ТЭНХЛЭГ ЗУУЧ: 2017 онд 40-80 м.кв талбайтай орон сууцны эрэлт өндөр байв
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 80 мянга орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 33 мянган айлын шинэ орон сууцанд захиалга авч байна. Үүнээс 26 мянган өрхийн орон сууц нь ашиглалтад орсон болохыг "Тэнхлэг зууч" компани мэдээллээ.
Монгол улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт” гэж үзэж ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан. Харин 2018 онд Засгийн газраас 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл нийт 300 тэрбум төгрөгөөр 4,400 гаруй өрхийн хүсэлтийг шийдвэрлэхээр тооцоолсон байна. Мөн "Одоогоор ямар журмаар хэрхэн олгох нь тодорхойгүй байгаа ч ирэх жилүүдэд урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй мөн залуу гэр бүл, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримтална. Ипотекийн зээл илүү боломжит хувилбараар үргэлжилнэ" гэдгийг Барилга хот байгуулалтын яам мэдээлсэн юм. Түүнчлэн хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна.
Харин "Тэнхлэг зууч" компанийн мэдээлснээр өнгөрсөн 11 дүгээр сард орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 нэгж болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.1 хувиар өссөн. Шинэ орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь дунджаар гурван сая гаруй төгрөг байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 1.6 сая төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм. Мөн энэ оны хувьд дундаж буюу 40-80 метр квадрат талбайтай орон сууцны эрэлт өндөр байгааг "Тэнхлэг зууч" ХХК онцоллоо.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|