М.Батбаатар: Барилгын салбарын ажилчдад мэргэжлийн сургалт явуулахаар хамтран ажиллана
Барилгын салбарын тулгамдсан асуудлын хүрээнд төрийн захиргааны зарим нэг чиг үүргийг тус салбарын ТББ болон мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлаар төрийн бус байгууллага, холбоод байр сууриа илэрхийлж өнөөдөр мэдээлэл хийлээ.
БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛЧДАД МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХААР ХАМТРАН АЖИЛЛАНА
Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар "Барилгын салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран барилгын салбарын төрийн захиргааны зарим чиг үүргийг төрийн байгууллагуудад шилжүүлэх талаар олон жил яригдсан асуудлыг шийдвэрлэх, энэ асуудалд төрийн бус байгууллагууд ямар зохион байгуулалттай оролцохыг бид ярилцаж, хамтран шийдвэрлэлээ.
Барилгын салбарын төрийн захиргааны шилжүүлж буй үүрэгт томоохон байр суурь эзэлж байгаа сургалт, мэргэжил дээшлүүлж, зэрэг олгох, ажилчдад мэргэжлийн сургалт явуулахад бид хамтын хүчээр, зохион байгуулалттай, Барилгын хөгжлийн төвийн одоогийн бүтцийг салгахгүйгээр хамтран ажиллах зохион байгуулалтад орж байна.
Бидний цаашдын зорилго төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод хамтран ажиллаж, нэгнийхээ гаргасан амжилтыг улам ахиулах юм " гэлээ.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЖЛЛАХАД ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДНА
Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Н.Дорж "Тусгай зөвшөөрөл гэдэг хавтгайрч, задгайрсан гэж олон яригддаг. Тэгэхээр манай байгууллагын зүгээс зөвшөөрөл олон байна, гэхдээ чухал нь чанартай байлгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс энэ тал дээр төрийн байгууллагатай хамтарч ажиллахад тодорхой үр дүнд хүрч чадна гэж бодож байгаа.
Мөн одоо барилгын салбар хямралтай байна. Аливаа хямралын үед хүн өөрөө тогтсон арга барилаар, зардлаа танах арга хэмжээ авч, дүгнэдэг. Сайн талаас нь харвал бид өмнөх ажлуудаа анхааран дүгнэх боломжтой. Барилгын салбарын чухал хэсэг болох мэргэжилтнүүдийнхээ чадварыг сайжруулах сургалт хийх шаардлагатай. Энэ бол манай салбарын гол түлхүүр" гэсэн юм.
Засгийн газар, холбогдох яамдаас өөрсдийн хэрэгжүүлдэг төрийн чиг үүргийг салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудад шилжүүлэх гэж байгаа нь тухайн төрийн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүртээх, мэргэжлийн төрийн бус байгууллагуудыг чадваржуулах, төрийн захиргааны зүгээс салбарын бодлого, төлөвлөгөөг оновчтой тодорхойлох зэрэг боломжуудыг тус тус бүрдүүлэх боломжтой аж.
Гэрэл зургийг: MPA.mn