Э.Бөхбат: Зам, тээврийн ослын дуудлага 200-гаар нэмэгдсэн
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын зам ачаалал эрс нэмэгдэж эхэлжээ. Тэр хэрээр осол гэмтэл ч цөөнгүй гарах болсон аж. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах гэж буйг Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбатаас тодрууллаа.
-Замын ачаалал хэдэн хувиар нэмэгдээд байна вэ?
-Шинэ жил болоход 10 хоног дутуу байхад замын ачаалал 30- 40 хувиар нэмэгдчихлээ. Өмнө нь өдөрт зам, тээврийн ослын 300 гаруй дуудлага ирдэг байсан бол өдгөө 200-гаар нэмэгдэж, 500 хүрчихээд байна. Улаанбаатар хотод 500 000 гаруй автомашин бүртгэлтэй. Эдгээр машин бүгд замын хөдөлгөөнд оролцоно гэвэл ачаалал дийлдэхгүй болно. Тиймээс Замын цагдаагийн албанаас ачааллыг бууруулах зорилгоор албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан иргэдээс санал авч эхлээд буй. Шинэ жилийн баяр хүртэлх хугацаанд автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах, эсэхийг иргэдээс асууж байна.
-Хэдэн хүн санал асуулгад хамрагдсан бэ. Уг зохицуулалтыг хэрэгжүүлэх, эсэхийг хэзээ шийдэх юм бол?
-Авто замын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор иргэдээс ийм хүсэлт тавьсан. Нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулах журамтай. Маргаашийг дуустал санал асуулга аваад дэмжигдвэл нийслэлийн Засаг даргад танилцуулах юм. Захирамж гаргавал арванхоёрдугаар сарын 31 хүртэл бүх өдөр автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан, замын хөдөлгөөнд оролцуулна. Одоогоор 7000 гаруй иргэн санал өгөөд буй. Тэдний 70 орчим хувь нь дэмжсэн.