Гадаад паспортын хугацааг сунгахгүй
2018 оны төсөвт 300,000 үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн санхүүжилт суугдсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндэсний энгийн гадаад паспортын 116,000 бэлдэцийн нөөц байгаа тул гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг зогсоосон ч 2018 онд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг хэвийн үзүүлэх боломжтой аж.
Иймд ОӨУБЕГ-ын даргын тушаалаар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэл хөтлөх үйлчилгээг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын хугацаа нь дууссан тохиолдолд сунгуулахгүй, дахин шинээр авах аж. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тус газар нь 336,550 гадаадад зорчих эрхийн бүртгэлийг хөтөлсөн буюу 237,770 иргэнд шинээр гадаад паспорт олгож, 98,780 иргэнд гадаад паспортын хугацааны сунгалтын үйлчилгээг үзүүлжээ.