Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаарлалт хийсэн нефть импортлогч ААН-үүдийг шалгаж байна

2018 оны 1 сарын 02

Холбоотой Зураг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д хэрэглэгчдээс ирүүлсэн “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн дагуу агентлагийн даргын 2017 оны 1/19 дугаартай удирдамжаар шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт /тандалт, судалгаа/-ын ажил хийгдэж байна.

Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтандаа хязгаарлалт хийсэн байдалтай байна. 
Тухайлбал, “Тэс пэтролиум” ХХК-ийн хувьд нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 салбар /ШТС/-тай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26-н салбараас Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг 6-н салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийсэн байдалтай байна.

“Сод монгол” ХХК-ийн хувьд “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож байна. Түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байна.
“Магнай трейд” ХХК 92-р шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна. Манай хяналт шалгалтын бүрэлдэхүүн газар дээр танилцсны дараа дизель түлш болон бензинийг хэвийн худалдаалж эхэллээ. 8-р шатахуун түгээх станц 20.000-30.000 төгрөгийн үнийн дүнгээр хязгаарлалт хийж, дизель түлшийг худалдаалж байна. Тухайн салбар 10,000 тонн дизелийн түлшний нөөцтэй гэсэн мэдээллийг бидэнд өгсөн болно.14 дүгээр шатахуун түгээх станц дизель түлшийг худалдаалахгүй. Гэрээт байгууллагуудадаа “МТ” карт болон талоноор дизель түлш нийлүүлж байгаа” гэсэн тайлбар, тодруулга өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын газраас тогтмол нэгтгэн гаргаж тус агентлагт ирүүлдэг. Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 1470, А-92 автобензин 1630, дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус жижиглэнгийн үнээр борлогдож байна.
“Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын зарим авто бензин болон дизель түлшний борлуулалтадаа хязгаарлалт хийсэн үйлдлийг нарийвчлан шалгах ажил үргэлжлэн явагдаж байна.

Хэрэглэгч олон нийтэд хандаж газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн мэдээллээр нөөц, нийлүүлэлт хэвийн хэмжээнд байгаа, хяналт шалгалтаар “Петровис” ХХК, “Шунхлай” ХХК-иуд зэрэг томоохон аж ахуй эрхлэгчид ямар нэг хязгаарлалт хийгээгүй үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байх тул их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, тайван байж, сонголтоо зөв хийхийг мэдэгдэж байна.
“Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иуд нь “хязгаарлалтыг бүх салбар нэгжээр биш, цөөн тооны салбаруудаар хийсэн” гэсэн мэдээллийг өгч байгаа ч газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн хэмжээ шаардлагатай түвшинд байгаа үед аж ахуй нэгжүүд өөрийн дураар “хязгаарлалт” хийсэн үйлдлийн үндэслэл, шалтгааныг хуульд нийцэж байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх болно.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016.08.03-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” байгуулагдан ажилладаг. Энэхүү зөвлөлөөс цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг ба 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар хуралдаанаар “газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах” талаар зөвлөмж гаргасан байдаг.

Энэхүү зөвлөлөөр асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй байхад аж ахуй эрхлэгчид дур мэдэн борлуулалтаа хязгаарлаж байгаа нь тухайн асуудалд ул суурьтай хандаагүй гэж үзэхэд хүргэж байна. Манай байгууллагын зүгээс ч эдийн засгийн хямралыг даван туулах, эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар холбогдох төрийн байгууллагууд, аж ахуй эрхлэгчид зөвлөмж өгч байгаа болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51762
0 эможи
keyboard_arrow_up