Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяа "Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, дэмжигчид бид 2017 оны дөрөвдүгээр сарын 4-нд татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орсон 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих хүн амын орлогын албан татвар, Нийгмийн Даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмсэн заалтуудыг эсэргүүцэж байна.
Энэ хууль хэрэгжсэнээр:
Ард түмний аж амьдрал хүнд, орлогын эх үүсвэргүй ажлын байр цөөхөн, дийлэнх олны авдаг цалин бага байгаа одоо үед цаашид өсөн дэвжих амьдрал ахуйгаа сайжруулах боломж хаагдах болно. Хувь хүний орлогын албан татвар 10-25 хувь болж байгаа нь өнөөгийн зах зээлд өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрнэ.
Цаашид аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдах болно.
Өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүд татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь аж ахуйн нэгжүүдийн 60-аад хувь нь хаалгаа барих нөхцөл бүрдэж байна.
Энэ хууль хэрэгжсэний эцсийн хүндрэл нь аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд хүндээр тусч ядуурал, өрийн дарамтыг нэмэгдүүлэх тул энэхүү нэмэлт өөрчлөлтийг хууль санаачлагч нар эргэн харж өнөөгийн байдалтай уялдуулан өөрчлөлт оруулах буюу хэрэгжих хугацааг хойшлуулах зэрэг яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна.
Төр засгаас баримталж ирсэн алсын хараагүй, залгамж чанаргүй, тогтворгүй бодлого нь мөнгө хүүлэгч банкуудын зээлийн өндөр хүүг гааруулж, валютын зөрүү хэмжээ хязгаараас хэтэрч бизнесүүдийг боомилон мөнхийн дарамтад явуулж ирлээ. Цаашид улс орныхоо хөгжил ард түмнийхээ аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх цэгцтэй бодлогыг авч явуулж дээрх алдаа завхралыг засахыг шаардаж байна.
Бидний энэхүү үг эцсийнх бөгөөд шударга бус байдалтай цаашид эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.
Тэд энэхүү мэдэгдлээ Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд хүргүүлнэ гэдгээ онцолж байсан юм.
Гэрэл зургийг: MPA.mn