Монголчууд хэрэг зөрчилгүй шинэ оноо угтлаа
Өчигдөр буюу 2017 оны сүүлийн өдөр, шинэ жилийн баярын өдрөөр улс даяар хэв журмын нөхцөл байдал тайван байсан гэдгийг цагдаагийн газраас мэдээлж байна. Баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжин ажиллалаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийг аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
-13-01 ЦАГ ХҮРТЭЛ ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ АЧААЛАЛТАЙ БАЙЛАА-
Хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэв. Өчигдөр өдрийн 13 цаг хүртэл замын нөхцөл байдал сийрэг байсан бол 13 цагаас шөнийн 01 цаг хүртэл замын ачаалал нэмэгдэж, замын цагдаа нар ачаалал ихтэй ажилласан байна.
-НАР ХАРАХ ИРГЭД ЭЛДЭВ ХЭРЭГ ЗӨРЧИЛ ГАРГАСАНГҮЙ-
Түүнчлэн шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Иймээс өнөөдөр өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорив. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулахаар ажилласан байна.
-ИРГЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГЭР ХАШААНДАА САЛЮТ БУУДУУЛАХ НЬ ЭРС БАГАСЧЭЭ-
Өчигдөр шөнө Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг таван газарт албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулах ажиллагааны үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтад үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулж ажиллажээ. Энэ жилийн хувьд иргэд зөвшөөрөлгүйгээр гэр, хашаандаа салют буудуулах байдал эрс багассан, маш цөөхөн байсан гэдгийг албаныхан хэлж байна.
-ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС ЗӨВЛӨЖ БАЙНА-
Өнөөдөр мөн амралтын өдөр. Амралтын өдөр агаар салхинд гарахаар иргэд замын хөдөлгөөнд ихээр оролцож байна. Иргэд та замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна. Энэ өдөр гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг #102 болон албаны #93021124 дугаарын утсуудаар хүлээн авч байна.
Эх сурвалж: Мэдээ.мн
|