Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Итгэл дээр дөрөөлсөн “Эрэмдэг амьдрал“

2017 оны 12 сарын 22

Холбоотой Зураг

Итгэл хаана хамгийн удаан, чин үнэнчээр оршин тогтнодог вэ гэвэл хэн ч байсан гэр бүл гэж хариулах нь лавтай. Мөн ураг төрлийн холбоо хүний сэтгэлд хамгийн хүндтэй байр суурь эзэлдэг. Тийм ч учраас энэ хорвоогийн үй түмэн худал хуурмаг, шударга бус дундаас “ИТГЭЛ” л орь ганцаараа үнэнийг “Алтангадас” шиг заан чиглүүлж, гялалзаж байдаг юм. Тэр хэрээрээ гэр бүлийн тийм нандин харилцаа дундаас итгэл эвдэгдэхэд эргээд хүний амьдралд арилахын аргагүй хар толбо үлддэг аж.

Тэгвэл өнөөгийн нийгмийн айдас түгшүүр, муу муухайгийн туйл болсон хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл газар авч буй нь эмзэглүүштэй. Нэг үгээр хэлэхэд, хүн хоорондын ариун нандин бүхнийг сэвтээсэн гэр бүлийн хүчирхийлэл итгэл дээр дөрөөлдгөөрөө хамгийн аймшигтай. Тэр хэрээрээ дэгж дэрвэж яваа бага насны охид, эмэгтэйчүүдийн амьдралыг эрэмдэглэдэг.

Энд онцлох гээд байгаа ганцхан зүйл бол хүчирхийлэгч хаана ч биш таны дэргэд байдаг. Хүний нөхөр айлын гэрт орж ирээд эхнэрийг нь зодохгүй. Архи ууж агсам согтуу тавилаа гэхэд замд тааралдсан айлын эхнэрт гар хүрэхгүй.Тиймээс гэр бүлийн харилцаатай хүмүүс эвлэрсээр байдаг нь энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй шалтгаан болж буйг хууль хяналтынхан хэлж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжиж эхлээд арван cap болоход 1,300 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдэж, 2,400 хүн 7-30 хоногийн хугацаагаар баривчилсан байна.

Энэ бол бага тоо биш бөгөөд хуулийн байгууллагад мэдэгдээгүй, хүчирхийлэлтэй эвлэрээд явж байгаа нуугдмал хэрэг олон байгааг хууль сахиулагчид хэлсэн юм. Түүнчлэн хүчирхийлэл дан ганц амьжиргааны түвшин доогуур, боловсрол муу, архидалттай холбоотой биш. Учир нь гэр бүлийн хүчирхийллээр хариуцлага хүлээсэн хүмүүсийн дунд чинээлэг амьдралтай, дээд боловсролтой, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.

Улс даяараа хүчирхийллийн эсрэг хашхирч байгаа нь сайшаалтай ч бага насны хүүхдийн хүчирхийлэл ихэнхдээ төрсөн эцэг, хойд аав, ураг төрлийн хүрээнд үйлдэгдэж байгаа нь ямар ч тоон мэдээ, хууль журмаас илүү түгшүүртэй. Хойд эцэг, ураг төрөлдөө итгээд бага насны хүүхдээ үлдээх нь эргээд ийм эрсдэл дагуулж байгаа учраас ямар ч сайн хууль журам гаргаад үр дүн бага. Харин ураг төрлийн итгэл дээр дөрөөлж, тэрхүу “найдвартай” далбаан дор охид бүсгүйчүүдийн хүчирхийлж байгаа жигшүүрт хэргийг яавал дахиад үйлдэгдэхгүй болгож, онцгой анхаарах вэ.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулсан үндэсний хэмжээний томоохон судалгаа бий. Судалгаанд хамрагдсан найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, халдлагад өртөж байсан гэж хариулжээ.

Хамгийн аймшигтай буюу хүчирхийлэгч таны дэргэд байгаагийн учир нь хүчирхийлэл үйлдэгч хамаарлын хувьд ураг төрөл, танил, хөндлөнгийн хүн байгаа. Нийт тохиолдлын 20 нь буюу 57.1 хувь нь ураг төрөл, есөн тохиолдол буюу 25.7 хувь нь танил, хөндлөнгийн хүн байгаа юм. Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 21 тохиолдол буюу 60 хувь нь хохирогчийн гэрч, зургаан тохиолдол буюу 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, дөрвөн тохиолдол буюу 11.4 хувь нь айлд, гурван тохиолдол буюу 8.5 хувь нь тодорхойгүй, 2.8 хувь нь машинд үйлдсэн байна.

Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хэчнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдэж байгааг онцолсон байдаг.

Түүнчлэн 2015-2016 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан хүүхдүүдийн 35 хувь нь төрсөн эцэгтээ хүчирхийлсэн гэх сэртхийлгэм баримт байна. 

ХЭҮК-т 2016 онд “... 2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан.

...Хүү маань өөрийн хүн байх үнэ цэнэ, ирээдүйгээ тодорхойлох итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон.

... хохирогч хүүхэд төдийгүй манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна.

Эндээс харахад бага насны хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн итгэл дээр дөрөөлж үйлдэгдэхээс гадна насан туршид нь хүн байх үнэ цэнэ, итгэл үнэмшил, нэр хүндэд хохирол учруулдаг байна.

НҮБ-ын мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51426
0 эможи
keyboard_arrow_up