгэн доромжлуулахыг кибер гэмт хэрэг гэж андуураад байдаг. Кибер гэмт хэрэг гэдэг нь мэдээлэл аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан байгаа. Аливаа нэг байгууллагын мэдээллийн санд нэвтэрч мэдээллийг нь устгах, өөрчлөх, шунахай сэдэлтэйгээр өөр зүйл ашиглах гэдэг нь кибер гэмт хэрэгт хамаарна.

Энэ оны долоодугаар сарын 1 -нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар интернет орчинд нэр төрд халдах нь гэмт хэрэг байхаа болиод зөрчил болсон. Хүмүүс нэр төрд халдаад доромжилж сүрдүүлээд байна гээд манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах тохиолдол цөөнгүй. Манайхаас иргэдэд нэг бүрчлэн тайлбарлаж тухайн дүүргийн цагдаагийн газарт нь буцаадаг.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр давуу болон сул тал нь юу вэ?

-Хууль өөрчлөгдсөнөөр улам боловсронгуй болсон нь мэдээж давуу талтай гэсэн үг. Өмнө нь дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль нь одоо цаг үетэй нийцэхэд бэрх байсан. Тухайлбал, заналхийлэх гэмт хэргийн хүрээнд зөвхөн эд хөрөнгө авахаар заналхийлсэн тохиолдолд гэмт хэрэг гэж тооцдог байсан.

Мөнгө төгрөг нэхэхгүй ч гэсэн нүцгэн зургаар нь дарамталж бэлгийн харилцаанд орохыг шаардаж сүрдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэхээр хуулийн дагуу зөвхөн торгуулийн арга хэмжээ авдаг байсан. Одоо бол бусдын эд хөрөнгийг авахаар далайлган заналхийлэх, үйлдэх эс үйлдэхүй буюу сэтгэл санааны дарамтад оруулж заналхийлэх гэж хоёр хувааж өгсөн бөгөөд улам нарийн болсон учраас дээрх тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжтой болж байгаа юм.

-Сүүлийн үед цахим биеэ үнэлэлт газар авч, өсвөр насны охид, хөвүүд хүчирхийллийн золиос болох ч тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ талаар ярилцлагаа төгсгөе?

-Компьютерийн ард хэн сууж байгааг мэдэхгүй удаан харилцаж, хувийн зураг, бичлэгээ солилцсон тохиолдолд эргээд гэмт хэргийн хохирогч болох магадлалтай. Зураг, бичлэгийг нь олон нийтэд дэлгэнэ эсвэл чи мөнгө өг гэх мэтээр айлган сүрдүүлдэг. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ маш сайн анхаарал хандуулж, цахим орчинд юу үзэж, хэнтэй харилцаж, хэрхэн цахим орчныг ашиглаж байгааг хянаж, шалгаж, зааж зөвлөх үүрэгтэй.

Боловсролын байгууллагаас энэ төрлийн мэдлэг мэдэгдэхүүн өгөх хэрэгтэй. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газраас үндэсний хөтөлбөр боловсруулж иргэдэд нэгдсэн байдлаар мэдээ, мэдээлэл өгөх боломжтой гэж хардаг. Ганц цагдаагийн байгууллага кибер гэмт хэрэгтэй тэмцээд иргэдэд мэдээлэл сурталчилгаа явуулаад хүртээмжгүй шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51268
0 эможи
keyboard_arrow_up