ШАТАХУУНД хязгаарлалт тогтоосон аж ахуйн нэгжээр ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөв
Нефть импортлогч “Магнай трейд” , “Сод Монгол”, “Тэс Петролиум” компани шатахууны жижиглэнгийн борлуулалтанд хязгаар тогтоосноос автомашинтай иргэд АИ-92 автобензин болон дизель түлшийг их хэмжээгээр худалдан авч нөөцөлж байсан нь саяхан. Энэхүү үйлдлийн улмаас ШӨХТГ-аас шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн “Магнай трейд” , “Сод Монгол”, “Тэс Петролиум” компанид шалгалт хийж хязгаарлалт хийсэн үндэслэлийг тогтоон зохих хариуцлагыг тооцохоор болжээ. Тодруулбал, “Тэс Петролиум” компанийн шатахуун түгээх станцууд АИ-92 автобензин болон дизель түлшийг 30 мянга, “Магнай трейд” , “Сод Монгол”, компаниуд 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнгээр борлуулалт хийхгүй хэмээн хязгаар тогтоосон байсан юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд А-80 автобензин 61,АИ-92 автобензин 46, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байгаа учир шатахууны хомсдолд орно гэж эмээх шаардлагагүйг ШӨХТГ-аас мэдэгдэж байна. Мөн жижиглэнгийн борлуулалтад хязгаарлалт тогтоогоогүй аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхийг жолооч нарт зөвлөлөө.
Эх сурвалж: Монголын үнэн
|